***
Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь…
Сэтгэлээ ариусгаж, махан бодио өвс ногооны чинь ширхэг бүхэнд өгье!
Санаагаараа жаргаж, гол усны ариун тунгалагт уусья!
Мөнх наст тэнгэр чинь намайг ширтэнэ, эх орон минь!
Цал буурал үүлсээр чинь би нулимсаа арчина.
Монгол нар алтлаг өнгөөр нүд гялбуулж
Миний Гангабаатар хүү шиг инээнэ.
Нар туссан шаргалхан уулсын чинь хормойд эрхэлье, эх орон минь
Нас буянаа хайрла, уулс минь…
Яруу эгшиг зүрхэнд шингээж үдшийн агаарт болжмор жиргэнэ.
Янжинлхамтай ханьсаж сэтгэлийн дотор алтан ятга эгшиглэнэ.
Хот айлын яндангаар суунаглах утаа
Холын уулсын бэлд цэнхэр хөшиг татаж,
Хонь ямаа майлалдан, үхэр мөөрөхөд тунгалаг агаар цалгина.
Үнэхээр сэргэлэн багачуудын цовоо дуун голын урсгалыг хөгжөөж
Үл мэдэгхэн сэвэлзэх сэвшээнд нарсны орой сортолзоно.
Өвс ногооны үнэртэй миний салхин сэтгэл
Үдшийн торгомсон агаарт ууснам … үлгэрийг би мэднэ!
1978.7.24
***
Гэрэлт сараана цэцэг агаар дунд дэлбээлсэн юм шиг хайр сэтгэл минь
Гэгээн оддын дунд би тохирох байраа болсон юм шиг хайр сэтгэл минь
Орчлонгийн цоо шинэ аялгуулгаар намайг хулдан, уян зөөлөн болгоно.
Оршин тогтнохын шинэ хэлбэр, биет бус яруу сайхныг мэдэрнэм…
Оюун бодлын шинэ туяа, өөрийгөө өргөмжлөх анхны сэрэл
Одоог минь маргаашаар гэрэлтүүлэх ариун нандин хайр !
Гурван настай охин гартаа атгасан алимыг энхрийлэх шиг
Гуа сайхан амраг минь чинийхээ ягаахан хацрыг илбэмүү !
Намрын улаахан алим охины гар дээрээс алга болох шиг
Надад сонин сэрэл төрөвч, шим шүүс нь биед үлдэнэ…
Аяа, хайр сэтгэлээ би ягаахан алимны шим шүүс гэмүү !
Амьдрах хүчийг дотроос минь өгч, хацар дээр гэрэлтнэм.
Ухаангүй гэнэн, учирсан чинийхээ төлөө галзуурч чадахаар дурланам.
Униар дунд шувуудын далавч гялсхийх шиг яруу тансаг дурланам…
Урин ялдамхнаар надад мишээсэн өдөр чинь ухаан суусан би.
Уян зөөлөн бүсгүй хүнийг хайрлах нь гавьяа болохыг ойлгосон !
Хөвгүүн биед минь тохиолдсон анхны хувьсгал хайр юм.
Хөөрхөн чиний минь нүд, энэ хувьсгалын билгэдэл юм…
Дурлалын инээмсэглэлээ туг болгон, өөрийгөө өөрчлөх тулалдаанд
Дуу чимээгүй орохдоо би Итгэл, Мөрөөдөл, Хүлээхийн гаригийг нээсэн.
Долоон бурхан одод залхуутайяа гялалзах
Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй
Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх
Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай
Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр
Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр
Одод жингэнэн бууж, хорвоогоор нэг цацагдах нь гэмээр
Одоо л ертөнцөд галав юүлэх нь гэмээр
Хоёрдугаар сард л дуртай!
Түнэр харанхуй шөнийн хүйтэнд захаа босгож
Түнэр харанхуй нь шуурганд дарагдсан их талд
Малгайгаа бүчилсэн найрагч зүг чигээ алдаж
Манан, салхи, шуурга, шөнө уулстай нөхөрлөнө
Хөлдүү салхинд хормой нь дэрвэж дотор нь халууцах
Хөөрхий найрагч их орчлонд тэнүүчлэхээр ирсэн юм
Галав эриний их зөнч, сүйрлийн дууч энэ хүнийг
Галзуу цасан шуурга улин тосож авсан юм
Дүнгэнэх тэнгэр, аварга их уулс царцах хүйтэнд
Дүнчүүр чоно улин хэмхэлцэх лугаа их шуурганд
Хүн төрөлхтний шөнийн харанхуй энэ их шуурганд
Хүйтэн орон зайг бүлээцүүлэн ганц найрагч алхана
1992.02.09
Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?
1998.11.22
Очирбатын Дашбалбар агсны шүлгийг http://odashbalbar.blogspot.com/-с уншина уу.