Мөнгөний бодлогоор МАН дүгнэлт гаргана

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогоор МАН дүгнэлт гаргана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Монголбанкнаас энэ онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт, мөн 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүд байр сууриа нэгтгэсэн тухай дөнгөж сая тус бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өчигдөр дээрх бүлгийн хуралдаанд оролцож мэдээлэл хийх үеэрээ валютын нөөц 6-7 хоногоор хэмжигдэж байгаа гэжээ.  Үүнээс өмнөх мэдээллээр валютын нөөц 2 тэрбум гаруй ам.доллар байсан, оны эцэст үүнээсээ өр зээлээ төлөөд эхэлбэл нөөцийн хувьд асуудалд орох аж.

Нөгөөтэйгүүр, төв банк нь 2012 оны арваннэгдүгээр сараас эхэлж Засгийн газартай хамтран "Үнэ тогтворжуулах" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд нефть, гурил, мах, барилгын материалын үнийг тогтворжуулахаар өнгөрсөн хугацаанд ажилласан. Гэхдээ дээрх хөтөлбөрүүдтэй холбоотойгоор төв банкны алдагдал өндөр хувьтай гарч байгаа аж. Энэ нь эргээд санхүүгийн системд нөлөөлж болзошгүй гэж бүлгийн гишүүд үзсэн байна. Тиймээс 2013 онд хэрэгжсэн мөнгөний бодлогын хүрээнд бүлгээс дүгнэлт гаргахаар болж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллах шийдвэрт хүрчээ.

Засгийн газраас 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нар өчигдөр тус бүлэг мэдээлэл хийжээ. Тэдний мэдээллээр 2013 оны төсвийн орлогын гүйцэтгэл 86 хувьтай байгаа ч 800 тэрбумаар орлого тасрах урьдчилсан тооцоо гарсан аж. Түүнчлэн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 30 гаруй хувьтай гарсан нь үндсэндээ Засгийн газар энэ жил хийх ёстой ажлаа гүйцэтгэж чадсангүй гэх дүгнэлтийг бүлгийн гишүүд хийхэд хүрчээ. Тэр дундаа хувийн хэвшлийнхний хийж байгаа ажлыг төр нь өөр дээрээ татаж авдаг, зарим тохиолдолд төр өөрөө эдийн засгийн ажиллагаанд хутгалдаж байна гэх мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд тус бүлэгт мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм байна. Тиймээс энэ бүх асуудалд Засгийн газар нухацтай хандах ёстой гэсэн дүгнэлтийг бүлгийн гишүүд хийсэн тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдээллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж