Хакердуулсаар байх уу?

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Хакердуулсаар байх уу?

Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн болон гишүүн байсан эрхмүүдтэй уулзаж, төрийн нарийн ширийн асуудал, аюулгүй байдлын талаар ярилцсан энэ өдрүүдэд Монголын Батлан хамгаалах салбартай холбоотой мэдээллийг Хятадын дэлхийд алдартай “АРТ1”, “Comment crew” бүлгийнхэн хакердсан талаар АНУ-д төвтэй “Threatconnect” мэдээллийн технологи, аюулгүй байдал сонирхдог мэргэжилтнүүдээс бүрдсэн байгууллага мэдээлэв. Гэхдээ тэд огтоос ор үндэслэлгүй мэдээлэл цацсангүй. Хакердсан мэдээллүүд дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн мэдээлэл, Монгол Улс-АНУ-ын хамтарсан “Хааны эрэлд-2014” сургуулилт, Вьетнамын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газраас Монгол Улсаас БНВУ-д суугаа Элчин сайдад хүргүүлсэн мэдээлэл зэргийг хакердсаныг дэлгэн тавьжээ. “Threatconnect”-ийнхний үзэж байгаагаар өмнөд хөршийнхөн маань бидний гадаад харилцаа, гуравдагч хөршийн талаар баримталж буй бодлогыг голлон тандсан бололтой. Асуудал сөхөгдөж эхэлмэгч Монгол харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг Кибер аюулгүй байдлын газарт ТЕГ-аас хандсан байна. Харин тус газраас асуудлыг бүрэн хяналтанд байгааг мэдэгдэж, улсын нууцын зэрэглэлийн мэдээ, мэдээлэл алдагдаагүйг онцолсон талаар баттай эх сурвалж мэдээлж байна.  Гэхдээ өмнөд хөршийнхөн довтолсон нь тодорхой боллоо гэсэн үг. Харин манайд үүнээс урьдчилан сэргийлэх орчин нь бүрдээгүйг мэргэжлийн хүмүүс нуусангүй.

Магадгүй энэ талаар ч Аюулгүй байдлын зөвлөлийн одоогийн болон өмнөх гишүүд нухацтай ярьсан байхыг үгүйсгэхгүй. Ерөнхий сайд асан С.Баярын өгсөн ярилцлагаас үзвэл улсын нууц олон асуудлыг хөндөж ярилцжээ. Хакерчид вирусны программ ашиглан удирдлагатай холбогдож мэдээлэл дамжуулж, түүгээр зогсохгүй дахин үүрэг даалгавар аваад байдаг тухай ч  “Threatconnect”-ийнхэн мэдээлсэн байх юм. Харин яг энэ чиглэлээр судалдаг, туршлагатай хүн цөөхөн. Туршлагатай хүмүүс нь гадаадад гарчихсан талаар системийн инженер судлаач С.Дөлмандах хэлсэн байна.

Тэгвэл Монголын мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, түүний аюулгүй байдал ямаршуухан билээ гэх асуулт анхаарал татна.

Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үүрэн холбооны операторууд, интернэт сүлжээний компаниуд ямаршуухан байгааг эхлээд ярих хэрэг гарна. Хамгийн олон хэрэглэгчидтэй гэдэг “Мобиком”-оос эхлэх нь зүйтэй. Тус компанийн дамжуулалт, холболтын зарим хэсэг БНХАУ-ын “HUAWEI” компанийн төхөөрөмж дээр суурилсан байна. “Huawei”-г  үндэслэгч нь Хятадын ардын армийн инженер байдаг талаар мэдээлдэг. Тэгвэл энэ компанийн тоног төхөөрөмжийг Герман боловсролын болон шинжлэх ухааны байгууллагуудын сүлжээ болох Deutsches Forschungsnetz хэмээх сүлжээндээ ашиглахыг хорьсон байна.  Дээр нь БНХАУ-ын төрийн 51 хувийн оролцоотой гэгддэг  “ZTE” компанийн тоног төхөөрөмжийг ч мөн ашигладаг. Энэхүү компанийн удирдлагуудад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэчихсэн шалгаж байгаа.

Харин “Скайтел”-ийн хувьд хэрэглэгчдийн холболтын станц “ZTE” компанийн төхөөрөмж дээр суурилсан. “Юнител”-ийн холболт, дамжуулалтын хэсгийн багагүй хувь нь  “HUAWEI” компанийн төхөөрөмж, “G-mobile”-ийн сүлжээ бас л “ZTE” компанийн төхөөрөмж дээр суурилдаг гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өгч байна. Монголын цахилгаан холбоо компани ч мөн л дээрх хоёр компанийн төхөөрөмжүүдээр үйл ажиллагаа явуулдаг юмсан.

Тэгвэл энэ компаниудын талаар таагүй мэдээлэл олон. “ZTE” компани гэхэд л Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран гээд хөгжиж буй орнуудад тагнаж туршсан хэрэгт холбогдож байжээ. Тэгвэл Энэтхэг, Норвеги зэрэг орнууд “ZTE”-ийн төхөөрөмжөөр дамжуулан яриаг замаас нь тагнадаг гэж хориглож ч байж. Тэгвэл яг жилийн өмнө тус компанийн талаар нэгэн ноцтой мэдээллийг АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хорооноос зарласан. Тэр нь   БНХАУ-ын цахилгаан холбооны “Huawei” болон “ZTE” хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна . Тус хорооноос энэхүү асуудлыг жил шахам судалж гаргасан тайландаа эдгээд компаниудыг цаанаас нь Хятадын Засгийн газар удирддаг бөгөөд үүгээрээ дамжуулж өөр улсуудыг чагнаж, тагнадаг талаар шүү дээ.

Дээр нь дэлхийг хавтгай болгож буй интернэтийн үйлчилгээг Монголд үзүүлж буй “Railcom”, “Skynet”, “Mobinet”, “Majicnet”, “Citinet”,  “Micom” компаниуд ч ялгаагүй БНХАУ-ын “ZTE”, “HUAWEI” компанийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглаж байна. “ZTE” компани гадаадад тоног төхөөрөмжиндөө чип суулгаж тагнах үйл ажиллагаа явуулж байгаад баригдсан талаар бид дээр дурдсан. Тиймээс ч хориглож байж. Харин манайд энэ компанийн төнөг төхөөрөмжүүд мэдээлэл, холбооны, аюулгүй байдлын бүхий л чиглэлд давамгайлж байна.

Нөгөөтэйгүүр хакерчдын довтолгооны чиг хандлага ч өөрчилөгдсөн талаар мэргэжлийн хүмүүс хэлж байна. Ингэхдээ мэдэгдэлгүй вирус суулгаад, вирусны эсрэг программыг нь нууцаар унтрааж дуртай мэдээллээ авдаг болсон гэнэ. Энгийнээр хэлбэл, тухайн хүнд эсвэл сүлжээний вирусыг илрүүлэгчийг унтраачихсан учраас юу ч мэдэгдэхгүй гэсэн үг. Өмнөд хөршөөсөө гар утсаас эхлээд компьютер, ер нь бүхнийг зөөдөг манайханд тэр тоолонгоороо мэдээллийн аюулгүй байдал алдагдах маш өндөр магадлал байна аа. Харин түүгээр мэргэшсэн, туршлагатай инженерүүд хуруу дарам цөөхөн төдийгүй, цалин мөнгө тааруу болон бусад шалтгаанаар гадаадад гарчээ.

Энэ бүхнийг зохицуулах ёстой мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах хууль эрх зүйн орчин нь ч манайд бүрдээгүй байна.

Одоогоос хоёр жилийн өмнө улсын нууц задруулсан хэргээр хоригдож байсан УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайханд эрүү үүсгэн ял оноож байлаа. Айлчлалын хөтөлбөрийг задруулсных нь төлөө түүнийг ялласан. Гэтэл түүнээс ч чухал мэдээллийг манай сүлжээнд нэвтрээд авчихаж байна. Манай төрийн сүлжээнд ашигладаг “gov.org”-ийг Кибер аюулгүй байдлын газар хамгаалж, хяналтандаа байлгадаг ч төрийн бүх байгууллага энэ сүлжээнд холбогдоогүй байна. Тэгэхээр тэр тоолонгоор халдлагад өртөх магадлалтай гэсэн үг. Дэлхий нийт анхаарлаа хандуулж, цахим ертөнцөөр дайтаж, тагнаж, чагнадаг болсон энэ үед аюулгүй байдал алдагдах хамгийн өндөр магадлал мэдээлэл, холбооны аюулгүй байдал болжээ. Гэтэл гадаадад хамгийн их тагнаж чагнах үйл ажиллагаа явуулсан гэгддэг БНХАУ-ын “ZTE”-ийн тоног төхөөрөмжийг харилцаа, холбооныхоо салбарт хэрэглэж байна. Ард нь БНХАУ-ын Засгийн газрын тусгай ажилтнууд байдаг гэгддэг энэ компаниар дамжуулан тусгай албаныхантай нь холбоотой гээд байгаа “АРТ1”, “Comment crew” бүлгийнхэн хакердсан бол яах вэ. Бид ийм халдлагуудын талаар гаднаас мэдээлэл авч, тэд мэдээлэхгүй бол юу ч мэдэхгүй өнгөрсөөр л байх уу?!

Л.НАРАНТӨГС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж