Авлигатай тэмцэх газрын эрхэм дарга, авлигатай тэмцэгч нарт сонсгох үг байна. Зөвхөн үг төдийгүй мэдээлэл байна. Олны нүд чихнээс холхон орших Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр гэж бий. Манай улсын төсвийн талыг нуруундаа дангаараа үүрдэг эл үйлдвэр байнга анхаарлын төвд байдаг. Тэндэхийн дарга нь хэн болох бусад албан тушаалууд дээр ямар хүн тавигдах нь ямагт сонин. Улсын сангийн авдрыг дүүргэдэг байгууллага болохоор аргагүй. Гэтэл сүүлийн үед Эрдэнэтэд нэг айхтар хэмжээлшгүй эрхт хатан бий болжээ. Экс Ерөнхий сайд С.Баяртай нэг анги, түүний туслах Алтай гэгч залуугийн ээж, Элчин сайд асан Л.Хангайн худ гэдэгтээ эрдсэн Хангамжийн хэлтсийн дарга Оюунцэцэг гэгч эмэгтэйн тухай мэдээлэл өвсөнд ассан түймэр мэт дэгдэх боллоо. С.Баяр Ерөнхий сайд байхдаа түүнийг Эрдэнэт үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн даргаар томилжээ. Ерөнхий сайдын татаасны хүн гэдэгтээ эрдсэн тэрбээр 200-гаад тэрбум төгрөгийн худалдан авалтын падаан дээр гарын үсэг зурах эрхтэй гэж байгаа. Гэхдээ зүгээр ч нэг зурчихдаггүй. Эрдэнэт үйлдвэртэй хийгдэж буй гэрээ бүрийн ард хэн байгааг асууж эздийг нь өрөөнийхөө үүдэнд хэдэн өдрөөр ч хамаагүй уяж томордог байна. Компанийн захирлууд байтугай УИХ-ын гишүүдийг уулзах гээд ирэхэд ч “Завгүй байна. Хүлээж бай” гээд хэдэн өдрөөр хаячихаад алга болдог аж. Шаардлага тавьсан хүнийг толгой түрүүгүй загнаж ёстой л нөгөө “Алтанзагас”-ын үлгэрийн эмгэн шиг аашилдаг тухай амтай болгон л шуугиж байна. Социализмын он жилүүдэд бол том даргын найз, ангийн хүүхэд, худ ураг болсон хүмүүс энэ дайны аашилдаг л байсан гэдэг. Харин өдгөө ардчилсан нийгэмд, XXI зуунд ийм авиртай этгээд хачин дүр төрхүүд нэг их хол явамгүйсэн. Элчин сайд асан Л.Хангай Улаанбаатар төмөр замын даргаар яригдаж, Ерөнхий сайд асан С.Баяр МАХН дахь нөлөөгөө алдахгүйг хичээж бйагаа энэ цагт энэ мэтийн хурган дарга даврах нь Монгол улсад ашигтай гэж үү. Албан тушаалд ирээд удаагүй атлаа 20 мянган ам.долларын үнэтэй “Vertu” хэмээх гар утас барьчихаад тусгай жип хөлөглөн байгаа энэ эмэгтэйг Авлигатай тэмцэх газрынхан шалгаад үзэхэд буруудахгүй мэт санагдана. Ямар цалинтай хүн болохоороо 20 мянган ам.доллараар гар утас худалдан авдгийг нь шалгаж шүүхэд болохгүй гэх газаргүй. Саяхан л гэхэд ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан Хангамжийн хэлтсийн гурван менежерийг ямар ч үндэслэлгүй ажлаас нь халж албан тушаалаа хэтрүүлэн ашиглажээ. Тэд өмнөх ажлаа л хийж байсан болохоос Оюунцэцэгийн таалалд нийцэхийн төлөө ажиллаж чадаагүй нь алдаа болсон юм. Сав л хийвэл С.Баярын нэрийг барьж даналздаг эл эмэгтэй тэтгэвэрт гарах нас нь болчихсон атлаа Төрийн албаны тухай хууль зөрчин ажиллаж байна. Түүнээс илүү чадвартай мэргэжилтнүүдийг хоёр гурваар нь ажлаас нь халж болдог атлаа тэтгэврийн насны эмээг сул цалинжуулан “эрх хатан” болгож байгаа нь С.Баяр, Л.Хангай нарын нөмөр нөөлөг гэхээс өөр юу байхав. “Эрдэнэт” үйлдвэр өглөө бүр 8.00 цагаас шуурхай хуралтай байдаг бол Оюуцэцэг авхай үд өнгөрсөн хойно арайхийн морилдог гэж байгаа. Төрийн албаны төгөлдөршил ярьж төрийн албан хаагчдын хүнд суртал, авлигатай тэмцэнэ хэмээн уухайлж байсан С.Баярын ангийн найз Эрдэнэт үйлдвэрээр тоглож суугаа нь шударгад ёсонд нийцнэ гэж үү. Тиймээс, Эрдэнэт үйлдвэрийн эрх хатныг шалгаж хайрла, Авлигатай тэмцэх газрынхаан.