-Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн, олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцох гэж буй Хонхот бөмбөгийн шигшээ багийнхандаа баяр хүргэе. Монголынхоо нэрийг олон улсад гаргахыг хүсэн ерөөж байна. Дараа, дараагийн тэмцээн уралдаандаа амжилттай оролцоход урам зориг өгөхөөр шигшээ багаа ийнхүү хүлээн авч уулзаж буйгаа онцолсон юм.
Ази, Номхон далайн орнуудын Хонхот бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс зургаан хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Нэг дасгалжуулагч, таван тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд бэлтгэл сургуулилтаа Хан-Уул спорт цогцолборт хийж байгаа гэнэ.
Багийн ахлагч: П.Туул (Монголын Хонхот бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга)
Тамирчид: Содномдоржийн Сүх-Очир /Спортын мастер/
Лхагвадоржийн Эрдэнэбилэг /Залуу тамирчин/
Үүрийнцолмонгийн Хонгор /116 сургуулийн сурагч/
Цэдэн-Очирын Эрдэнэбат /Сэлэнгэ/
Ганбаатарын Олзвой /Спортын мастер/
Спортын бэлтгэлийн төвийнхөн Хонхот бөмбөгийн шигшээ багийн тамирчдад өмсгөл гардуулах үеэр Монголын Хонхот бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга П.Туултай уулзлаа.
-Монголын Хонхот бөмбөгийн холбоо хэзээ байгуулагдсан бэ? Үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч.
-Манай холбоо 2011 онд байгуулагдсан. Олон улсын тэмцээн уралдаанд оролцохын тулд заавал холбоо байгуулах ёстой байдаг. Тиймээс Хонхот бөмбөгийн холбоо байгуулж, шигшээ багаа бүрдүүлэх шаардлагатай болсон юм. Манай Хонхот бөмбөгийн баг тамирчид 20 гаруй жилийн дараа ийнхүү олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцохоор болж байна. “Атимос трэйдинг” компанийн захирал, Монголын Хонхот бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Батцэцэг ивээн тэтгэснээр бид ийнхүү гадаад тэмцээнд оролцохоор болж, бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Ази, Номхон далайн орнуудын Хонхот бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцвол дараа жилийн Инчион 2014 пара Азийн наадамд оролцох эрхээ авах юм.
-Хонхот бөмбөгийн тамирчид хаана бэлтгэл сургуулилтаа базаадаг вэ?
-Бэлтгэл сургуулилтаа Хан-Уул дүүргийн спорт зааланд базаадаг. Долоо хоногтоо хоёр удаа хийж байна. Ер хаа сайгүй зах зээлд шилжчихсэн болохоор заал танхим олдоход хэцүү байна.
-Баг тамирчдаа хэрхэн шалгаруулж авсан бэ?
-Би 1990 оны дундаас эхлэн, энэ спортоор хичээллэж байна. Шигшээ багаа Монголд байгаа хамгийн шилдэг залуу тамирчдаар бүрдүүлсэн.
-Энэхүү тэмцээнд хэдэн орон оролцохоор болсон байна. Өрсөлдөгчөө хэрхэн судалж байгаа бэ?
-Ер нь бол өрсөлдөгчөө тун тааруухан судалсан. Энэ удаагийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд 15-16 орон оролцох байх.
-Ярилцсанд баярлалаа.