Шатарчид олон улсын тэмцээнд оролцоно | News.MN

Шатарчид олон улсын тэмцээнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Шатарчид олон улсын тэмцээнд оролцоно

Индонези улсад болж байгаа шатрын олон улсын нээлттэй тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Манай улсаас уг тэмцээнд дөрвөн шатарчин оролцов. Тэднээс есөн өргийн дараахь байдлаар хамгийн өндөр амжилтыг их мастер Ц.Батчулуун үзүүлээд байна. Түүний хувьд зургаан оноотой 19 дүгээр жагсч байгаа бол их мастер Б.Гүндаваа 24 дүгээр байрт эрэмбэтэй байна. Олон улсын мастер Г.Мөнхгал тав, их мастер Т.Батчимэг дөрөв, ФИДЕ мастер С.Билгүүн 3.5 оноотой болов. Өнөөдөр тус тэмцээний арав дахь өрөг эхэлнэ. Манай шатарчид үүний дараа Филиппиний Манилад Азийн хотуудын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм. Үүнээс гадна олон улсын мастер А.Энхтуул “Spice open” тэмцээнд оролцож байгаа бөгөөд эхний өрөгтөө ОХУ-ын их мастертай тэнцжээ.

Ахмадууд спортоор өрсөлдөв

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын олон төрөлтийн тэмцээн өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнийг ажлын байрны дасгал, хийн дасгал, нийтийн бүжиг, хөлбөмбөг, гольфийн төрлөөр зохион байгуулсан юм. Ахмадын Биеийн тамир, чийрэгжилтийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Биеийн тамир, спортоор-Бид бахархдаг” уриан дор болсон уг тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн 700 гаруй ахмад тамирчин оролцов. Хөлбөмбөгийн тэмцээнд “Сэлэнгэ Зүүнхараа”, “Хаан хүнс” багууд тэргүүлсэн. Харин гранд гольфоор Баянзүрх дүүрэг, хийн дасгалд Сүхбаатар дүүргийн Х хорооны “Жавхаа” баг, ажлын байрны дасгалд Чингэлтэй дүүргийн “Цоглог”, Баянгол дүүргийн “Од” баг тус тус алтан медалийн эзэн болжээ. Тэгвэл нийтийн бүжгийн тэмцээнд “Од” багийн Ю.Алтангэрэл, Г.Гэрэлмаа нар түрүүлэв. Эхний гурван байрт шалгарсан баг, тамирчдыг Спортын бэлтгэлийн төвөөс алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнажээ.

Спортын аргазүйчдийг сургалтад хамруулна

Спортын бэлтгэлийн төвөөс хүн амын бие бялдар, чийрэгжилтийн төвшин тогтоох сорилын хүрээнд сургалт семинарыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаа нийслэлийн есөн дүүргийн биеийн тамирын арга зүйчдийн дунд ээлжит сургалтаа явуулах гэж байна. Гурван хоног үргэлжлэх уг сургалтын эхний өдөр буюу энэ сарын 24-нд Сүхбаатар, Чингэлтэй, Багахангай, 25-нд Баянзүрх, Хан-Уул, Налайх, 26-нд Сонгинохайрхан, Баянгол, Налайх, Багануур дүүргийн арга зүйчдийг нэгдсэн сургалтад хамруулна. Үүнээс гадна энэ сарын 28-30-нд Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарыг сургалт явуулна. ЕБС-иуд маань 12 жилтэй болсонтой холбогдуулан 6-8 насны хүүхдийн сорилын бие бялдар, чийрэгжилтийн төвшин тогтоох сорилд өөрчлөлт орсон байгаа. Үүнийг багш нарт танилцуулах юм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж