Солонгос сериалуудын эсрэг суулт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Солонгос сериалуудын эсрэг суулт хийнэ

Телевизийн суваг бүрээр солонгосын олон ангит кино гарч байгааг эсэргүүцэн суулт зохион байгуулахаар болжээ. Энэхүү санаачлага одоогоор цахим ертөнцөд өрнөж буй бөгөөд Дэлхийн кино урлагийн мэндэлсэн өдөр гэгддэг арванхоёрдугаар сарын 28-нд олон нийтэд хандсан суулт зохион байгуулахаар болсон байна. Уг арга хэмжээг зохион байгуулагч Л.Таванбаяр энэ талаараа “Хэдэн жилийн өмнө Солонгосын одод гэгдэх 100 гаруй жүжигчид, уран бүтээлчид "БНСУ-ын телевизийн сувгуудаар гарах гадны кинонууд 70 хувийг нь эзлэж буйг" эсэргүүцэн суулт зарласны хүчинд энэ харьцааг эсрэгээр нь өөрчилж чадсан. Одоо Солонгосын телевизүүдээр 70 хувьд нь Солонгос кино гардаг болсон. Энэхүү суулт маань солонгос киноны эсрэг биш юм. Тэд нар тэндээ киногоо хийдэг л юм байгаа биз. Харин бид л энд үзүүлэхээ больчихмоор байна. Үзүүлсэн ч хяналттай баймаар байна. Солонгост хэзээ ч хаад байгаагүй. Харъяалсан улсаас нь томилсон вангууд л байсан. Гэтэл манай телевизүүдээр үзүүлээд байгаа сериалуудад манай нүүдэлчин угсаатай Зүрчид, кидан аймгуудыг л ялсан тухай үзүүлдэг. Энэ чинь түүх гуйвуулж буй хэрэг. Ирээдүй маань ийм түүхэнд итгэвэл яах юм бэ. Удахгүй манай их хаадыг ялж байсан гээд кино хийгээд, түүнийг нь манай телевизүүд гаргаад эхлэвэл яах вэ. Ер нь Солонгос соёл Монголын залуусыг арай л дэндүү сул дорой болгож байна. Өдөр болгон хэрүүл, зодоон, өвчин зовлон харуулсан кино үзсээр байх уу” гэсэн бөгөөд уг арга хэмжээг дэмжин оролцохыг уриалж буйгаа хэллээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж