Таны машиныг ЗХУТ “хулгайлсан”

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Таны машиныг ЗХУТ “хулгайлсан”

ЗХУТ /Замын хөдөлгөөний удирдах төв/ гэсэн хантааз өмссөн, жижигхэн өргөгч крантай автомашин хөлөглөсөн хүмүүс  4451 У** /Эзнийг нь хүндэтгэн зарим серийг нь нууцаллаа/ дугаартай Тоёота “Марк Х” маркийн автомашиныг ачиж байгаатай таарлаа.

-4451-ээ, 4451-ээ замаа чөлөөлөөд хөдлөөрэй. 4451-ээ замаа чөлөөлөөч гэж цагаан хоолойгоор зарлаад, “4451”-ийн урд нь автомашинаа байрлуулаад ачих ажилдаа орлоо. Энэ ажлыг хийдэг газрыг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж, журамлах алба гэдэг. Замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан зөөж, шилжүүлэх, ачиж буулгах гэдэг “чухал” ажлыг есдүгээр сарын 2-ноос хойш гүйцэтгэж байгаа юм.

Эхлээд нэг ажилтан бууж ирээд нөгөө “Марк Х” автомашины эргэн тойрон, гэрэл гэрэлтүүлэг, хормой, обуд, дугуй гээд бүгдийг нь нэг бүрчлэн ведио бичлэг хийлээ. Үүний дараа дахин фото зураг авлаа. Ингээд ачих ажилдаа орлоо. Нөгөө “Марк Х” автомашины урд шилний цаана уг нь “УУЧЛААРАЙ. ТҮР ЗОГСОВ” гэсэн утасны дугаар байх ч үүнийг ЗХУТ-ын ажилтнууд огт тоосонгүй. Тэр дугаар луу нь залгалаа. “Таны дугаар холбогдохгүй боломжгүй байна” гэсэн учир “хов” дуулгаж, чадсангүй ЗХУТ-д автомашиныг нь “алдлаа”.

Ингээд таны машиныг ЗХУТ-ийнхөн нэгдүгээр эгнээнд тавьсан байсан учир Журмын хашаа руу ачлаа. Магадгүй та ч мөн адил дүрэм журмаа хүндэтгэн, автомашинаа нэгдүгээр эгнээнд тавиузай.

“Зогсоол байхгүй юм чинь автомашинаа хаана тавих юм” гээд маргаж болно. Гэвч дүрэм бол дүрэм. Дүрмийг зөрчих гэж баталдаг бус зөрчихөөс сэргийлж өмнө нь баталдаг учиртай. Хэрвээ та зогсоол олдохгүй байна гээд автомашинаа нэгдүгээр эгнээнд үлдээвэл ЗХУТ заавал “хулгайлах” юм шиг байна шүү.

   
Учир нь: 

2013 оны 9-р сарын 2-ноос.хойш нийт 70 орчим автомашин зөөж шилжүүлсэн байна. Ингэж зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг ачсанаар, зам дээр автомашин багталцахгүйн улмаас үүсдэг зохиомол түгжрэл багасна. Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой гэж өнөөх ЗХУТ /Замын хөдөлгөөний удирдлагын төв/ үзсэн байна шүү. 

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж