Афганистанд мужийн захирагчийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Афганистанд мужийн захирагчийг хөнөөжээ

Афганистаны Логар мужийн захирагч Арсала Жамал өнөөдөр сүмийн өмнө зассан ширээн доор байрлуулсан тэсрэх бөмбөгний дэлбэрэлтэд өртөн амь үрэгджээ. Логар мужийн захирагч Арсала Жамал исламын шашны томоохон баяруудын нэг эйд аль-адхаг тохиолдуулан Пули Алам хот дахь гол сүмд иргэдтэй уулзалт хийж байх үеэр энэхүү хэрэг болсон байна. Тэсрэх бөмбөг бүхий халдлагын улмаас өөр 15 хүн гэмтэж бэртсэний заримынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Одоогоор мөрдөн шалгах албаныхан халдлагыг хэн зохион байгуулж, мужийн захирагчийн амийг хөнөөсөн болохыг тодруулахаар ажиллаж байгаа аж. Гэхдээ зарим эх сурвалжууд энэ халдлага АНУ-ын арми Талибан зэвсэгт бүлэглэлийн лидер Латиф Мехсудыг баривчилсны хариу үйлдэл хэмээн тайлбарлаж байна.

Арсала Жамал нь Канадаас Афганистанд эргэж ирсэнийхээ дараа өнгөрсөн дөрөвдүгээр сард Логар мужийн захирагчаар томилогдон ажиллаж байжээ. Тэрээр өмнө нь Афганистаны Хост мужийн захирагчаар ажиллаж байсан аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж