Хариуцлагагүй сайд нараа огцруул гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Хариуцлагагүй сайд нараа огцруул гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа ч ажил унагасан, хариуцлагагүй сайд нарт хариуцлага тооцох ёстой гэдэг ширүүхэн санал шүүмжлэлээр өрнөж эхэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан хариуцлагын асуудлыг цөөнхөөс бус олонхиос хайх цаг болсон гэлээ. Ингэхдээ “Ажлын хариуцлага алдсан нэг, хоёр сайдаа огцруул, зодоон, нүдээн хийдэг дэд сайдтайгаа хариуцлага ярь. Тэр цагт хариуцлага жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Энэ нэг жилийн хугацаанд бүх шатанд хариуцлага алдагдлаа. Орон нутагт сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээ томилж чадахгүй байна. Бүх эрх мэдэл босоо тогтолцоо нэрийн дор дээрээ төвлөрч байна. Татварыг хүртэл дээш нь татаж төвлөрүүлэх боллоо. Орон нутагт муур, нохойны татварыг үлдээгээд бусад бүх төрлийн татварыг дээш нь татаж байна” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг огцруулах ёстой” гэх санал гаргасан бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар байнгын хорооны даргын албаа өгсөн ч болж байна” гэх утгатай үг хэлээд авдаа.

Түүнчлэн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Засгийн газар хариуцлагагүй ажилласан. Наадмын дараанаас эхлээд сайдууд хөдөө гадаагүй тэнэж баярласан. Түүний гор одоо гарч байна. Тэр тусмаа Ерөнхий сайдад хандаж хэлэхэд нүүрс ярьдагаа болих хэрэгтэй. Нүүрс чинь хорооны хэсгийн дарга хийдэг ажил. Би ч байнгын хорооны даргаасаа огцорход бэлэн байна” хэмээн бухимдаад авлаа.

Дээрх байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлэхээс өмнө УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал 2013 оны төсвийг хөөстэй батлахад УИХ өөрөө гол үүрэг хүлээсэн. Тэр тусмаа УИХ дахь олонхийн бүлэг буруутай, 2013 оны нэгдсэн төсвийг батлахад эсрэг санал өгч байсан ч УИХ-ын гишүүнээс татгалзахад бэлэн байна” гэх байр суурийг мөн илэрхийлсэн юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж