Фото: Peter Andrews / Reuters
Иракийн дайны хохирогчдын тоо хагас сая орчим хүн болсон гэх тооцоог Америк, Канад, Ирак эрдэмтэд хамтарсан судалгааныхаа эцэст дүгнэжээ. Олон улсын эрдэмтдийн хамтарсан судалгааг “PLOS Medicine” сэтгүүлд нийтэлсэн байна.
Эрдэмтэд 2011 оны зургадугаар сард Иракийн 2000 гэр бүлээс авсан аман асуулга судалгаандаа үндэслэн өөрсдийн дүгнэлтийг хийсэн аж. Судалгаанд хамрагдсан гэр бүлүүдийг ямар нэгэн шилэн сонголтгүйгээр Иракийн бүх мужуудийг хамруулан оролцуулсан байв. Тэднээс дайны өмнөх 2001 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны зургадугаар сар хүртэлх 10 жилийн хугацаанд хамаатан садан дунд нь амь үрэгдсэн хүн хэд байгаа талаар асуужээ.
Үүний үр дүнд Иракийн нутаг дэвсгэрт ойролцоогоор 405 мянган хүн, өөр орны 55 мянган дүрвэгч дайны хохирогч болсон гэх дүгнэлт гарсан байна. Мөн дайны үеийн 2003 оны гуравдугаар сараас 2011 оны зургадугаар сар хүртэл Ирак дахь үхлийн тоо 1000 хүн тутамд 4,55 болсон нь дайны өмнөх үеийнхээс 50 гаруй хувиар нэмэгджээ.
Амь үрэгдэгсдийн шалтгааны 60 хувь нь хүчирхийллийн шалтгаантай бөгөөд бусад нь дайнтай хамааралтай шалгаантай. Тухайлбал, эвдэрч сүйрсэн дэд бүтцээс болж эмнэлэгт хүрч чадаагүй эсвэл эмнэлэг дүүрсэн байснаас амь үрэгдэх гэх мэт.
Өмнө нийтлэгдсэн материалууд Иракийн дайны хохирогчдын цар хүрээг гаргахдаа арай дутуу үнэлсэн байсан юм. Тухайлбал, Британийн “Iraq Body Count” байгууллага хүчирхийллийн улмаас үрэгдэгсдийн тоог 110 мянга гаруй гэсэн байв. Харин “Opinion Research Business” (ORB) агентлаг 2008 онд 1720 хүнээс асуулга аваад сая орчим хүн дайнд хохирсон гэж дүгнэжээ.