Хэлэлцээрийг соёрхон батлахад дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Хэлэлцээрийг соёрхон батлахад дэмжлэг үзүүлнэ

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын дэд дарга хатагтай Алена Гаядушковаг дагалдан яваа хүмүүсийн хамт хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга ярианыхаа эхэнд, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буйд нь хатагтай Гаядушковад талархал илэрхийлээд Европын Холбоо, түүний дотор Чех Улстай хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын чухал зорилтын нэг бөгөөд Чех Улсыг гуравдагч хөршөө гэж үзэж харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх сонирхолтой байдаг хэмээн тэмдэглэлээ.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 50 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж ирсэн, өөрийн өвөрмөц түүхтэй гэдгийг хатагтай Гаядушкова онцлоод цаашид ямар чиглэлээр, хэрхэн хөгжүүлэх талаар Их Хурлын даргын саналыг сонсохдоо таатай байх болно гэв.

Монгол, Чех хоёр орон төр, нийгмийн ардчилсан тогтолцоо, парламентын засаглалтай улсуудын хувьд хоёр орны харилцаанд парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал. Түүнчлэн Монгол Улсын Их Хуралд Монгол-Чехийн парламентын бүлэг ажилладаг, харин Чехийн парламентад Чех-Монголын найрамдлын бүлэг байгуулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа УИХ-ын дарга тодотголоо. Тэрээр цааш нь Монгол Улс, Европын Холбооны хоорондын “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг Европарламентад соёрхон батлахад Чехийн Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна. Мөн хоёр талын уламжлалт харилцааны хүрээнд Чех Улстай боловсролын салбарт, ялангуяа геологи, механик, авто зам, үйлдвэрлэлийн техник, технологийн инженерүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах сонирхолтой. Европын Холбооны нийгэм, эдийн засгийн салбаруудад даган мөрдөгдөж буй стандарт, нөхцөл, шалгуурыг Монголд нэвтрүүлэхэд Чех Улсын туршлагаас судална гэсэн юм.

  Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын дэд дарга хатагтай Алена Гаядушкова хэлэхдээ, манай парламентын доод танхимд Чех-Монголын хороо ажилладаг бөгөөд Сенатад бас байгуулах боломжтой. Сенат нь Чех Улсын парламентын дээд танхимын хувьд Европарламенттай нягт хамтран ажилладаг. Тиймээс бид Монгол Улс, Европын Холбооны хоорондын “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг өөрийн талаас дэмжээд зогсохгүй олон жилийн түншлэлээ хүндлэн Европарламентад соёрхон батлахад ч чармайн дэмжих болно гэдгээ онцлон хэллээ. Мөн Чех улс, Монголын геологийн эрэл хайгуулын салбарт эртнээс уламжлалтай хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх, улмаар уул уурхайн олборлолтын чиглэлээр өргөжүүлэх боломжийг судлах сонирхолтой байгааг Сенатын дэд дарга дуулгалаа.

  Чехийн төлөөлөгчид манай ШУТИС-ийн үйл ажиллагаатай нь танилцаж, эрдэмтэн багш нартай санал солилцсоноо дурдаад, хатагтай Гаядушкова өөрөө болон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд яваа Сенатын зарим гишүүд Чехийн их, дээд сургуулиудын Эрдмийн зөвлөлийн гишүүд бөгөөд хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллах болно гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж