Гишүүд ээ, ажлаа хийгээч

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Гишүүд ээ, ажлаа хийгээч

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар хойшиллоо.  Өнгөрсөн баасан гаригт ч чуулганаар Мөнгөний бодлогын төслийг хэлэлцэх байсан ч АН-ын гишүүд алга байна гэсэн шалтгаанаар хойшлуулсан. УИХ-ын гишүүд өвдөж, гадаад томилолт аваагүй л бол ажлаа таслах эрхгүй. Ард түмэн хуулиа батал, бодлогоо тодорхойл гэж тэднийг УИХ-д  сонгодог болохоос, сул цалин аваад гадуур дотуур чөлөөтэй зугаал гэж саарал ордонд суух "томилолт" өгөөгүй нь лав.  Сонгогдсон тойргийнхоо төлөөлөл болж, иргэдийнхээ амьдрал тус нэмэр болоод ир гэсэн түмнийхээ "захиас"-ыг мартчихаад байгаа гишүүд минь сонгуульт алба чинь хугацаатай шүү гэдгийг сануулмаар байна.

Хамгийн олон нам, бие даагчид, эмэгтэй гишүүдээс бүрдсэн “гоё” парламент байгуулж чадсан хэмээн өөрсдийгөө өргөж буй УИХ-ын гишүүд  хуралдаа суухгүй байх шалтгаан нь юу вэ. Хувийн ажлаас илүү төрийн чухал бодлого, төсвийн мөнгийг хэлэлцэж байхад надад хамааралгүй гээд "дэмий тэнэх"-ийг илүүд үзэж байгаа гишүүдтэй хэн хариуцлага тооцох билээ. Эсвэл тэд УИХ-ын гишүүн гэсэн нэр зүүчихээд хувийнхаа бизнесийг хөгжүүлэх ёстой буруу ойлголттой яваад байгаа юм болов уу.

Зөвхөн өнөөдрөөр зогсохгүй өмнө ч байнгын хороод ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар олон удаа хойшилж байсан. Одоогийн парламент бүрдээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байхад ирц бүрдэхгүй гэдэг шалтгааныг өмнөө барьсаар хэдэн хурал, чуулганыг цуцлах гэсэн юм бол. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанд олонхи ирцээ бүрдүүлж чадахгүй, хэн нэгэн өмнөөс нь кноп дарж байна гэж хардсан МАН-ын гишүүн С.Бямбацогт АН-ын гишүүдийн картыг сугалж байсан ч удаатай.  Өглөө ирж картаа шургуулчихаад өдөржин хуралдаа суухгүй "сул" цалин авч байгаа гишүүддээ үүрэг, хариуцлагын талаар ойлгуулах хэрэгтэй болжээ. Төсвийн мөнгөөр цалинжиж байгаа төрийн түшээдэд Төсвийн төсөл чухал асуудал биш бололтой, энэ байдлаас нь харвал шүү дээ. Даргыгаа эзгүйчилж, ар хударгаар нь ажлаа таслаад байгаа гишүүдээ, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандахгүй явсныхаа дараа "үрэлгэн" төсөв баталлаа гээд гонгиноод унав зай.

УИХ-ын дарга эзгүй байгаа ч эргэж ирээд ирц бүрдүүлдэггүй гишүүддээ анхаарал хандуулахгүй бол 2014 оны төсөв, 2013 оны төсвийн тодотголын төслүүд чинь учир дутагдалтай батлагдчих вий. Олуулаа хэлэлцэж, буруугаа дүгнэж байж чанартай хууль баталдаг зарчим аль ч парламентад бий. Харин ажлаа тасалдаг гишүүдийнхээ өмнөөс кноп дараад баталдаг манайх шиг парламентийн жишиг хаа ч байхгүй гэхэд хилсдэхгүй биз.

Нүдээ нухаж, нойроо харамлах дүү минь хүртэл цэцэрлэгтээ явах үүргээ умартаагүй байхад төрийн эрх барьж буй түшээд нь ажлаа таслахгүй, амины ажлаа амжуулахгүй гэсэн ухамсартай л баймаарсан даа. Төрийн албан хаагчдаа 08.00 цагт ажилдаа ир гэчихээд өөрсдөө ажлаа таслаад байвал хуулиа хэрэгжүүл гэх эрх байхгүй. УИХ-ын даргаа гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж, хурал цуглаанаа зохион байгуулахгүй бол улс орны хөгжил, эдийн засагт нөлөөлөхүйц хуулийн төслүүд чинь “таслагчдын” гайгаар гацаанд орох вий.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж