Хамтарсан хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Хамтарсан хуралдаан болов

УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр болж Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцлөө. Хэлэлцүүлгийн үед байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зээлийн гэрээний хэлэлцээрийн төслийг хэл найруулгын талаас онцгой анхаарах, анх хэрэгжүүлж эхлүүлсэн хүнсний талоны хөтөлбөр нь очих эзэндээ хүрэхгүй байгаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад ядуурал буурахгүй байгаа, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг Засгийн газрын түвшинд иж бүрнээр нь авч үзэх. Мөн зээлийн гэрээний төсөлд хэрэгжүүлэх арга хэмжээний дотор ядуурлын талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн газрын мэдээллийн санд байгаа мэдээллээс авч ашиглан хэмнэгдсэн зардлыг оновчтой зүйлд зарцуулахад анхаарах, төслийн нэгжийг бие даасан байдлаар ажиллуулахгүй байх нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан юм. Эцэст нь санал хураахад гишүүдийн олонх Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болж шийдвэрлэсэн юм.

Үүний дараа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч ажлын хэсгийнхний зүгээс хойшлуулах шийдвэр гаргасан аж. Учир нь дээрх хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцүүлэх шаардлага байна гэж үзсэн тул хэлэлцэх асуудлаа хойшлуулсан юм.

 Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж