Тодотголыг тодотгооч

Хуучирсан мэдээ: 2013.10.17-нд нийтлэгдсэн

Тодотголыг тодотгооч

Улсын төсвийн тодотголыг чуулганаар ид хэлэлцэж байна. Нэг их наяд 500 тэрбум сох дутчихаад байгаа улсын төсвийг яаж цойлдох вэ, юуг нь  танаж, юуг нь хэмнэх  вэ гэдгийг УИХ хэлэлцэж шийдвэрлэх юм.  Төсөв энэ жил урьд өмнө байгаагүй их хэмжээгээр тасарсан. Энэ нь гадаад зах зээлийн таагүй байдал, дотоод хууль дүрэм, бодлого шийдвэрүүдээс болсон гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрч буй.  Улсын төсвийн орлого одоогийн байдлаар 80 хувьтай байгаа ч үлдсэн 20 хувийг нь он дуусахаас өмнө олж, төвлөрүүлж амжих уу. 

Хятадын эдийн засгийн өсөлт саармагжиж, дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ буурсан нь экспортын орлогыг 270 тэрбумаар тасалдуулсан байна.   Ялангуяа 2012 онд 70-190 ам.доллараар борлуулж, улсын төсвийн 40 хувийг эзэлж байсан нүүрсний орлого хумигдаж, үнэ нь шалдаа буусан нь төсөв алдагдалтай гарах нэгдүгээр шалтгаан болжээ. Ашигт малтмалын үнэ, экспортын уналтыг дагаад НӨАТ, Гаалын албан татвар, Онцгой байдлын албан татвараар төвлөрөх орлого эрс багассан байна. Гэхдээ гадаад зах зээл дэх “цаг агаар”-ын тааламжгүй байдлаас илүү мөнгөний авдар хоосрох болсон гол асуудал нь дотоодын бодлого, шийдвэрүүд. Судалгаа муутай хууль, дүрэм баталсны гайгаар хөрөнгө оруулагчдыг үргээж, төсөвт төвлөрөх ёстой татварын мөнгө ч багассан. Гэтэл нэмэр дээр нэрмээс гэгчээр хөрөнгө оруулагчидтайгаа хэл амаа ололцож чадахгүйгээс болоод Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу орж ирэх ёстой 440 тэрбум байхгүй болчихоод байгаа юм. Ганцхан экспорт ч биш импортын хэмжээ буурснаас болоод 370 орчим тэрбумаар Монголын төсөв “шатчихаад” байгаа билээ. Тиймээс 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхдээ батлагдсан төсвөөс орлогыг 799 тэрбум төгрөгөөр, зарлагыг 814 тэрбум төгрөгөөр тус бүр бууруулж алдагдлыг ДНБ-ний хоёр хувьтай тэнцүүлсэн байна.  Мөн 399 тэрбумын хөрөнгө оруулалтын ажлыг зогсоожээ. Үлдсэн их наядын асуудлыг яаж шийдвэрлэх нь тодорхойгүй, он дуусахад ердөө хоёр сар гаруйхны хугацаа үлдээд байгаа энэ үед 2013 оны төсөв урьд өмнө байгаагүй их хэмжээний алдагдалтай гарах нь ерөнхийдөө тодорхой харагдаж байна.

Халаас хоосон, эдийн засагт гал алдаж байгаа энэ үед Засгийн газрын төсөвт тодотгол хийх бодлого нь зөв. Энэ бол төсвийн алдагдлыг барих хамгийн “сонгодог” хувилбар. Төсөвт учрах ачаалал энэ хэрээр буурна гэсэн үг. Харин төсөвт тодотгол хийх нь иргэдэд, олон нийтэд ямар ашигтай вэ. Эдийн засаг ч Б.Лхагважав тодотгол хийх нь төсөвт ашигтай болохоос олон нийтийн хувьд хэрэгтэй бүтээн байгуулалт зогсч байна гэж харж буйгаа илэрхийлсэн. 

Тодотгол хийснээс төсвөөс санхүүжих эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ажлууд зогсч энэ жилд тавихаар төлөвлөсөн замын ажлууд хойшлогдоно. Нэг үгээр тодорхойлбол, иргэд бидэнд хэрэгтэй, шаардлагатай бүтээн байгуулалтын ажил энэхүү тодотголоор хумигдах бололтой. Тэгэхээр төсвийн хөрөнгөөр хийх ёстой бүтээн байгуулалтын ажлыг зогсоох нь төсвийн тодотголын гол зорилго нь мөн үү. Төсвийн зардлын 60 хувь нь захиргааны зардалд зарцуулагддаг.  Энэ нь төрийн байгууллагад ажиллагсдыг “тэжээх”-эд төсвийн дийлэнх хувь нь зарцуулдагдаж байна гэсэн үг.  Мөн 110 их дээд сургуульд суралцаж байгаа 140 мянган оюутанд сар бүхэн өгдөг есөн тэрбум 940 сая төгрөгийг улсын төсвөөс гаргадаг.  Өчигдөрхөн ТӨХ-ын дарга төрийн компаниудын захирлуудыг 200-300 мянган долларын үнэтэй машин унаж тансаглаж байгааг хэвлэлийнхэнд зарласан.  Төр элдэв бусын халамж, зардлаа хумиж, төрд ажиллаж байгаа дарга нар тансаг хэрэглээгээ хумичих юм бол улсын төсвийн ачааллалыг буруулж болох нэг гаргалгаа байна. Хэрэгтэй хэрэггүй “хоолны сав”-нуудыг тэжээхээ зогсоож цомхон, чадварлаг багийг бүрдүүлэх юм бол төсвөөс тодорхой ачаалалыг авч хаях боломжтой. Нөгөө талаар оюутнуудад сар болгон өгдөг 70 мянган төгрөгөө бүр зогсоочихвол төсвөөс сургууль, цэцэрлэг барих мөнгөө хасч, танах шаардлагагүй гэсэн үг.

Үнэндээ төсвийн тодотголоор хасагдаж байгаа 399 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ямар, ямар ажил байсныг иргэд төдийлөн тоохгүй байгаа. Уг нь төсөвт тодотгол яаж, хийж, юу танаж байгааг иргэд бид ч хянах, мэдэх ёстой бус уу. Өөрөөр хэлбэл, тодотголыг тодотгохыг шаардах нь иргэд бидний үүрэг.  Хөдөөд хэдэн арван тэрбумын үнэтэй соёлын төв барих нь өнөө, маргаашийн шаардлагатай хөрөнгө оруулалт биш нь мэдээж.  Гэхдээ хамгийн гол нь данхайсан, нүсэр бүтцээ цомхотгож, захиргааны зардлаа хумихгүйгээр төсөвт тодотгол хийх нь зөв арга мөн гэж үү.

Ж.НЯМСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж