МАН Их хурлын төлөөлөгчдөө сонгожээ

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

МАН Их хурлын төлөөлөгчдөө сонгожээ

МАН-ын XXVII Их хурал аравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд болно. Хуралд тус намын нийт 200 гаруй мянган гишүүдээс сонгогдсон 1134 төлөөлөгч оролцож, намын тулгамдсан асуудлаа хэлэлцэх юм. Тодруулбал, намын үйл ажиллагааг сайжруулах, үүссэн нөхцөл байдалд нам дайчин шуурхай ажиллах, шинэ өнгө төрхийг тодорхойлох зорилгоор Намын мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулах, түүнчлэн 2021 он хүртэлх монгол хүний хөгжил, Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлон гаргах юм байна.

Өнөөдрийн байдлаар XXVII Их хурлын төлөөлөгчдийг сонгох үйл ажиллагаа бүрэн дууссан бөгөөд XXVII Их хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлуудаар нийт намын хэмжээнд хэлэлцүүлгүүд явж буй юм байна.  Намын дэргэдэх төрийн бус байгууллагын саналыг намаас гаргаж буй бодлогын баримт бичигт тусгах үүнээс хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Тухайлбал,  энэ сарын 9-ний өдөр МАН-ын удирдлагууд намын ахмад гишүүдтэй уулзаж, бодлогын баримт бичигт тусгах саналыг нь авсан бол Нийслэлийн Нийгмийн Ардчилал Эмэгтэйчүүдийн холбооны гишүүд болон МАН-ын XXVII  Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 100 гаруй эмэгтэйчүүдийг оролцуулан "Намын шинэчлэлд эмэгтэйчүүд" сэдэвт хэлэлцүүлгийг 10-ны өдөр  зохион байгуулсан юм. Түүнчлэн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг, Хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгүүдийн хүрээнд “Монгол Ардын намаас баримтлах хөгжлийн бодлого, зорилт-XXVII Их хурал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 8-ны өдөр зохион байгуулсан. Хуралд намын анхан шатны байгууллагууд болон эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулсан бөгөөд мөрийн хөтөлбөр, намын дүрэмд ямар өөрчлөлт оруулахаар тусгаж буй, Монгол Улс хөгжлийн ямар бодлоготой байх юм гэх зэргээр холбогдох ажлын хэсгүүд ажлаа танилцуулж, хэлэлцүүллэг явуулсан  байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж