“Эрүүл аюулгүй орчинд хэмнэлттэй амьдарцгаая” өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

“Эрүүл аюулгүй орчинд хэмнэлттэй амьдарцгаая” өдөрлөг боллоо

Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн агаарын чанарын алба, Гэр хорооллын хөгжлийн газар хамтран Дулаалгын аяны өдөрлөгийг өнөөдөр “Өргөө” кино театрын өмнөх талбайд зохион байгууллаа. “Дулаан, эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая” уриатайгаар зохион байгуулсан уг өдөрлөгийг Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан нар нээж үг хэлсэн юм.

Уг өдөрлөгт Сэлэнгэ констракшн, Роял өүшн, Элмеко, Векас тэргүүтэй 30 гаруй аж ахуй нэгж, байгууллага оролцож, Дулаалгын материалуудын шинэ технологи, өвөрмөц шийдлүүдийг танилцууллаа. Монгол гэрийг шалнаас халаах овор багатай төхөөрөмж, цонх, хаалганы шингэн наалт зэрэг орчин үеийн дулаалгын шийдлүүдийг энэ өдөрлөгийн үеэр дэлгэн тавилаа.

Мөн гэр хорооллын хөгжлийн газраас Орон байраа дулаалах зөвлөмжийн товхимлыг иргэдэд түгээж, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хууль зүйн мэдээлэл хүргэж, Нийслэлийн Агаарын чанарын албанаас бүрэн шаталттай дөрвөн төрлийн зуух, шалны халаагуур, боловсруулсан түлш, бойлуур зэрэг бүтээгдэхүүнийг танилцуулав.

Баянгол дүүргийн хувьд Агаарын бохирдлыг бууруулах хосолмол бүс бөгөөд тус дүүрэгт гэр хорооллын есөн хороонд 12 мянган өрх амьдардаг. Тус дүүргийн удирдлагуудын санаачилгаар өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гэр хорооллын өрхүүддээ эрчим хүчинд хэмнэлттэй, бүрэн шаталттай зуухыг хөнгөлөлттэй үнээр олгож эхэлсэн. Энэ оныг дуустал Өлзий, Дөл, Талст, Векас 107 зуухнуудыг иргэддээ дахин хөнгөлөлттэй үнээр олгосноор гэр хорооллын өрхүүд бүрэн шаталттай зуухаар 100 хувь хангагдах юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж