Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.10.17/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа.

Нэгдсэн төсвийн 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг энэ оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн тооцоход 2013 оны нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал ДНБ-ний -6.8 хувьд хүрэхээр байгаа нь Төсвийн тухай хуулийн 34.1.2 зүйлийн “Урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувиар нэмэгдэх тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их хуралд өргөн мэдүүлнэ” гэсэн заалтын дагуу 2013 оны төсөвт тодотгол хийх нөхцөлийг үүсгэсэн байна.

   Монгол Улсын 2013 он төсвийн тухай хуулийн 3, 5 , 9, 11, 12, 13 дугаар зүйлүүдийг өөрчлөн найруулсантай холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагчдын орлого, зарлагын хэмжээг өөрчлөхөөр төсөлд тусгагджээ.

  Түүнчлэн хуулийн 14 дүгээр зүйлийн “төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт"-ийн хавсралт, 15 дугаар зүйлийн “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын хавсралтад өөрчлөлт оруулахаар тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар үүсч буй төсвийн орлогын тасалдал нөхөгдөж, Төсвийн тухай хуульд заасны дагуу нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүрч хүлээгдэж буй орлого бүрэн төвлөрч, санхүүжилт тасалдахгүйгээр хуваарилагдаж төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа хангагдах юм байна. Ерөнхий сайдын хийсэн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж эхэлсэн.

   УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Монгол Улсын хүн амын 10 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг. 2013 онд Сонгинохайрхан дүүрэгт томоохон ажлууд хийгдсэн. Гэсэн хэдий ч шинээр сургууль, цэцэрлэг барих ажил хийгдсэнгүй. Энэ дүүрэгт цэцэрлэг шаардлагатай 10 мянган хүүхэд бий. Тэднийг сургуулийн өмнөх боловсролд хамруулья гэвэл 100 цэцэрлэг шаардлагатай. Гэтэл дөрвөн цэцэрлэг барихаар төсөвт суулгасан ч ажил нь хийгдсэнгүй. Үүнийг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс тодруулмаар байна гэлээ.

  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хариулснаар, баригдах гэж буй обьектын зураг төсөв хийгдээгүй, газар чөлөөлөх асуудлыг зохицуулаагүйгээс болоод нийслэлд хэд хэдэн обьектын хөрөнгө оруулалт хийгдээгүй юм байна.

  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Төсвийн орлого тасарсан шалтгааныг эдийн засгийн өсөлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурсан, импортын бууралт, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудал шийдэгдээгүйтэй холбон тайлбарлаж байна. Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой зүйл ч байгаа. Энэ талаар ямар тайлбар хийх вэ. 2011, 2012, 2013 он дамжсан ч баригдаж дуусаагүй олон обьект байгаа юм байна. Ийм обьект хэд байгаа вэ. Тэдгээрийн хэд нь эмнэлэг, сургууль вэ. Цаашид эдгээрийг ямар эх үүсвэрээр барьж дуусгах вэ. Эрүүл мэндийн сайдын багцад 34 тэрбумыг тусгасан байсан ч эмнэлгийн тоног төхөөрөмж авах энэ мөнгө 12 тэрбум төгрөг болж буурчээ. Тусгагдсан мөнгөөр юунаас болоод тоног төхөөрөмж авч чадаагүй юм бэ гэж лавласан.

   Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төсвийн орлого тасарсан шалтгаануудыг гишүүн сая дурдлаа. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан нь нөлөөлсөн. Энэ жил 37 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч 20-иод тонныг гаргана гэж тооцож байгаа. Нүүрсний үнэ буурснаас орлого буураад байгаа хэрэг. Үүнийг бодтой байдлаар харах ёстой. Импорт багассан. 2010, 2011, 2012 онд Оюутолгойн импорт зонхилсон. Бид ч энэ түвшингээрээ аваад төсөвлөчихсөн хэрэг. Гэтэл энэ үзүүлэлт 2013 онд буурсан. Эдгээр нөхцөл байдлаас болоод орлого бодитойгоор буурсан. Тийм учир хэрэггүй зардлаа хасья, тэвчье гэж тодотголд тусгаад орж ирлээ хэмээн хариулсан юм.

   Эрүүл мэндийн сайд Н.Удвал, 2013 онд Эрүүл мэндийн сайдын багцад 77.9 тэрбум төгрөг төсөвлөснөөс тодотголоор 39 тэрбум төгрөгийг хойшлуулсан. Эмнэлгийн тоног төхөөрөмж авах 3-4 тендерийг шалгаруулах явцад тодорхой хуулийн заалтыг зөрчигдсөнийг тогтоосон. Тиймээс тендерийг хойшлуулан дахин зарлахаар шийдвэрлэсэн. Үүнээс болоод арга хэмжээ хойшлогдож байна гэж тодотгосон юм. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлснээр, Ерөнхий сайдын багцад 50 тэрбум төгрөг төсөвлөснөөс 30 гаруй тэрбумыг аймгуудад оношлогооны төв байгуулахад зарцуулахаар шийдсэн бөгөөд ингэснээр орон нутгаас төв рүү чиглэсэн урсгалыг багасгаж, орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээ сайжирна гэж үзэж байгаа юм байна..

   УИХ-ын гишүүн Ж.Батзандан, нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтгүйгээс болоод зогссон хэчнээн төсөл арга хэмжээ байгааг тодруулж байлаа. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Зураг төсөвгүйгээс болж, тухайн хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдээгүйгээс болж тасалдсан ажлын төсвийг тодотголоор хасаж оруулж ирж байна. Зураг төсөвгүй, газар нь шийдэгдээгүй ийм ажлуудад хөрөнгө төсөвлөхөө болиоч гэж хэлж, анхааруулж байсан. Зураг нь тусдаа тендертэй, гэтэл зургийг газрыг чөлөөлж байж хийдэг. Тэгээд зургийн дагуу тендер зарладаг. Үүнээс болоод хугацаа их алддаг. Нийслэлийн хэмжээнд нийт 15 тэрбум төгрөгийн хасаж болохгүй хөрөнгө оруулалт байгаа юм. Ажил нь хийгдээд явж байгаа. Гэтэл тодотголоор Эдийн засгийн хөгжлийн яамнаас хасаад оруулж ирсэн байна лээ. Гэхдээ үүнийг өөр эх үүсвэрээс санхүүжүүлэх юм байна гэж ойлгож байгаа гэлээ.

  Сангийн сайд Ч.Улаан, Засгийн газрын тогтоолоор 8 сарын 23-наас өмнө тендер зарлагдаагүй, гэрээ нь хийгдээгүй обьектуудыг шалгаад хөрөнгө оруулалтыг нь хойшлуулах шийдвэр гарсан гэж тайлбарлаж байлаа. Асуулт, хариулт үдээс хойшхи хуралдаанаар үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж