Н.Алтанхуяг: Хаа хаанаа ойлголцох хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Хаа хаанаа ойлголцох хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаад завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

Чуулганаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа нь УИХ-ын гишүдийн хувьд тэр дундаа цөөнхийн бүлгийнхэн Засгийн газрын ажилд үнэлэлт дүгнэлт өгөхөд хүргээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Авлига шингэсэн төсөв гэж ямар төсвийг хэлдэг юм бэ. Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхдаа 2011 онд 350 сая төгрөгөөр 75 ортой хүүхдийн цэцэрлэг бариулж байсан. Одоо 800 сая төгрөгөөр 75 ортой хүүхдийн цэцэрлэг барьдаг болж. Үүнд авлига шингэчихсэн юм уу, эсвэл үнийн хөөс нь шингэсэн үү.  Юу гэж ойлгох вэ. 2013 оны төсвийн тодотголыг харахаар Орон нутгийг хөгжүүлэх сангаас хөрөнгө оруулалтыг хасаад оруулаад ирж. Хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө хасахгүй байж болдоггүй юм уу. Ирэх онд Сэлэнгэ аймагт нэг ч барилга баригдахгүй нь, ядаж шилжүүлж болдоггүй юм уу. Энэ тохиолдолд орон нутагт ажил яаж явах юм бэ” гэсэн юм.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Орлогынхоо бололцоонд төлөвлөж 2014 оны хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн. 2013 онд хийгдэх бололцоогүй хөрөнгө оруулалтыг 2014 онд шилжүүлж байгаа. Сэлэнгэ аймгийн хувьд шилжиж байгаа хөрөнгө оруулалт байхгүй юм байна. Эргэж ярилцая” гэсэн хариулт өглөө. 

Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны төсөвт тодотгол хийх болсон шалтгаан нь нэг талдаа гадаад хүчин зүйлээс хамааралтайгаар бий болсон ч гэлээ өмнөх жилүүдэд тавьсан Засгийн газрын өр дарамт учруулсныг онцоллоо. Тухайлбал, Тавантолгойн ордоос нүүрс олборлож экспортод гаргадаг ч “Чалько” компаниас авсан 350 сая ам.долларын урьдчилгаанд суутгагддаг. Энэ онд чардайж зүтгэснээр дээрх өрийг дарах гэнэ. Мөн Оюутолгой компаниас 250 сая ам.доллар урьдчилж аваад өнгөрсөн жилүүдэд иргэн бүртээ 21 мянган төгрөг болгоод тараагаад дуусгачихсан. Гэтэл гэрээнд зааснаар дээрх ам.долларыг 2013 оноос эхэлж төлөх ёстой байсан. Төлж чадахгүй байгаа учраас 2014 оноос эхэлж төлөхөөр болж, төсөвт 150 сая ам.доллар суулгасан. Дараагийн жил буюу 2015 онд үлдсэн 100 сая ам.долларыг төсөвт суулгана. Ингэж өр ширнээсээ сална. Төсөвт бичихгүй гэхээр төлөх ёстой өр тул аргагүй, тэгтэл цөөнхийн бүлгийн зүгээс алдагдал чинь хэтэрлээ, Засгийн газар муу ажиллалаа. Орлого чинь яагаад тасраад, зарлага чинь яагаад өсөөд байна гээд зандраад байдаг. Гэтэл Оюутолгой Монголын Засгийн газрыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гээд дахин муудах болно. Тал талын зовлон байгаа учраас хаа, хаанаа ойлголцолд хүрэх ёстой гэсэн юм.

Гэвч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Шинэчлэлийн Засгийн газарт муу дүн тавьж байна гэж хэлэв. Тэрээр “УИХ, Засгийн газрын нэг жилийн гэрийн даалгаврыг шалгаж байна, энгийн логикоор яривал. Засгийн газар чардайгаад байгаа хэрнээ ажлын үзүүлэлт маш муу гарлаа. Энэ бол зохион байгуулах чадвар алга гэсэн үг. Төсөв нь 7.1 их наяд, дээр нь 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-той, “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хийгээд бусад зүйлийн хүрээнд 3 их наяд төгрөг зах зээлд нийлүүлэгдсэн, Хөгжлийн банкны 650 сая ам.доллар гээд тооцвол дахиад улсын төсөвтэй дүйх хэмжээний хөрөнгөтэй байж Засгийн газар маш муу ажиллалаа. Ердөө жил хагасын дотор Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихлээ. Монгол мөнгө нь хамгийн их суларч дайн дажинтай байгаа Сиритэй адилтгагдаж байна. Инфляцийг нэг оронтой тоонд барих байхгүй, хоёр оронтой тоонд шилжсэн. Хятадаас болж нүүрсний нийлүүлэлт зогслоо гэж олон дахин ярьсан. Энэ бүхэн чинь эцсийн дүндээ төлөвлөлтийн томоохон алдаа хийсэн, салбарын уялдаа байхгүйг харуулж байгаа хэрэг. Хавар Ерөнхий сайд таныг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байхад та “Намар биднийг хараарай, жаргуулаад өгнө” гэсэн, хаа байна.  Үний өсөлтөөс болж хүн бүрийн амьдрал муудаж байна. Бензины бөөний үнэ нь өсчихлөө, гэтэл энэ бөөний үнээр чинь тариа, ногоогоо хурааж хадлан тэжээлээ бэлтгэж байна. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн үрээр Монголбанкны алдагдал 302 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ эрсдэл биш үү” хэмээн Засгийн газрын сайд нарт хандан асуудал тавьсан юм. Төсвийн тодотголтой холбоотойгоор олон гишүүн Засгийн газрын сайд нарт хандан асуулт тавиад байгаа тул үдээс хойш үргэлжлэх чуулганаар эл асуудал дахин хөндөгдөх болж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж