Дэлхийн хүнсний өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн хүнсний өдөр тохиож байна

Дэлхийн хүнсний өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага 1945 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 16-нд “Дэлхийн хүнсний өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн бөгөөд жил бүр тодорхой уриан дор зохион байгуулдаг. Энэ жилийн Хүнсний өдрийн уриа “Тогтвортой хүнсний сүлжээ – Хүнсний болон шим тэжээлийн баталгаат байдал” бөгөөд xүнсний болон шим тэжээлийн баталгаат байдлыг хангах, тогтвортой хүнсний хангамж, тогтолцоог бий болгох, хүнсний хаягдал, хорогдлыг багасгах  гэсэн чиглэлд гол анхаарлаа хандуулахыг  уриалжээ.

Манай улсад энэ жилийн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг НҮБ-ын ХХААБ-ын Монгол  улс дахь суурин төлөөлөгчийн газар, ҮХААЯ, Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Хүнс эвсэл” ТББ, ШУТИС-ийн Хүнсний инженер Биотехнологийн сургууль, ХААИС-ын Экологи, технологи хөгжлийн сургуулиудын багш, судлаач болон оюутнуудын дунд  “Хүнс эрүүл бол хүн эрүүл” сэдвээр Эрдэм шинжилгээний бага хурал, эссе бичлэгийн уралдаан зохион байгуулах, Баянзүрх дүүргийн халамжийн төвийн хүүхдүүдэд хүнсний тусламж өгөх, хүнсний хаягдал, хорогдлыг багасгах талаар үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл бэлтгэж тараах ажлуудыг хийж буй ажээ. Мөн Төв аймгийн Зуунмод хотод энэ өдөрт зориулсан арга хэмжээг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ассоциациас зохион байгуулж байна.

Дэлхий дээр ойролцоогоор хоёр тэрбум хүн эрүүл мэндийн суурь болсон амин дэм ба эрдэс бодисын дутагдалтай амьдарч байгаа статистикийг гаргажээ. Тэгвэл амин дэмтэй хүнс хэрэглэхэд энэ жилийн хүнсний өдрөөр онцлоод байгаа тогтвортой хүнсний сүлжээ чухал гэх юм. Тодруулбал, энэ нь шим тэжээллэг хооллолтыг хүмүүст санал болгодог бөгөөд хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, боловсруулах, үйлдвэрлэх, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, худалдах зэрэг үйл ажиллагааг хамардаг ажээ. Тогтвортой хүнсний сүлжээ нь тариан талбай болон малын бэлчээрээс  хоолны ширээ хүртэлх бүх шатанд хүнсийг үр ашигтай боловсруулахад голчилж анхаардаг байна.
 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж