“Жараахай”-нууд мөнгөө тарааж л байг

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

“Жараахай”-нууд мөнгөө тарааж л байг

Сонгуулиар мөнгө тараасан гэх бас нэг хэргийн шүүх хурал өчигдөр хойшлов. Энэхүү шүүх хурал өмнө нь наймдугаар сарын 8-нд болох байсан ч бас хойшилж байсан. Энэ удаагийн “хойшлолт” ирэх даваа гариг хүртэл. УИХ-ын гишүүн Баянсэлэнгэ нарын хүмүүс энэ хэрэгт холбоотой гэсэн яриа тархаж байсан ч яг албан ёсоор бол Монголын ардын намын хувьсгалт намаас нэр дэвшигч Н.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, Монгол ардын намаас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, түүний менежер Ч.Батманлай нарыг шүүх ёстой. Өнгөрсөн жил болсон орон нутгийн сонгуулиар тэднийг иргэдийг саналыг худалдан авахын тулд мөнгө тараасан гэж буруутгаж байгаа юм.

Хэдийгээр шүүх хурал хойшилсон ч гэсэн энэ удаад мөн л зөвхөн гардаж мөнгө тараасан гэх хүмүүсийг л торгоод өнгөрөөнө гэж “төлөгчид” таамаглаж буй. Магад ч үгүй юм. Авлигатай тэмцэх газрыг “акулууд”-ыг нь барьж чадахгүй, “жараахайнууд”-ыг шүүрдэж байна гэж шүүмжилдэг байсан шиг сонгуулиар мөнгө тараасан гэх аль ч хэрэгт ердөө л мөнгө тарааж явсан хүнийг ёс төдий шийтгэх төдийгөөр өнгөрсөөр байгаа юм чинь. Чингэлтэй дүүргийн ИХТ-ийг сонгох нөхөн сонгуулийн мөнгө тараасан гэх эл хэрэгт л гэхэд одоогийн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, одоогийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Содхүү нар оролцсон гэдэг. Тухайн үедээ Монгол ардын намын нэр дэвшигчийн саналыг МАХН хуваах нь ерөнхийдөө тодорхой байсан учраас МАХН-ын нөхдүүд мөнгө авч, МАН-д саналаа өгөөрэй гэж тараалгасан гэх ч энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй аж.

Харин хэргийн яллах дүгнэлтэд гэрч Д.Бадрал: “…Би 9-р хороонд амьдардаг. 2012 оны арваннэгдүгээр сарын 29-ны орой гэртээ ороход Бандка гэдэг залуу орж ирээд маргааш сонгуулиа өгөхдөө МАН-аас нэр дэвшиж байгаа Ц.Бугасүрэнгийн төлөө саналаа өгөөрэй, гэр бүлийнхэнтэйгээ очоорой гэж хэлээд эхнэр Загдсүрэнд 20 мянган төгрөг өгсөн. Энхтөр, Ганболд нарт тус бүр 20 мянган төгрөг өгсөн бйасан. Надад бол мөнгө өгөөгүй. Тэгээд нь маргааш нь сонгууль болоод өнгөрсөн. Бандка Хишигсүрэнгийн /МАХН-аас нэр дэвшсэн/ сурталчилгаанд явж байсан мөртлөө Бугасүрэнгийн /МАН-аас нэр дэвшсэн/ төлөө саналаа өгөөрэй гэхээр нь гайхаж байсан” гэсэн мэдүүлэг өгсөн байх. Гэвч цааш мухарлаж, захиалсан эздийг олж тогтоосон эсэх нь эргэлзээтэй. Одоогийн байдлаар бол мөнөөх л мөнгө тараасан гэж байгаа хүмүүс өөрөөр хэлбэл, гүйцэтгэгчид нь ялаа үүрээд гарах бололтой байна.   
 
Сонгуулиар мөнгө тараасан гэх үзэгдэл үнэндээ бол Монголд жирийн үзэгдэл мэт хавтгайрсан эмгэг болсон. Харин өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө хуульд өөрчлөлт оруулснаараа мөнгө тарааж болохгүй, тараах ахул хүнд ял шийтгэл оноох юм байна гэсэн дохиог өгсөн ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдсэн хэрэг байхгүй. Өнөөдөр ч маргаан дэгдээсэн хэвээр байгаа Увсын гэх хэрэгт гэхэд мөнгө тараасан гэх Я.Баттогтох, Ш.Чинбат нарыг хөдөлмөрийн хөлсийг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгосон. Гэвч үнэндээ бол зөвхөн бусдын даалгавраар мөнгө тараасан ажилтнуудыг л ийн яллаад өнгөрөөсөн болохоос жинхэнэ захиалагчдыг нь “үнсээд” өнгөрсөн гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчид, түүний штаб л мөнгө тарааж, сонгогчдын саналыг будилаантуулсан гэдгийг ямар ч хүн ойлгохтойгоо. Гэвч яг өнөөдрийн байдлаар бол нэр дэвшигчийнхээ даалгавраар мөнгө тараасан хэдэн “хүүхэд” л торгуулийн ял аваад өнгөрөх төдий байна. Нэг кинонд “Биш ээ, эздийг нь олооч…” гэдэг шиг сонгуулиар мөнгө тараасан гэх хэрэгт жинхэнэ “эзэд” нь тодорч гарч ирэхгүй байгаа бус уу? Уг нь сонгуулиар мөнгө тарааж, үнэндээ бол сонгогчдын эрхийг баллуурдаж, мөнгөөр төрийн эрхэнд гарч байгаа ужигарсан “заншил”-ыг халах гэж хуулиндаа өөрчлөлт оруулсан сан. Гэвч өнөөдөр энэ хууль чинь “жараахайнууд”-ыг шүүрддэг бас нэг хууль гэсэн шог тодотголтой болоод байна.  Үнэндээ ч “жараахайнууд”-аар мөнгөө тараалга, эздийг нь бүү ол, “жараахай”-нууд “жижиг” ялаа аваад явдаг л зам харагдаж байна, эндээс. Эцэст нь сануулахад, эрхэм УИХ-ын дарга аа, таны санаачилж баталсан хууль амьдрал дээр бол сонгуулийг будилаантуулж, төрийг самрагчид жаргалаараа таавалзаж, дараагийн сонгуульдаа ч тараах мөнгөө, тараалгах “жараахайнууд”-аа бэлтгэчихээд, ялыг томъёолчихоод сууж байна шүү дээ.

А.ТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж