Гишүүдийн цалинг нэмье

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Гишүүдийн цалинг нэмье

Ийм нэгэн гомдол өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр гарлаа.  УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар 2012 оны үйл ажиллагааны тайланг танилцуулсны дараа  УИХ-ын  Су.Батболд   “УИХ-ын гишүүдийн цалин, хангамжийг нэмэгдүүлмээр байна. Олон жилийн өмнө тогтоосон бензин, утасны мөнгө өнөөдрийг хүртэл хэвээрээ. Манай гишүүдийн 80-90 хувь нь бизнес эрхэлдэг болохоор тэдний хувьд энэ асуудал биш байх. Зарим нь ардын баатар болох гэж цалингаа авахгүй гэх нь бий. Гэхдээ цалингаараа амьдардаг гишүүд бас байгаа шүү дээ” хэмээн гомдоллов. Үнэхээр энэ удаагийн их хуралд байгаа өөрийн гэсэн бизнесгүй цөөн хэдхэн гишүүдийн нэг нь Су.Батболд. Анхнаасаа л төр бараадаж, аймгийн Засаг даргаас УИХ-д ирсэн түүний хувьд цалин хангамжийн асуудлыг сөхөхөөс аргагүй байсан бололтой. Өнөөдрийн байдлаар  УИХ-ын гишүүдийн дундаж цалин нэг сая орчим төгрөгт юм байна. Энэ хэмжээний цалингаараа чадан ядан амьдардагаа зарим нь нуулгүй хэлж байхад зарим нь хөдөө орон нутаг дахь бизнес болон орон байраа хүртэл таг дарж, улсаас байр хүсэх нь бий.

Түүнчлэн байнгын хорооны хурлын үеэр олон гишүүн  “УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын цалинг нэмэх хэрэгтэй, ийм бага цалингаар өндөр ур чадвартай ажилтнуудыг тогтоох боломж байхгүй, хамаг сайн хүмүүсээ хувийн компанид алдаж байна”  гэсэн саналыг дэвшүүлж байлаа. Их хурлын Тамгын газрын ажилтнуудын хувьд 500-600 мянган төгрөгийн цалинтай байдаг гэнэ. Гишүүдийн зөвлөхийн үндсэн цалин 645 мянга бол туслахуудынх 470 мянга, бие төлөөлөгч нь 500 мянган төгрөгөөр цалинудаг ажээ. Тэд энэхүү үндсэн цалин дээрээ  олон жил ажилласан болон албан тушаал, зэрэг дэвийн нэмэгдэл болон онцгой байдлын, албан томилолтын мөнгө  авдаг боловч нийгмийн  даатгал, орлогын татвар төлөөд үлдсэн цалингаа хоёр хувааж авахаар үнэндээ чамлалттай дүн гардаг юм байна. Гэтэл хувийн хэвшлийн зарим аж ахуйн нэгжийн үйлчлэгч, үүдний ресейпшний цалин хагас саяас илүү болчихоод байгаа юм. Тиймээс чадварлаг туршлагатай ажилтнуудаа төрийн албандаа авч үлдэе гэвэл цалин, хангамжийг нэмэгдүүлэх учиртай гэж УИХ-ын гишүүд үзэж байна.

Д.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж