“Дахин төлөвлөлтөөс болж иргэд хохирох ёсгүй”

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

“Дахин төлөвлөлтөөс болж иргэд хохирох ёсгүй”

НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хандан Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Шаардлага хүргүүлэх болсон нь гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор зөрчил гарч иргэд хохирч болзошгүй байна гэж тэд үзэж байна. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сарын 24-нд НИТХ-ын хуралдаанаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжид нэр бүхий найман байршлыг хамааруулах шийдвэрийг гаргажээ. Гэвч энэ ажлыг гүйцэтгэх компаниуд нь хөрөнгийн баталгаатай эсэх нь эргэлзээтэй байгаа төдийгүй иргэдээс “Газрыг хямд үнэлж байна” гэх гомдол багагүй ирж байгаа аж. Тиймээс гэр хорооллыг барилгажуулах ажлыг хийхдээ иргэдэд эрсдэлгүй зохион байгуулах ёстой гэж үзэн, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хорооны дарга Д.Баттулга нарт дараах хоёр шаардлагыг хүргүүлж байгаа юм байна.

Үүнд. 1. Нийслэлийн Засаг дарга 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө хотын гэр хорооллыг тохилог амины орон сууцаар хангана гэж оруулсан байдаг. Үүнийгээ нийтийн орон сууцаар хангана хэмээн өөрчлөх,

2. “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийг хэрэгжүүлэгч компани болон иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцэл их байгаа учир нийслэлийн Засаг дарга, НИТХ ямар нэгэн эрсдэл гарахгүй гэсэн батламж гаргаж энэ оны арваннэгдүгээр сарын 15-наас өмнө дахин төлөвлөлтөд хамрагдах иргэдэд тарааж өгөх гэсэн хоёр шаардлага хүргүүлж байна гэдгээ НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Мөн тэрээр "Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах зүй ёсны шаардлага бий ч иргэд хохирох ёсгүй. Тэр тусмаа иргэдийн өмч болсон газрыг иргэдтэй харилцан тохиролцож тодорхой шийдэлд хүрсний үндсэн дээр барилгажуулах ажлыг хийх ёстой. Ингэхдээ дэд бүтцээс нь эхлүүлээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргийг бүхэлд нь шийдэх ёстой" гэж хэлсэн юм.

Хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” мэдээллийн төвд болсон юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж