Нөхөн төлбөр шаардана гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Нөхөн төлбөр шаардана гэв

Тамхины хяналтын тухай хууль нь далд худалдааг цэцэглүүлж зөвшөөрөлтэйгээр худалдаа эрхлэгчдийн ашиг орлогыг хааж байна гэж “500 биш 100 метр” худалдаа эрхлэгчдийн бүлгийн төлөөллийнхөн өнөөдөр “Монгол ньюс”-д мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ.

Дээрх бүлэгт одоогоор 3000 гаруй жижиг бизнес эрхлэгчид нэгдсэн байна. Орон нутгаас худалдаа эрхлэгчид утсаар дамжуулан холбогдож, үйл ажиллагааг нь дэмжиж байгаагаа илэрхийлдэг. Гэхдээ албан ёсоор бүлэгт нэгдээгүй байгаа. Хэрэв тэднийг оруулбал 1000 гаруй жижиг худалдаа эрхлэгчид болно гэж хэвлэлийн бага хуралд оролцогчид тэмдэглэв.

Тэд Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн үеэс хууль бус худалдаа газар авч таксины жолоочоос эхлүүлээд байрны жижүүр, шагийн наймаачид зэрэг олон хүн энэ ажлыг хууль бусаар хийж байгааг холбогдох газруудад мэдэгдсэн ч арга хэмжээ аваагүй гэнэ. Харин өнгөрсөн есдүгээр сард Мэргэжлийн хяналтын газрынхан Тамхины хяналтын хуулийн хэрэгжилтэд шалгалт хийснээр хууль бус худалдаа цэцэглэжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.  Уг нь худалдаа эрхлэгчид Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хандан Тамхины хяналтын тухай хуульд заасан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метр дотор тамхи худалдахыг хориглоно” гэх заалтаа эргэж харж өөрчлөхгүй бол хуулийн цоорхой ашигласан нөхдүүдээс болж олон хууль бус үйлдэл газар авах нь гэдгийг анхааруулсан байна. Мөн жижиг худалдаа эрхлэгчид нийт ашиг орлогынхоо 15 хувийг алдаж байна гэдгээ ч уламжилжээ.

Худалдаа эрхлэгчдийн хувьд нэг хайрцаг тамхинаас 300 төгрөгийн, паачик тамхинаас 3000 төгрөгийн ашиг олдог байсан гэнэ. Үүнийгээ сараар үржүүлж, нийт жижиг худалдаа эрхлэгчдээ оруулбал 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байх магадлалтай аж. Тиймээс одооноос эхэлж энэ бүх нарийн тооцоог гаргана. Улмаар тэд хохирлоо нөхөн төлүүлэх шаардлагыг Засгийн газарт тавина гэж хэллээ.

Уул, ус сүйтгэж байгаа уул уурхайн компаниуд төрөөс нөхөн төлбөр шаарддаг бол жижиг худалдаа эрхлэгчид мөн зүй ёсны шаардлага тавьж нөхөн төлбөр шаардахаас аргагүй” гэж байна. Учир нь хууль тогтоогчид Тамхины хяналтын тухай хуульд сургуулиас 500 метрийн дотогш тамхи худалдахыг хориглоно гэх заалт суулгах гэж байгаагаа худалдаа эрхлэгчид урьдчилан сануулаагүй. Гэтэл тэд зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг даган хөрөнгө мөнгө гаргаад дэлгүүр, худалдааны төв байгуулсан нь ч бий. Үүнд хөрөнгө нэлээдгүй зарсан. Нөгөө талаас Тамхины хяналтын тухай хуулийн хүрээнд тамхи татахыг хориглох тухай, худалдан борлуулах тухай хоёр өөр асуудлыг ялгаж салгах ёстой гэж мөн тэд хэлж буй юм. Тэдний хувьд тамхи татахыг хориглох нь зөв гэж байна. Харин худалдан борлуулахад дээрх 500 метр гэх хориг тавьснаар татвар төлж, тайлан гаргаж хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нэгний эрх ашгийг хөндөж, хууль бус худалдаачдад боломж олгож байгаа нь эцсийн дүндээ татварын орлогод ч нөлөөлөх талтай гэнэ.

Дээрх асуудлын хүрээнд “500 биш 100 метр” худалдаа эрхлэгчдийн бүлгийн ерөнхий зохицуулагч Д.Равдангаас дараах зүйлийг тодрууллаа.

-Тамхины хяналтын тухай хууль хэрэгжсэнээр хууль бус худалдаа буюу гар дээрх худалдааг цэцэглүүлж байна гэдгийг та бүхэн юугаар нотлох юм бэ?

-Мэргэжлийн хяналтын газрынхан орон нутаг болоод нийслэлийн дүүргүүдэд Тамхины хяналтын тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаад шалгалт хийгээд маш их зөрчил гарч байна гэдгийг мэдээлсэн шүү дээ. Зарим газарт хоригт орсон бүсэд хүртэл тамхины худалдааг нууцаар хийж байгаад баригдсан жишээ бий. Энэ чинь эцсийн дүндээ Тамхины хяналтын тухай хуульд заасан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метр дотор тамхи худалдахыг хориглоно” гэх заалт амьдралд хэрэгжих боломжгүйг нотолж байна шүү дээ. Тийм учраас энэ заалтаа өөрчилж, хууль ёсны болгочихвол далд цэцэглэж байгаа хууль бус үйлдлүүд хумигдана.

-Засгийн газраас нөхөн төлбөр шаардана гэж байна. Яг хэзээ та бүхэн нөхөн төлбөр шаардах вэ. Үүнээс өмнө хуулиа эргэж хар ч гэх юм уу. Тийм шаардлага тавьж болдоггүй юм уу?

-Хууль хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж бид хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-иас эхлүүлээд Ерөнхийлөгч, Засгийн газарт бүгдэд нь хандсан. Ерөнхийлөгчийн зүгээс бол “Энэ хуультай холбоотой асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд судалж байна” гэдэг хариу ирсэн. Бусад нь одоог хүртэл тодорхой хариу ирүүлээгүй байгаа. Тийм болохоор бид шат, шатны арга хэмжээ авна. Эхлээд тооцоо хийнэ, тэгээд нөхөн төлбөрөө тодорхой болгож Засгийн газарт хандана.

-Тахины хууль хэрэгжсэнээр нэг талдаа их зөв арга хэмжээ болж байна гэж үзэх хэсэг бий. Гэтэл та бүхэн ашиг орлого хаалаа гэж нөхөн төлбөр шаардах болж байдаг?

-Орлогынхоо 15 хувийг алдаж байна, тийм болохоор нөхөн төлбөр шаардана. Уул уурхайн компаниудын лицензийг цуцалснаар төр нөхөн төлбөр өгөх тухай ярьж байна. Уул уурхай гэхээр том, худалдаа эрхлэгч гэхээр жижиг асуудал гэж үзэж болохгүй. Ялгаа байхгүй адилхан хязгаарлагдсан учраас нөхөн төлбөрийн асуудал тавих нь зөв гэж үзэж байгаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж