Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Манай хорооллын хог

Савтай хогоо барьчихсан, нэг их цэвэрхэн, гоё бүсгүйтэй лифтэнд таарлаа. Зэрэг шахам орцоор гарсан болохоор тэр гоё эмэгтэйг хогоо хаана хаяхыг нь хэргээр харав.

Уг нь манай байрны хогийн цэг зүүн үзүүртээ байдаг. Тэгтэл яаж нэг юм хог барьж гарч ирсэн юм бол гэмээр өнөөх шил шаазан шиг амьтан маань орцны үүдэнд ууттай хогоо чулуудчихаад, задарч асгарсныг нь хээвнэг өшиглөснөө эргээд гүйгээд орчихлоо. Тэсэлгүй араас нь дуудав.

-Та наад хогоо цэг дээр хаях ёстой юм биш үү?

-Чамд ямар хамаатай юм.

-Хамаатай. Би бас энэ байранд амьдардаг. Өглөөхөн цэвэрлэж янзалсан орцны үүдэн дээр хогоо асгахаасаа ичихгүй байна уу?

-Танай гэрийн үүдэнд асгаагүй бол болоо юм биш үү…

Ингэж хэлээд өнөө бүсгүй гэр рүү гээ орлоо. Харин орцны үүдэнд өнөө бүсгүйн асгасан хог түүний ТАРХИНЫ ХОГ-той хамт үлдэв. Монгол хүн тархины хогоо цэвэрлээгүй цагт орц, байр, хашаа хороо, гудамж талбай, гуу жалга, хөдөө хээр гээд хаана бол хаана хог байсаар байх болно.

Монгол хүнд нэг муухай зан бий. Хогийн сав байрлуулж өгсөөр байтал эвдэлж байгаад хогоо хажууд нь асгачихдаг.

Нөгөөтэйгүүр сүүлийн үеийн барилгуудыг эмх замбараагүй, орчны төлөвлөлтгүй барьж байгаагаас хүүхдийн тоглоомын талбай, хогийн цэг зэрэг орон сууц, хорооллын дунд заавал байх ёстой хэсгүүд бараг мартагдсан. “Нарантуул” захыг тойрон замын наана, цаана сүндэрлэж байгаа хорооллуудын дунд, тэр тусмаа 13-р хороолол, Халдвартын эмнэлэг, Хавдрын төв эмнэлэг орчмын байрнууд бол бараг хогийн цэгэн дундаа байдаг гэхэд хилсдэхгүй. Хогны машин ойртож ирээд орох зай завсаргүй барилгууд Халдвартын эмнэлгийн урд хэсэг цөөнгүй бий. Тэр хогон дунд бид өөрсдөө амьдарч, бидний хүүхдүүд хогон дунд тоглож байна.

Дээр нь яг энэ хороолол хавьд маш олон худалдааны төв, үйлчилгээний газрууд байдаг. Хотын төвийн томоохон эмнэлгүүд, “Нарантуул”, “Сандэй” зэрэг худалдааны төвүүд, замын хоёр талаар эгнүүлэн барьсан эмх замбараагүй баар, ресторан, дэлгүүр, хоолны газрууд ямар ч эмх замбараагүй, ямар ч хяналтгүй ажиллаж, хог үйлдвэрлэж байдаг.

Үндсэндээ бол 13-р хороолол уруудаад “Нарантуул” явах замд байнга хог хийсч, хогоор шуурч, хогны эхүүн үнэр хамар цоргиж байдаг. 

Энэ бол манай байрны гаднах хог. Манай хорооллын хог. 13-р хороололд амьдардаг, тэнд ажилладаг хүмүүсийн тарьсан хог. Бүр цаашилбал, Баянзүрх дүүргийнхэнд дасал болсон хотын хамгийн их хогтой гудамж.

Харин танай байрныхан, танай хорооллынхон хогоо хаана хаядаг вэ?

Б.БАЯСАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж