Их Британийн Гадаад хэргийн сайд айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Их Британийн Гадаад хэргийн сайд айлчиллаа

Гадаад харилцааны сайд Л.Болдын  урилгаар Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг Монгол Улсад албан ёсоор айлчиллаа. Тэрээр өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.
Энэхүү айлчлал нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Малколм Рифкиндын 1996 онд Монгол Улсад хийсэн айлчлалаас хойш 17 жилийн дараа давтагдсан өндөр хэмжээний айлчлал бөгөөд Монгол, Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог аж.

Айлчлалын үеэр талууд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар илэн далангуй санал солилцсон тухай Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд ноён Уильям Хэйг нар өнөөдөр сэтгүүлчдэд хамтарсан мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Тухайлбал, Монгол Улс Британи улстай хамтын ажиллагаагаа тодорхой чиглэлүүдээр түлхүү хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Үүнд уул уурхай, олон улсын санхүүгийн харилцаа, дэд бүтцийн салбарт хамтран ажиллахын сацуу олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмжих бодлого баримтлахаар болжээ. Мөн Британи улсын, тэр дундаа Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд У.Хэйгийн дэвшүүлсэн “Хямралын үеийн бэлгийн хүчирхийллийн эсрэг санаачилга”-ыг манай улс дэмжиж байгааг албан ёсоор мэдэгдсэн байна.

Айлчлалын хүрээнд шийдсэн бас нэг чухал асуудал нь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам хоорондын “Чевнингийн сургалтын тэтгэлгийн түншлэлийн тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг”,  “Шивээ-Овоо нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц барих асуудлаар Эрдэнэс МГЛ ХК, Британий IM Power компанийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т тус тус гарын үсэг зурсан байна.

Ийнхүү дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү айлчлалаар хоёр орны улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад салбарын харилцааг өргөжүүлэх зорилт, арга зам, хэтийн төлөвийг тодорхойлжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж