Зоя Голубева: Миний хувьд одоо болсон

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Зоя Голубева: Миний хувьд одоо болсон

Оюуны спорт сонирхогчдын анхаарлын төвд байсан 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Дэлхийн аварга цолтой гурван даамчин тэргүүтэй 10 орны шилдэг 16 тамирчин 15 хоногийн турш оюун ухаанаа сорив. Эхнээсээ л өрсөлдөөнтэй байсан уг тэмцээн өндөрлөхөд дэлхийн 12 удаагийн аварга, Латвийн их мастер Зоя Голубева дахин нэг түрүү авлаа. Ингэснээр дэлхийн аваргад 13 удаа түрүүлж даамын спортын түүхэнд нэрээ мөнхөлж байна. Тэгвэл Украины их мастер Дарья Ткаченко мөнгөн медаль хүртсэн. Түүний хувьд Монгол орноос алт, мөнгө, хүрэл медальтай нутаг буцаж байна. Дэлхийн аварга цолоо хамгаалах ганцхан зорилготой ирсэн 20 настай дэлхийн таван удаагийн аварга Тамара Тансыккужина хүрэл медаль дээр буув. Тэрээр өөрийн тоглолт болон үзүүлсэн амжилтдаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. 38 дахь удаагийн ДАШТ сонин хачин ихтэй байлаа. Домогт Голубеваг 15-хан настай залуу даамчин М.Одгэрэл хожиж түүнийг болон оюуны спорт сонирхогчдыг шоконд оруулсан. Хятад, Монголын төлөөлөл энэ удаа Азийн даамчид тийм ч хялбар хоол биш гэдгийг даамын спорт өндөр хөгжсөн орны тамирчдад харуулав. Нэг ёсондоо Азиуд шалгалтаа сайн өглөө. Манай тамирчид 12-15 дугаар байрт шалгарсан. Хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн их мастер Э.Мандахнаран тэмцээний эхлэлийг сайн хийсэн ч төгсгөл нь тааруу байлаа. Харин их мастер М.Нямжаргалын хувьд өөрийнхөө хамгийн муу тоглолтыг энэ тэмцээнд үзүүлэв. Тэмцээний наймдугаар тойрог хүртэл ганцаараа тэргүүлж байсан Украины их мастер Виктория Мотричко сүүлийн хэдэн өрөгт тун тааруу тоглолт үзүүлж, эцэстээ медалийн гадна хоцорч дөрөвдүгээр байр эзлэв. Түүнийг энэ жилийн дэлхийн аварга болно. Эсвэл хоосон буцахгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байсан ч талаар өнгөрлөө. Өндөр зэрэглэлийн тэмцээнийг сайн зохион байгуулсан гэж Монголын даамын холбоо том үнэлгээ авсан. Тэгэхээр магадгүй 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг манай улсад өгч мэдэх юм.

Зоя Голубева: Миний хувьд одоо болсон


Тэмцээнд оролцсон шилдгүүдтэй цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө баяр хүргэе. 13 дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртлээ?

-Баярлалаа. Тэмцээн өрсөлдөөнтэй, маш сайхан болж өндөрлөлөө. Залуу даамчид бэлтгэл сайтай байгаа нь харагдсан. Би зөвхөн тэргүүн байрын төлөө л өрсөлдөх зорилготой ирсэн. Эхний хэдэн өрөгт миний бие тавгүй байсан учраас үндсэн тоглолтоо гаргаж чадаагүй. Гэхдээ тэргүүлэгчдээс оноогоор хоцрохгүйг хичээж байлаа. Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын даамын холбоонд талархал илэрхийлье.

-Хамгийн хүнд өргийг нэрлэ гэвэл?

-Мэдээж миний хожигдол. Монголын даамчинд хожигдоно гэж үнэхээр бодоогүй. Түүнийг дутуу үнэлж байсандаа харамссан. М.Одгэрэлд яаж хожигдсоноо би хэзээ ч мартахгүй. Үргэлж санаж явах болно. Хожигдсоны дараа надад маш хэцүү байсан. Тамарад хожигдсон бол арай өөр хэрэг л дээ.

-Манай даамчдын ур чадварын тал дээр юу хэлэх вэ?

-Авьяастай л гэж хэлье дээ. Гэхдээ комбинац зохиох чадвар алга. Бас туршлага дутуу байна. Сэтгэлзүйн тал дээр ч мөн адил. Даамын спорт өндөр хөгжсөн орнуудын тамирчидтай туршлага солилцож, аль болох олон тэмцээнд оролцсон танай даамчдад ирээдүй байна.

-Монгол оронтой танилцаж амжив уу?

-Надад үнэхээр их таалагдсан. Би Монголд дахин ирнэ гэдэгтээ итгэлтэй байна.

-Дараа нь ямар тэмцээнд оролцох вэ?

-Сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ өөрийгөө дахин тэмцээнд орно гэдэгт итгэлтэй биш байна. Яагаад гэвэл би өөрийгөө гэхээс илүүтэй залгамж халаагаа бэлтгэхэд илүү анхаарал хандуулна. Миний хувьд одоо болсон гэж бодож байна. Гэртээ харьж байгаад л шийдвэрээ гаргана даа.

Тамара Тансыккужина: Би сэтгэл дундуур байна


-Хүрэл медаль хүртлээ. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Тийм ээ, би хүрэл медалийн эзэн болсон. Хоосон буцсанаас дээр амжилт. Гэхдээ би сэтгэл дундуур байна.

-Яагаад тэр вэ. Та сайн тоглосон шүү дээ?

-Өөрийнхөө тоглолтод болон үзүүлсэн амжилтдаа сэтгэл хангалуун биш байна. Би өөрийгөө түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан. Тийм ч учраас ганц л зорилготой ирсэн. Харамсалтай нь чадсангүй.

-Амжилтад тань юу нөлөөлөв?

-Сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ анхаарал маш их сарнисан. Бас шөнө сайн унтаж чадахгүй байсан нь нөлөөлсөн байж болох талтай.

-Тэмцээний зохион байгуулалтын талаар юу хэлэх вэ?

-Маш сайхан болсон гэж бодож байна. Би хувьдаа сэтгэл хангалуун байгаа.

-Та хэр бухимддаг вэ?

-Бухимдал миний сул тал. Би хожигдсон үедээ маш их бухимдаж, цухалддаг. Магадгүй үүнээс болж хүссэн амжилтаа үзүүлээгүй байж болох юм. Гэхдээ нэгэнт тэмцээн дууссан болохоор энэ тухай яриад яах вэ. Дараагийн тэмцээнд алдаагүй тоглоход болно.

Спортын дэд мастер М.Одгэрэл: Би энэ тэмцээнийг мартахгүй ээ


-Дэлхийн 12 удаагийн аваргыг буулган авч түүхэн амжилт үзүүллээ. Энэхүү тоглолтод хэрхэн тоглосон бэ?

-13 дахь өрөгт тэмцээнийг хожигдолгүй тэргүүлж явсан Зоя Голубеватай тоглосон. Эхлэл нь өмнөх тоглолтуудтай адилхан. 28 дахь нүүдэл дээрээ комбинац /цохилт/ хийж боломжийг өөртөө авсан. Миний хувьд даам гараад ирсэн болохоор Зоя Голубевад хүнд болж ирсэн байх. Энэ үед түүний цаг 58 минут, минийх 38 минут байсан. Тэрээр энэ нүүдлийн дараа хүнд байдалд орж эмчийн тусламж авч тоглолтыг үргэлжлүүлсэн. Голубева дахин ширээний ард суухдаа маш их бухимдаж байгаа нь анзаарагдсан. Тэр цагаа хоёр минут хүртэл нь тоглосон. Гэсэн ч миний байрлал ашигтай байсан болохоор түүнд боломж олдоогүй.

-Анх удаа оролцож анхны хожлоо авлаа. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Мэдээж тоглолтын дараа сайхан байсан. Домогт аваргыг буулган авч, анхны хожлоо авсандаа одоо ч итгэж өгөхгүй л байна. Зоя Голубевагийн хувьд 12 дахь өрөгт олон улсын их мастер Э.Мандахнарантай тэнцээд байсан бөгөөд маргааш нь надтай тоглож ялагдсан. Харин тэр сүүлийн хоёр өргөө хожлоор өндөрлүүлж, 13 дахь түрүүгээ хүртлээ. Бас би түүнтэй 13 дахь өрөгт нь таарсан нь их сонин тохиолдол боллоо.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж