Орон нутгийг хөгжүүлэхэд хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Орон нутгийг хөгжүүлэхэд хамтарч ажиллана

Уул уурхайн компаниуд орон нутгийг хөгжүүлэхэд хамтарч ажиллана

Уг арга хэмжээг Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн хэлтэс зохион байгууллаа

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын орон нутгийн харилцааны ажилтнуудын туршлага солилцох чуулга уулзалт 10 дугаар сарын 11-12-нд Оюу Толгой уурхайд боллоо. Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн хэлтсээс зохион байгуулсан уг арга хэмжээнд холбогдох албаны хүмүүс болон Уул уурхайн ассоциаци, "Эрдэнэс Тавантолгой", "Энержи Ресурс" "Таван толгой", "Өмнийн говийн элс", "МАК", "Хүннү коул", "Хүрээ дэл" зэрэг компаниудын орон нутгийн харилцааны хэлтсийн 40 гаруй төлөөлөл оролцсон юм.

Чуулга уулзалтад оролцсон компаниуд өөрсдийн нийгмийн хариуцлагын бодлого, хэрэгжилтийн талаар илтгэл тавьж, туршлагаа хуваалцан, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцжээ. Энэ үеэр Рио Тинтогийн Нийгмийн асуудал хариуцсан захирал Брюс Харви Рио Тинтогийн олон улсын хэмжээнд баримталж буй орон нутгийн харилцааны бодлого, хэрэгжилтийн талаарх туршлагаа хуваалцсан бол Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа Монголын уул уурхайн түүхэн хөгжил дэвшлийг танилцуулахын зэрэгцээ уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй ард иргэдэд хүртээмжтэй, байгаль орчинд хариуцлагатай үйлдвэрлэл явуулахыг Өмнөговь болон бусад аймгууд дахь уул уурхайн компаниудад уриалсан байна.

Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн хэлтсийн менежер О.Энх-Ариунаа “Өмнөговь аймгийн нутагт тухайн компаниудын нийгмийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь агуулгын хувьд ижил төстэй байдаг тул бид үйл ажиллагаагаа уялдуулж, улмаар орон нутгийн иргэдэд хүрэх өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал юм. Иймд зорилго, хамрах хүрээ нь ижил төстэй төслийг нэгтгэн хамтран хэрэгжүүлэхийг уриалж байна. Цаашид хамтарч ажиллахын тулд компаниудын нэгдсэн сүлжээ байгууллаа. Энэ бол чуулга уулзалтын үр дүн” хэмээн ярилаа.

Дашрамд өгүүлэхэд, энэхүү чуулга уулзалтыг өмнө нь Өмнөговь аймгийн Уул уурхайн ассоциаци, Энержи Ресурс компани хамтран зохион байгуулсан байна. Дараа жилийн уулзалтыг Эрдэнэс Тавантолгой ХХК зохион байгуулахаар болов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж