Албан тушаал ахих боломж ба саад

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Албан тушаал ахих боломж ба саад

Та "улаан гал дүрэлзсэн дайны талбарт” байна гэж бодье. Тэгээд тэрхүү дайны талбарт албан тушаалын төлөөх ширүүн тулаан болж байна хэмээн төсөөлөөд үзье.

Тэгвэл энэ өвөрмөц тулаанд ялалт байгуулахын тулд хэд хэдэн бичигдээгүй хуулийг дагаж мөрдөх хэрэгтэй болдог. Тэрхүү бичигдээгүй хуулийг үзэглэвэл:

1. Орой ажил дээрээ илүү цагаар сууж хэрхэвч болохгүй. Энэ нь таныг ажилдаа муу, мэдлэг хомс, аливаа ажлаа цагтаа амжуулдаггүй, ер нь чадвар муутай хүн хэмээн харагдуулна. Харин та өөрийнхөө хувийн компаны захирал нь бол ажил дээрээ өдөржин шөнөжин байсан ч таны л дур. Энд та “хаан”.

2. Албан тушаал дэвших хамгийн сайхан боломж бол чухал хэрэгтэй хүмүүстэй ойр дотно харилцаа тогтоох явдал. Ийм холбоо тогтоохдоо хэд хэдэн сөрөг үр дагавраас болгоомжлох хэрэгтэй. Үүнд:
– Сэтгэл санааны хямралд орох.
– Хамт олны дунд нэр хүндээ алдах
– Дотно нөхөрлөж итгэл хүлээлцсэн өндөр тушаалтан тань асуудалд унавал "чононд" таныг бариад өгөх.
– Дотно нөхөрлөлийн харилцаа тасарвал та нөгөө албан тушаалдаа баттай суугаад байж чадах болов уу яах бол….

3. Хэт олон зүйлээр бусдаас онцгойрон ялгарах гэж зүтгэх шаардлагагүй. Зөвхөн ажил мэргэжил эсвэл хувь хүн талаасаа бусдаас давуу гэдгээ баталж харуулах нь чухал.

4. Хамт олонтойгоо дотно нөхөрлөвөл албан тушаал ахина гэсэн ташаа ойлголт байдаг. Үнэндээ огт тийм биш. Албан ажил дээр бид ажлаа хийх гэж л ирдэг болохоос хэн нэгэнтэй дотносох гээгүй биз дээ. Албан тушаалд томилогдсон цагаасаа л хамт олонтойгоо тэгш найрсаг харилцааг үүсгэх хэрэгтэй. Дээрх хоёр асуудлыг хольж хутгаж ойлгож хэрхэвч болохгүй юм.

5. Албан газрын эд хөрөнгийг би ч хэрэглэх ёстой хэмээн андуу бодож цамаан авир гаргах хэрэггүй. Албаны утсаар олон дахин хувийн асуудлаа ярихыг дарга нар тэвчдэггүй юм шүү. Ажлаа найзуудынхаа уулзаж цуглардаг газар болгочихвол та л муу нэр зүүнэ. Бас гэр бүл, үр хүүхэд тань ажлаар чинь байнга л холхиод байвал бас л таагүй сэтгэгдэл төрүүлэх болно. Жижиг гэлтгүй энэ бүхэн албан тушаал ахихад чинь саад болох нэг шалтаг болж болох юм шүү.

6. Ажил дээрээ бусдаас хэт ялгарсан үнэтэй, ховор чамин хувцсаар гангарах хэрэггүй л болов уу. Эмэгтэйчүүдийн хувьд даруухан оо энгэсэг хэрэглэвэл зүгээр.

7. Өөрөөсөө дээгүүр албан тушаалтан эсвэл ахмад настай ажилтантай үг зөрүүлэн сөргөлдөхөөс зайлсхийсэн дээр. Бусадтай таарамжгүй, үргэлж сөргөж хэрэлдэх нь албан тушаалын карьерт чинь саад болохоос өөр тусгүй.

8.Ажлаа ойр ойрхон сольж өөрчлөөд байвал нэр хүндэд тань муугаар нөлөөлж, дэвших боломж олгохгүй.

9."Дарга үргэлж зөв байдаг" гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Таны удирдлага үнэхээр буруу ташаа алдаатай зүйл хийгээд байвал түүнийг нь шууд тулгаж бус харин арай ухаалаг байдлаар хэлж мэдрүүлэх хэрэгтэй. Ер нь удирдлагынхаа эсрэг элдэв яриа үүсгэх хэрэггүй л байдаг . Ажлын бүтээмж буурвал удирдлага хариуцлага хүлээх ёстой ч манайд дарга хариуцлага хүлээдэггүй "хуультай “ тул цаг тухайд нь ухаалаг "маргалдах" зөв ч байж болох юм.

Эдгээр “бичигдээгүй “ хуулийг ухаалаг мөрдөж чадвал нүдэнд үл үзэгдэх далд тулааныг та ялж гарч чадна гэдэгтээ итгээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж