Сайдууд “байцаагдаж” байна

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Сайдууд “байцаагдаж” байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 
үргэлжилж байна. Хурлаар үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлгээ үргэлжлүүлж байна. Эл асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил энэ онд ямар байсанд сайд нарыг хариулт өгөхийг хүслээ.

Эрчим хүчний сайд М.Сономпилийн тайлбараар энэ онд Тавдугаар цахилгаан станцын сонгон шалгаруулалт хийгдсэн. Үүнийг дагаж 1.5 тэрбум ам.долларын хувийн хөрөнгө оруулалт тус салбарт орж ирэх боломжтой болсон. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц баригдана. Хөрөнгө оруулалт 900 тэрбум ам.доллараас 1 тэрбум төгрөгийн хооронд яригдаж байгаа гэнэ.

Тэгвэл Зам тээврийн сайд А.Гансүхийн онцолсноор уул уурхайн компаниуд эрдэс баялгаа тээвэрлэхийн тулд авто замд хөрөнгө оруулалт хийж буй аж. Тухайлбал, “Петро чайна”, “Алтайн хүдэр” зэрэг хэд, хэдэн компаниуд 400 орчим км авто зам тавьсан. Хөрөнгө оруулалтыг хараахан тооцоогүй байгаа гэлээ.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатын тайлбараар бол гадаадын шууд хөрөнгө оруулалт одоогоор 1.7-1.8 тэрбум ам.доллар байгаа, өнгөрсөн жил өдийд 4.4 тэрбум ам.доллар байсан. Тиймээс ирэх жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 2 тэрбум ам.доллараар төсөөлж төсөвт суулгасан. Ингэхгүй бол хөрөнгийн бирж дээр хувьцааны ханш сайнгүй байгаа. Хувьцааны ханш өсөөд ирвэл хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлнө гэсэн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж