Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Шагналын сэнтий

Хааны хүү хаан гэгчээр даргын хүү дарга болдог гэсэн бичигдээгүй хууль Монголд тогтох шинжтэй. Өөрсдийгөө хаан гэж эндүүрсэн шинэ үеийн баячууд тоглож байгаа гол дүрийнхээ мөн чанарыг ч ялгах ухаангүй төрийн албыг хааны сэнтий мэтээр төсөөлж байгааг нь харахаар харамсалтай. Төрийн алба уг нь ах дүү хамаатан садандаа өв уламжлуулан өгдөг, бэлэглэлийн гэрээгээр олгодог “сэнтий” биш юм.

Харамсалтай нь Монголд хэн өндөр албан тушаалтай байна, тэр ах дүү танил тал, эхнэр хүүхдээ мөн л өндөр албанд томилдог тийм л жишиг тогтчихоод байна. Энэ нь манай улстөрчдийн хувьд “хааны хүү хаан болдог” гэдэгтээ агаар нэгэн ойлголт болсон юм уу даа. Аль нэг УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдын ах дүү хамаатан садан бол төрийн томоохон албан тушаалд ямар ч төвөггүйхэн томилогддог болсон. Төрийн албан хаагчийн шалгалт өгсөн эсэх нь тэдэнд чухал биш. Харин энгийн иргэдийн хүүхдүүд энэ шалгалтыг заавал өгсөн байх шалгууртай. Тэнцлээ ч тэдэнд очих албан тушаал ч байхгүй. Нөөцөд бүртгэлээ, хүний орон тоо гарвал дуудна гээд л болчихдог шүү дээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн МАН-ын  гишүүн ч гэлээ намынхан нь агентлагийн даргын албанд ямар ч “тендер”-гүйгээр томилсон нь эхнэрийнх нь гавьяа.  Түүний эхнэр хэрвээ улстөрч биш байсан бол түүнийг энэ албанд томилох байсан нь эргэлзээтэй. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүү ахынхаа нэр нөлөөгөөр “Монголросцветмет” нэгдлийн захирлаар томилогдоод удаж байна. Мөн  Ц.Даваасүрэн гишүүний төрсөн дүү ИНЕГ-т томоохон албанд очсон бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү ямар саад бэрхшээл, шалгалт шүүлэггүйгээр Монголбанкны дэд захирлын албыг авсан билээ. УИХ-ын гишүүн О.Содбилэгийг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг агсны хүү гэдгийг монголчууд андахгүй. Түүний ээж Д.Туяа мөн л нөхрийнхөө орыг залгамжилж УИХ-д сууж байсан. Одоо Германд Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж буй. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн “Эрдэнэс МГЛ”-ын дэд захирал, “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа юм.

Хуульч мэргэжилтэй Х.Алтайг Хөрөнгийн биржийн захирлаар томилогдоход аав Л.Хангайн нэр нөлөө орсон гэж намынхан нь ярьдаг. Түүнийг Ч.Сайханбилэгтэй ойр дотно гэлцэх нь бий. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр АНУ-ын Сан-Франциско хотын консулаар сууж байгаа бол “Мон атом”-ын захирлаар ажиллаж байсан Р.Бадамдамдингийн хүү Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын алба хашдаг.

Энэ мэтчилэнгээр тоочоод байвал төрийн албыг ах дүү хамаатан садандаа ямар ч шалгуургүйгээр аваад өгчихсөн олон жишээг нэрлэж болох юм.  Өөрөөр хэлбэл, төрийн алба  "шагналын сэнтий" болчихсон, түүний төлөө баячууд өнгө мөнгөөр уралдаж байгаа нь Монгол төрийн бодлогод сөргөөр нөлөөлж эхэллээ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд аав, ээжийнхаа арыг залгамжилна гэж жинхнээсээ итгэчихсан яваа "жаалууд" цаанаас чинь өсч өндийж эхлээд байна. 

Нэртэй, төртэй аавын хүүхдүүд аль нэг төрийн албанд төвөггүйхэн очиж байхад, энгийн иргэний хүүхдүүд мэргэжилтэй, мэргэшсэн байлаа ч тэрхүү албанд томилогдоно гэдэг бараг л мөрөөдөл гэхэд дэгсдэхгүй. Насаараа төрийн албанд морь нохой шиг зүтгээд хэлтсийн дарга ч болж чадахгүй байхад нэр нөлөөтэй аавын хөвгүүд оюутны ширээнээс даргын "сэнтий"-д шууд заларч байгааг Монголын төрийн шинэчлэлт гэж ойлгох уу.  Хэн нэгэн чадлаараа аль нэг яамны газрын дарга боллоо гэхэд арын хаалганы нөхөр гэж харддаг. Ийм хардалтын төрүүлэх шалтгааныг бүрдүүлээд байгаа Монголын нийгэмд тогтоосон улс төрийн намуудын гаж үзэгдлийг яах вэ.  Энэ гаж үзэгдэл хэрэвзээ жишиг болж тогтчихвол мөнгөтэй  нөлөөтэй аавын хүү биш бол төрд ажиллана гэдэг хүндхэн даваа болох нь байна шүү

Энэтхэгийн кастын систем шиг даргын хүү дарга, улстөрчийн хүү улстөрч болдог тогтолцоо Монголд бий болчихвол төрийн албыг хэдэн компанийн захирлууд өв залгамжуулах “хөрөнгө” болоод хувирах дэгээ.

Ж.НЯМ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж