
Уг өдөрлөгт Сэлэнгэ констракшн, Роял өүшн, Элмеко, Векас тэргүүтэй 30 гаруй аж ахуй нэгж, байгууллага оролцож, Дулаалгын материалуудын шинэ технологи, өвөрмөц шийдлүүдийг танилцууллаа. Монгол гэрийг шалнаас халаах овор багатай төхөөрөмж, цонх, хаалганы шингэн наалт зэрэг орчин үеийн дулаалгын шийдлүүдийг энэ өдөрлөгийн үеэр дэлгэн тавилаа.
Мөн гэр хорооллын хөгжлийн газраас Орон байраа дулаалах зөвлөмжийн товхимлыг иргэдэд түгээж, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хууль зүйн мэдээлэл хүргэж, Нийслэлийн Агаарын чанарын албанаас бүрэн шаталттай дөрвөн төрлийн зуух, шалны халаагуур, боловсруулсан түлш, бойлуур зэрэг бүтээгдэхүүнийг танилцуулав.
Баянгол дүүргийн хувьд Агаарын бохирдлыг бууруулах хосолмол бүс бөгөөд тус дүүрэгт гэр хорооллын есөн хороонд 12 мянган өрх амьдардаг. Тус дүүргийн удирдлагуудын санаачилгаар өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гэр хорооллын өрхүүддээ эрчим хүчинд хэмнэлттэй, бүрэн шаталттай зуухыг хөнгөлөлттэй үнээр олгож эхэлсэн. Энэ оныг дуустал Өлзий, Дөл, Талст, Векас 107 зуухнуудыг иргэддээ дахин хөнгөлөлттэй үнээр олгосноор гэр хорооллын өрхүүд бүрэн шаталттай зуухаар 100 хувь хангагдах юм байна.