3.6 тэрбум төгрөг хэмнэсэн
Зам, тээврийн сайд А.ГАНСҮХТЭЙ ярилцлаа.
-Зам тээврийн сайдтай уулзсаных хамгийн нэгдүгээр асуудал бол мэдээж салбарын тухай байх нь ойлгомжтой. Монгол Улсын 2013 эдийн засгийн өсөлтөд хамгийн хувь нэмэр оруулсан нь танай салбар гэж олон нийтийн судалгаагаар гарсан байна лээ.
-Юуны өмнө манай яамны хариуцсан салбарт ажлын үр дүн гарч байгаад баяртай байна. Манай салбар эдийн засагт мэдэгдэхүйц үр дүнтэй ажиллаж чадсан байна. Нэг их гавьяа байгууллаа гэж байгаа юм биш. Бид хийх ёстой ажлаа хийх ёстойгоор нь л хийсэн юм байна гэж бодож байна. Гэхдээ амжилтын гол үндэс бол би болоод манай багийнхан энэ салбарт шинэ хүмүүс биш. Би энэ салбарын дэд сайдаар ажиллаж байлаа. Тийм болохоор бид цаг алдсангүй. Ажлаа мэддэг баг тэр чигээрээ ажилласан. Энэ нь манай яамны хувьд маш том давуу тал байлаа. Нөгөө талаасаа зам тээврийн салбар эдийн засагт ямар чухал вэ гэдгийг энэ нь харуулж байна. Зам, тээврийн салбарын ажил хангалттай байхад эдийн засаг өсдөг гэдгийг бид сая харлаа. 2013 онд гадаадын хөрөнгө оруулалт 30 орчим хувиар уул уурхайн салбарт буурсан. Уул уурхайг дагалдах салбарууд дээр мөн л 10 орчим хувиар, нийлээд 40 орчим хувиар гаднын хөрөнгө оруулалт буурлаа. Тэрийг дотоод эх үүсвэрээр нөхлөө л дөө. Тэр нь барилга болон зам, тээврийн салбар. Зам, тээвэр болон барилгын салбарт хамгийн их ажлын байр шинээр бий болсон байна. Манай салбарт гэхэд 8066 ажлын байр шинээр бий болсон. Хүн ажилтай байна гэдэг нь орлоготой байна гэсэн үг мөн биз. Зөвхөн автозам дээр гэхэд 570 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.
-Чингис бондоос биз дээ?
-Тийм, бондын мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн. Төмөр зам дээр гэхэд яг одоогийн байдлаар 80 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна. Зөвхөн энэ хоёр салбарт нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байх нь. Үр дүнг нь бол та нар ажиглаж байгаа биз дээ. Энэ жил 1700 орчим км автозам ашиглалтад авахаар төлөвлөөд байгаа. Өнөөдрийн байдлаар автозамын ажил яг дуусаагүй байгаа учир тодорхой тоо хэлж болохгүй байна л даа. Ер нь бол 1700 орчим хатуу хучилттай автозам бид энэ жил хүлээж авах нь ээ. Энэ салбарт би дэд сайдаар ажилласантайгаа тав дахь жилдээ ажиллаж байгаа хүний хувьд хэлье. 2011 онд санагдаж байна. 1100 км хатуу хучилттай автозам хүлээн авч рекорд хийж байлаа. Гэхдээ энэ замын 400 км нь хувийн компанийн өөрийн хөрөнгөөр барьсан зам байсан. Харин энэ жил бол бондын хөрөнгө оруулалт, улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж зэрэг эх үүсвэрээр барьсан. Хувийн компаниудын барьсан замыг энэ 1700 км дотор оруулахгүй тооцож байгаа шүү.
-Гэхдээ автозамын тухайд хөрөнгө оруулалтаа удаан нөхдөг гэсэн “шүүмжлэл”-тэй байнга тулгардаг шүү дээ.
-Автозамын онцлог бол бүтээн байгуулалт учраас хүнд харагдаж байдаг л даа. Шинээр ашиглалтад орж байгаа замуудыг харья. Улаанбаатар-Тэрэлжийн зам, Чингис хааны хөшөө хүрч байгаа зам дууссан. Энэ хоёр бол аялал жуулчлалын зам. Аялал жуулчлалаа дэмжсан эдийн засгийн маш үр өгөөжтэй замууд. Мөн Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах Германы KFW гээд төсөл байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хот руу хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэдэг Партизан, Борнуур, Батсүмбэр зэргийг хатуу хучилттай автозамаар холбож дууслаа. Ингээд бид эдийн засагт нөлөө үзүүлдэг аялал жуулчлал, хүнсний хангамж хийдэг гол гол замуудаа дуусгаад авлаа. Аймгийн төвүүдийг холбох зам төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Улаанбаатар-Сайншанд холбогдчихлоо. Сайншанд-Замын-Үүдийн зам аравдугаар сарын 30-нд ашиглалтад орно. Манай эдийн засгийн гол коридор хатуу хучилттай замаар холбогдчихлоо гэсэн үг. Одоо Замын-Үүд рүү явахын тулд заавал жип унах хэрэггүй боллоо ш дээ. Хөнгөн тэргээр ч явчихдаг болох нь. Нөгөө талаас Сайншанд-Хамрын хийд рүү 42 км зам барьж дууслаа. Дотоодын аялал жуулчлалаа дэмжих зам болоод явчихна.
-Хурдан шуурхай, урт зам барьчихлаа. Гэвч хатуу хучилттай зам дээр мөнхийн яригддаг нэг сэдэв байна. Шинээр барьсан замуудын чанарт хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
-Бид хугацаанд нь чанартай зам барь гэдэг шаардлагыг гүйцэтгэгч нартаа тавьсан. Чанар дээр асуудал үргэлж байдаг. Замын баталгаат хугацаа гурван жил байдаг. Энэ хугацаанд тэнд эвдрэл гарвал компани өөрийн хөрөнгөөр засч янзлах ёстой. Чанаргүй зам тавьсан бол тэр хүн өөрөө л мөнгөө гаргаад өөрөө л засна. Замын чанарыг сайжруулахын тулд бид уг нь стандартыг өөрчлөх саналаа өнгөрсөн намар төсөв хэлэлцэх үед тавьсан. Тэгсэн нэг км зам барих өртөг нэмэгдсэн.
-Хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ. Энэ стандартыг мөрдвөл нэг км зам хэдэн төгрөгөөр босох юм бэ?
-Бараг тэрбум руу дөхсөн л дөө.
-Одоо бол?
-Нэг км замыг 530 сая төгрөгөөр барьж байгаа. Ингээд энэ шинэ стандартаа мөрдөх гэхээр хөрөнгө хүрэхээ больсон. Харамсалтай нь надад мөнгө байдаггүй. Мөнгийг нь Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк шийддэг юм. Мөнгө шийддэг газар нь татгалзсан учир стандартаа өөрчилж чадаагүй. Хуучнаараа л байгаа. Энэ стандарт маань тийм яахаа алдсан муу зүйл биш л дээ. Гэхдээ бид чанаржуулж л явах ёстой биз дээ.
-Энэ жилийн хувьд автозамын салбар хэлэх зүйлтэй өнгөрчээ. Ирэх онд хэчнээн км зам тавихаар төсөвт суулгаж байгаа вэ?
-Төсөвт ерөөсөө мөнгө суулгаагүй. Маш хязгаарлагдмал төсөв өгсөн. 800 тэрбумын санал оруулаад би хэдтэй үлдсэн гээч. 100 тэрбумтай л үлдлээ. Яахав Хөгжлийн банкны эх үүсвэрээс манай том төслүүдийг санхүүжүүлэхээр тохирсон л доо.
-Автозамын хувьд 1700 км зам ашиглалтад авна гэдэг том амжилт. Харин Монгол орны дэд бүтцийн салбарт асар их хүлээлт үүсгээд байгаа Шинэ төмөр зам төсөл хэр урагштай байгаа бол?
-Эхний ээлжинд 1800 км төмөр зам барих зорилт тавьсан. Ажил явж л байна. Чамлахааргүй ээ. Тавантолгой-Гашуунсухайтын 267 км замын далан, газар шорооны ажил хийгдээд явж л байна. Энэ жил төлөвлөгөөгөөрөө бол газар шорооны ажлаа 90 хувьтай дуусгаад, дараа жилийн зургадугаар сар гэхэд бүрэн дуусгахаар байгаа. Энэ ажилд одоогоор 80 орчим сая доллар зарцуулаад байна.
-1800-гийн бусад чиглэл дээр ажил ямархуу байгаа вэ?
-Ажлын зураг хийгдээд дуусч байгаа.
-Ажлын зургийг нь хаанах хийж байгаа вэ?
-Японы “Ниппон Кое” гэдэг компани хийж байгаа. Ер нь шинэ төмөр замын төсөл урагшилж л байна. Хөрөнгө оруулагч нартайгаа хэлэлцээ хийж байна. Энэ чинь 5.2 тэрбум долларын асар том төсөл. Алдаа гаргаж болохгүй. Алдаа гаргахгүйн тулд ёстой л долоо хэмжиж нэг огтолж байна. Ажлын явцаа сар бүр Засгийн газартаа танилцуулаад чиглэл аваад л явж байгаа.
-Сүүлийн үед нисэхийн салбарын шинэчлэл, төмөр замын шинэчлэл гээд олон ажил хийж байх шиг харагдаж байна л даа. Гэхдээ улс орон дотор вант улс болтлоо “тусгаар тогтносон” УБТЗ зэрэгт бол хурал семинар хийх төдийнхнөөр шинэчлэл явуулж чадахгүй байх аа…
-УБТЗ-ыг вант улс гэж ёгтолж ярьдаг. Сөрөг имиж гэх юм уу даа. Би бол УБТЗ-ыг “төмөр замчдын вант улс болгоно” гэсэн зорилт тавьсан. Зөвхөн зөвлөлгөөн хийгээд шинэчлэгдэхгүй нь үнэн. Гэхдээ бид зөвхөн зөвлөлгөөн хийгээгүй л дээ. Би сайдаар томилогдоод УБТЗ-ын бүх өртөө зөрлөгөөр хоёр удаа явсан. Бүгдээр нь явсан. Таван хүнтэй зөрлөг дээр ч би бууж тэнд байгаа төмөр замчидтай уулзаж байсан. Давхархдсан тоогоор 4000 гаран төмөр замчинтай уулзсан байдаг юм. Ирэх жил дахиад л явна. Учир нь шинэчлэлийн бодлогоо хэлж таниулж байгаа юм.
-Яг замчдын хэлж байгаа нь тэгээд юу байх юм?
-Дарга нараас биш, яг гардаж ажилладаг замчдаас мэдээлэл авах, тэдний ажилтай биечлэн танилцах минь зорилго маань байсан. Шинэчлэл хийхийн тулд хөдөө байдаг тэр зөрлөг дээрх арван замчнаас асуух ёстой л гэж бодсон юм. Ингэж явсныхаа хүчинд төмөр замд ямар асуудал байгаа, яаж өөрчлөх вэ гэдэг гарцуудыг олж харсан, мэдсэн. Хамгийн наад зах нь цалинг нэмэх хэрэгтэй юм байна аа гээд энэ наймдугаар сараас төмөр замчдын цалинг 15 хувиар нэмлээ. Дундаж цалин нэг сая төгрөг болж байгаа байх. Нэг үр дүн. Төмөр замын дээд сургуулийг Тээврийн дээд сургууль болгож өөрчиллөө. Жижиг гэхгүй шинэчлэлийн ажил эхэлсэн. Төмөр замын даргыг улс төрийн томилгооноос ангид байлгаж чадсан гэж бодож байна. Мэргэжлийн хүнийг нь даргаар томиллоо. Түүнээс гадна төмөр замын ерөнхий хороо гээд даргаас дээгүүр удирдах байгууллага байдаг. Зургаан хүнтэй. Оросын талаас гурав, Монголын талаас гурав байдаг. Монголын талын гурван гишүүний нэгэнд нь Төмөр замын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын даргыг оруулсан. Бас л шинэчлэл. Яагаад гэвэл тэр 16 мянган ажилчны төлөөлөл шийдвэр гаргах төвшинд орж байна гэсэн үг. Ажилчид өөрийн дуу хоолойг шийдвэр гаргах төвшинд хүргэж чаддаг боллоо. Энэ бол хэзээ ч байгаагүй чухал шинэчлэл. Өртөө зөрлөгөөр явсны минь үр дүн иймэрхүү маягаар гарч л байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг дэмжиж бид салбартаа ямар шинэчлэл хийж болох вэ гэдгээ өөрийн харьяаллын салбар бүртээ ярьж байгаа. Төмөр замын удирдахын арван дарга л сайдтай харилцах биш, бүх замчид дуу хоолойгоо сайдад хүргэдэг болохын эхлэлийг тавьсан.
-УБТЗ-ын тухайд хүн рүүгээ чиглэсэн зүйлүүдийг хийгээд эхэлжээ гэдгийг сая ярианаас тань ойлголоо. Тэгвэл техник технологийн шинэчлэл хэрхэн явагдах вэ. Жишээ нь, манай төмөр замын дохиоллын системийг бараг музейн үзмэр болохоор хуучны эд гэдэг яриа сонсож байлаа. Энэ дохиоллын систем таныг сайд байх үед шинэчлэгдэж чадах уу?
-Би бол чадахын төлөө явна. Үнэхээр өөрийн чинь хэлдэг үнэн. Манай төмөр замын дохиолол холбоо үнэхээр хоцрогдсон. Дохиоллоо шинэчлэж чадвал өртөө хооронд нэг цуваа явахын оронд гурван цуваа галт тэрэг зэрэг явж болно. Тээврийн хурд нэмэгдэнэ. Ачаа тээвэрлэлт нэмэгдэнэ. Дээр нь бидний хийхээр төлөвлөж байгаа автоматжуулсан дохиолол, холбооны системийн аюулгүй ажиллагаа нь маш сайн. Алдаа гарах магадлал тэрбумд нэг гэдэг юм билээ. Бид үүнийг зайлшгүй хийх ёстой.
-Зайлшгүй хийхэд тэгээд юу саад болоод байна вэ?
-Бид Оросын талтай ойлголцож тохирох ёстой.
-УБТЗ гэхээр л 1949 оны гэрээ, хувь хэмжээний асуудал сөхөгддөг. Сүүлийн арваад жил үүнийг өөрчлөх байх гэсэн хүлээлт байсан. Удахгүй Ерөнхий сайд хойд хөрш рүү айлчлах гэж байна. Мэдээж энэ асуудал хөндөгдөх байх. Гэхдээ хүлээлт хэр эерэг үр дүнтэй гарах бол?
-Сүүлийн арваад жил ярьж байгаа нь үнэн. Ахиц байгаа. Зарим нэг төмөр замтай холбоогүй асуудлуудыг Оросын тал холбож авч ирээд хүндрэл үүсгээд байдаг л даа. Удааширч байгаагийн шалтгаан нь энэ. Өндөр төвшинд ярилцах байх. Ер нь үргэлж л ярьж байдаг сэдэв.
-УБТЗ маань ер нь бидний мэдэлд байна уу. Эсвэл “Стандарт” банкны барьцаанд байна уу. “Жаст”-ын Ш.Батхүү барьцаанд тавьчихсан л гэх юм. Та ажил хариуцаж байгаа хүний хувьд үнэнийг хэлээч?
-Зүйтэй л асуулт байна. Гэхдээ энэ талаар би нарийн зүйл хэлж чадахгүй, ярьж ч болохгүй. Яагаад гэхээр энэ маргаан Англи улсын Хатан хааны шүүх дээр оччихсон байгаа. Би ямар нэг байдлаар тайлбар хэлж, мэдээлэл гаргавал шүүх дээр ашиглагдана. Тийм учраас ярьж болохгүй байна.
-Төмөр замын ачаа эргэлт хэр байгаа вэ?
-Өнгөрсөн жил 20 сая тн ачаа тээсэн. Рекорд үзүүлэлт. Энэ жил 21 сая тн-ыг тээх гэж байна. Дээр нь Замын-Үүдээс өргөн хэрэглээний барааг 24 цагийн дотор Улаанбаатар хот руу татаж байна. Энэ бол мөн л шинэчлэл. Төмөр замчид маань ч хичээж байна, бид ч бодлогоо зөв барьж байна гэдэг нь эндээс харагдах байх л даа.
-Ачаа тээвэрлэлт нэмэгдэж байгаа нь мэдээж сайн үзүүлэлт. Гэхдээ манай төмөр замын хурдыг дэндүү удаан гэдэг. Үүнийг хэзээ шинэчлэх вэ?
-Чи бод доо. 1949 онд барьсан зам ш дээ. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулалтгүй нь үнэн. Гэхдээ хурд бага байна гээд бид зүгээр хараад суугаагүй. Одоо дундаж хурд 70 км/ц байгаа. Дохиолол холбооны системийг шинэчлэвэл 90 хүрнэ. Үүнийг ойрын хоёр жилдээ хийчих байх.
-Таны хариуцсан бас нэгэн салбар агаарын тээвэр. МИАТ, ИНЕГ гээд төмөр замаас дутуугүй дуулиан шуугиантай айл байдаг л даа. Энэ салбарт шинэчлэлийн бодлогоо яаж хэрэгжүүлж байгаа вэ?
-Агаарын тээврийн салбар өөрөө стратегийн том салбар. Агаарын тээврийг бол би бүр 2011 онд дэд сайд байхдаа л гардаж барьж авсан. Агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогын баримт бичгийг боловсруулж гаргасан. Хоёрхон хөрштэй, дээр нь далайд гарцгүй манай улсын хувьд стратегийн чухал салбарыг хөгжүүлэх төрийн бодлогоо зайлшгүй тодорхой болгосон байх ёстой. Яаж хөгжүүлэх юм, ямар санхүүгийн эх үүсвэрээр хэзээ, хэрхэн хөгжүүлэх юм гэдгээ маш тодорхой болгосон байх хэрэгтэй байдаг. Тэгээд сая энэ оны нэгдүгээр сард УИХ-аар бодлогын баримт бичгээ батлууллаа. Агаарын тээврийн салбарт төрийн бодлого тодорхой болсноороо хөгжлийн шинэ үеийг нээсэн гэж хэлж болно.
-Хөгжлийн шинэ үеэ нээчихдэг байж. Түүнээс хойш энэ салбарт юу хийсэн бэ?
-Анзаарсан бол гуравдугаар сард МИАТ-д үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгосон. Энэ бол төрөөс МИАТ компанид оруулж байгаа биет бус хөрөнгө оруулалт. Дараа нь тавдугаар сард шинэ онгоц худалдаж авч өгсөн. Зургадугаар сард нисэх онгоцны шинэ буудлын барилгын ажил эхэлсэн. 2016 онд шинэ буудал ашиглалтад орно. Хоёр шинэ онгоц дахиад ирнэ. Ингээд бодлоготой болонгуут ажил их урагштай явж байна. Одоо энэ ондоо МИАТ компанийг алдагдалгүй ажиллуулчих санаатай л явж байна. Ер нь ашигтай ажиллаж байсан түүхгүй л дээ. Энэ жил Эрээн хот, Шанхай, Бангкок руу шинээр нислэгийн шугам нээлээ. Ирэх онд нэлээд хэдэн шинэ чиглэл нэмэх байх. Агаарын тээврийн салбарын хөгжлийн шинэ үе ингээд эхэлсэн гэж бардам хэлж байгаа юм. Одоо бид агаарын тээврийг хөгжүүлэх бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2020 он хүртэл хийж байгаа. 2020 он хүртэл энэ бүх ажлыг хийгээд дуусвал манай агаарын тээвэр бүс нутагтаа өрсөлдөх чадвар бүхий тэргүүлэгч болох юм.
-Таны хариуцсан салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниуд шахааны бизнес ихтэй гэдгээрээ “алдартай” л даа. МИАТ-д гэхэд л зах зээлийн үнээс асар өндрөөр түлш шахдаг бүлэглэл байдаг ч гэх юм уу. Тэр бүхнийг шинэчлэлийн бодлогодоо яаж тусгасан бэ. Шахааны түлшнээс жишээ нь МИАТ ангижирч чадсан уу?
-Зөвхөн манай салбар ч гэлтгүй буруу системээр их олон жил явсан юм байна л даа. Үүнийг өөрчлөхийн тулд үүний эсрэг тэмцэх боломжтой байх ёстой.
-Боломжтой гэдэг нь?
-Ямар ч сонирхлын зөрчилгүй байх ёстой гэсэн үг. Тэгж байж би шаардлагаа тавьж чадна, миний хэлсэн үгийг хүмүүс сонсоно ш дээ.
-Жишээ нь өөрөө шатахууны бизнесгүй байх ёстой ч гэдэг юм уу…
-Тийм, өөрөө шатахууны бизнес эрхэлдэггүй байх ёстой. Би бол хуульч мэргэжилтэй хүн. Би энэ олон жил ямар бизнес хийж байсан бэ гэхээр өмгөөллийн бизнес л хийж байсан. Тэгэхээр надад зам тээврийн салбарт ямарч ашиг сонирхол байхгүй. Ийм болохоор би тэдэнд шаардлагаа тавьж чаддаг. Жишээ нь шатахуун дээр манай МИАТ монополь компанийн эрхшээлд орсон байсан. Бид энэ бүхнээс яаж гарах вэ гээд судалгаа хийж үзлээ л дээ. Гэтэл ИНЕГ-т шатахуун сумладаг тусгай зориулалтын хоёр машин байдаг байсан юм байна. Түүнийгээ шатахуун нийлүүлдэг компанидаа түрээслүүлчихсэн. Нөгөөдүүл нь МИАТ-ийн онгоцыг сумлах болгондоо 80 доллар нэмж авдаг байсан байгаа юм. Тэгээд бидний хамгийн түрүүнд хийсэн юм бол тэр машиныг нь буцааж аваад МИАТ-д өгсөн. Сумалгаа болгон дээр 80 доллар хэмнэсэн. Тэгсэн чинь Хонконг болон Сөүлд нөгөө компани бас хамааралтай компаниа байгуулаад манай онгоцыг сумалдаг болж таарсан. Үүнийг нь болиулаад Солонгосын, Хонконгийн компаниар сумлуулдаг болсон. Иймэрхүү өөрөөс шалтгаалах арга хэмжээ аваад нэг тн шатахуун тутмаас 210 доллар хэмнэдэг болсон. Дээрээс нь бид Солонгосоос шатахуун авч эхэлсэн. Монополийг арилгахын тулд ийм арга хэмжээнүүд авч байгаа юм. Удахгүй нэлээд тогтворжих байх.
-Та энэ салбарт сонирхлын зөрчилгүй учир шаардлага тавьж чадаж байна гэж байна. Гэтэл таны энэ шаардлага сонирхлын зөрчилтэй дарга нарын “уурыг” хүргэвэл яах вэ?
– Одоогоор тийм асуудал гараагүй байна. Харин МИАТ-ийн зарим нэг дунд албан тушаалтануудын “уур” их хүрч байгаа гэсэн.
-Сошиал медиагаар зөвхөн таны тухай бичдэг нэгэн хүн байна аа. Та өөрөө уншдэг л байлгүй. Түүний хэлж ярьдаг хэр үнэний ортой юм бэ. Та тайлбар өгнө үү?
-Та асуусан учраас хариулъя. Уг нь бол ёстой хөгийн асуудал. Намайг төсвийн хөрөнгөөр туслахдаа байр аваад өглөө гээд. Тэгээд хууль хяналтынхан нь энэ хүнээ шалгаач ээ гэж “хардсан” байдаг юм. АТГ энэ мэдээллийн дагуу шалгаад намайг төсвийн ямар ч хөрөнгөөр туслахдаа байр авч өгөөгүй юм байна аа гээд тогтоосон. Мөн дэд сайдаар ажиллаж байхад нэг сонин хардаад. Би өөрөө АТГ хандаж сайн дураараа шалгуулж л байлаа. Намайг шалгаад дэд сайдаар ажиллаж байхдаа хууль бусаар хөрөнгөжөөгүй байна аа гэж бас тогтоосон. Тэр хүний хэлж байгаа бүх асуудлаар одоо ч би шалгуулж чадна.
Тэр хүн уг нь өөрөө над дээр ирж уучлал гуйсан. Тэгчихээд эргээд л сошиал медиагаар элдвийн гүтгэлгээ тараагаад л яваа. Тэр хүн хувийн өш хонзон өвөрлөсөн юм шиг байгаа юм.
-Та ажлаас нь халчихсан юм уу?
-Үгүй. Хийж байсан ажлаа л хийж байгаа. Нэг баримт хэлье. Бид МИАТ-ийг шалгаад үзсэн чинь 21 албан тушаалтан нууц тушаалаар цалингийн сүлжээнээс гадуур өндөр цалин авдаг байсан байгаа юм. Тэр хүмүүсийн нэг нь өөрийн тань асуугаад байгаа, твиттерт гүтгэлэг тарааж байгаа хүн л дээ.
-Хичнээн төгрөгийн цалин авдаг байсан юм бэ?
-Таван сая төгрөгийн цалин авдаг байсан. Үндэсний аудитын газар үүнийг шалгаад акт тавьсан. Цалингийн сүлжээнээс гадуур хууль бусаар цалинжиж байсан энэ 21 хүнийг илүү авсан мөнгөө буцаагаад төл гэсэн. Үүнд их өширхдөг юм шиг байна. Шинэчлэл хийхэд үргэлж эсэргүүцэгч гарч ирдэг. Хууль бусаар давуу эрх эдэлдэг байсныг нь болиулахаар өширхдөг юм шиг байна.
-Энэ 21 хүнийг цалингийн сүлжээнд нь оруулснаар МИАТ хичнээн төгрөг хэмнэж байгаа бол?
-МИАТ-ээс ирүүлсэн бичиг энэ байна. 240 сая төгрөг хэмнэж байгаа юм байна.
-Аудит акт тавиад буцааж төлүүлэхээр болсон гэж байна. Хэдэн хүн, хэдэн төгрөг одоогийн байдлаар буцааж төлсөн байгаа вэ?
-Төлөх ёстой. Хугацаатай үүрэг өгсөн байгаа. Оны эцэс гэхэд төлөөд дууссан байх ёстой. Хууль бусаар авсан мөнгийг нь буцаан авна аа. МИАТ дээр явагдаж байсан хууль бус үйл ажиллагааны нэг жишээ энэ шүү дээ. Бид үүнийг засах л ёстой. МИАТ-ийг эзэнгүй гэж бодсоны үр дагавар. Эзэнгүй юм шиг авирлаж, МИАТ-ийн хөрөнгийг дураараа хувийн зорилгоор ашиглаж байсан. Одоо бид тэгүүлэхгүй. Хянана, шаардлага тавина, хариуцлага тооцно. МИАТ-ийн бүтцийн өөрчлөлт, үйл ажиллагаанд хийсэн шинэчлэлээр гэхэд нийт 3.6 тэрбум төгрөг хэмнэж байна. Мөн МИАТ-ийн үйл ажиллагааг дэмжих үүднээс төрийн бүх албан хаагчийг гадаадад томилолтоор явахдаа МИАТ-ийн онгоцоор нисч байх шийдвэр гаргалаа.