Бууны албан татварыг инфляцийн өсөлттэй уялдуулан нэмнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

Бууны албан татварыг инфляцийн өсөлттэй уялдуулан нэмнэ

АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, БУУНЫ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ НЭГТГЭЖ, ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАНА

Татварын багц хуулийн төслийг шинээр боловсруулж буйтай холбогдуулан манай сониноос тус хуульд чухам ямар өөрчлөлтүүд орсон талаар цувралаар хүргэж байгаа билээ. Өнөөдрийн дугаарт Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн онцлогоос мэдээлж байна. Дашрамд дурьдахад Үл хөдлөх хөрөнгийн, Бууны, Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын тухай хуулийг нэгтгэж “Хөрөнгийн” гэх нэрийн дор нэг хууль болгохоор зэхжээ. Ингэхдээ хариуцлагыг нь илүү чангатгах гэнэ. Гэхдээ дээрх гурван төрлийн албан татварын тухай хуулийг нэгтгэлээ гээд төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй гэдгийг хууль санаачлагчид хэлж байна. Нөгөөтэйгүүүр татварын дээд, доод хувь хэмжээг УИХ шийдэх заалт нь хэвээрээ байгаа аж. Тодруулбал, Авто тээвэр болон өөрөө явагч тээврийн хэрэгсэл, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн татварын хязгаарыг УИХ-аар хэлэлцэж тогтоодог байсан бол хуулийн шинэ төсөлд бууныхыг ч мөн УИХ-аар тогтоох юм.

СЭНДВЧИН БАРИЛГА, ГЭРИЙГ ҮЛ ХӨДЛӨХ
ХӨРӨНГӨД ТООЦНО

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд нэмэлт өөрчлөлтүүд орж байна. Одоо үйлчилж байгаа хуульд баланс, гэрчилгээн дээрх үнэ, зах зээлийн үнэ гэх гурван төрлөөр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоодог. Гэвч энэ хэлбэрийн үнэлгээний зарчим өнөө үед тохирохгүй, хоцрогдсон байгаа юм. Тиймээс нэлээд уян хатан хуулийн заалтыг оруулж ирэх гэнэ. Түүнчлэн одоогийн хуульд сэндвчин барилга, эсгий гэр зэргийг үл хөдлөх хөрөнгөд хамааруулдаггүй. Харамсалтай нь уул уурхайн гэлтгүй бусад компаниуд хуулийн энэ цоорхойг ашиглан ажилчдын болон үйлдвэрийн байрыг сэндвичээр барьж үл хөдлөх хөрөнгийн ямар ч татвар төлөхгүй зайлсхийдаг болчихсон. Харин хуулийн шинэ төсөлд тэдгээрээс татвар авах юмсанж. Дашрамд дурьдахад гэрийг үл хөдлөх хөрөнгөд тооцсон ч татвар авахгүй юм байна.

Нөгөөтэйгүүр хүнд даацын томоохон авто­машинуудыг импортлогчид хилээр оруулж ирэхдээ 45 тоннын даацтай гээд бичиг авчихдаг. Гэтэл ачаа ачихаар 60 тоннын ч юм уу 100 тоннын даацад хүрдэг байна. Даацын хэмжээ нь ингэж нэмэгдсэнээр хөрс, зам харгуйн эвдрэлийг хамгийн ихээр нэмэгдүүлдэг гэнэ. Иймээс даацаас хэтэрсэн дүнд тохируулан татвар авах аж.

БУУНЫ АЛБАН ТАТВАР ИНФЛЯЦИЙН ӨСӨЛТӨӨС ШАЛТГААЛЖ ӨӨРЧЛӨГДЖЭЭ

Эл хуулийг анх 1993 оны тавдугаар сарын 11-нд баталж 400-600 төгрөгийн татвар авахаар УИХ-аас тогтоож байжээ. Харин 1997 онд төлбөрийн хэмжээнд нэмэлт өөрчлөлт оруулж 4000-6000 төгрөг болгосон байна. Тэгвэл өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдчихсэн, төгрөг үнэгүйдэж байгаа энэ үед төлбөрийн хэмжээнд нь өөрчлөлт оруулах хэрэгтэйг хууль санаачлагчид хэлэв. Тиймээс дараах хүснэгтэд өөрчлөгдсөн үнийг нь тавьлаа.

Түүнчлэн албан татвар төлөгч хөрөнгөө ашиглах боломжгүй болж ашиглалтаас хасагдсан, хөрөнгийг худалдах, бэлэглэх, өв залгамжлуулах зэргээр бусдад шилжүүлсэн тохиолдолд татварын бүртгэлээс хасах юм. Харин үл хөдлөх хөрөнгийн татварыг тухайн үеийн үнэлгээ, зориулалтаас нь хамаарч 0.6-1.0 хувиар ногдуулах аж.

Л.БААТАРХҮҮ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж