Супермаркетуудын суйлаа-2

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Супермаркетуудын суйлаа-2

Тэд ингэдэг байсан. Бидний эргэлзээг тэд баталчихлаа. Юу гээч лангуун дээр байгаа үнэ, касс дээр очоод зөрдөг байж. Тэд таныг лангуун дээр бичсэн үнийг шалгадаггүй гэж бодсон. Хэрвээ шалгавал ийм, тийм шалтаг тоочоод таны амыг таглаад явуулна. Сүүлийн жилүүдэд цэцэглэн хөгжсөн сүлжээ дэлгүүрүүдийн дүр төрх ердөө л мөнгө угаах гэдэг ганц үгээр тодорхойлогддог байж. Хэдэн төгрөгөөр таныг залилдаг байсан бэ, гэж та бодож байж магадгүй. 400-500 төгрөгөөр. Яахав шалихгүй мөнгө л дөө. Гэхдээ сүлжээ дэлгүүрээр өдөрт хэдэн хүн үйлчлүүлэх вэ, та долоо хоногт ямар давтамжаар, юу худалдаж болох вэ гэдэг дээр эргэлзээний гол сэжим нь тайлагдана. Иргэд хэрвээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол ирүүлээгүй бол тэд ч бид ч мэдээгүй өнгөрөх байж.

20-ИОС 10 НЬ

Ямар ч супермаркетуудын 20 барааны 10 нь ямар нэгэн байдлаар зөрүүтэй байдаг аж. Энэ бол мөхөс миний үг биш. Судласан хүнийх нь үг. Жишээ нь Чингэлтэйд байрлах “Баясах 32” дэлгүүрийн 26 барааны 10 нь үнийн зөрүүтэй байжээ. 200-500 төгрөгийн зөрүү энэ судалгаагаар тогтоогдсон байна. “Замбала” супермаркетын 9 барааны үнэ зөрүүтэй байжээ. Магадгүй энэ бүхэн ил болж, үзлэг шалгалтыг хэн нэгэн нь хийгээгүй байсан бол супермаркетууд яаж хөлжиж байсныг хэн ч мэдэхгүй өнгөрөх байж. Тэд бизнес хийж байгаа нь үнэн. Гэхдээ далд аргаар хулгай хийгээд байхыг бизнес гэж ойлгоход тун бэрх. “Бид  Миний сүлжээ дэлгүүр, Номин, Оргил, Макс, Баясах зэрэг супермаркетуудад шалгалт хийсэн. Бүгд их, бага хэмжээний зөрчил гаргаж байсан. Замбала супермаркетын 23 барааны 9 нь, Баясах 32 дэлгүүрийн 26 барааны 10 нь ямар нэгэн байдлаар үнээ нэмсэн байсан. Нэмж аваад байгаа үнийн зөрүү нь дэлгүүр бүрт харилцан адилгүй байх жишээтэй. Үлдсэн супермаркетууд эдгээрийг бодвол харьцангуй бага зөрчилтэй байсан. Гэхдээ 1-2 удаагийн үнийн зөрүүгээр тоглох тохиолдол ажиглагдсан” гэж ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийн төлөө газрын дарга Ч.Батбаатар ярьсан юм.

ЮУ ГЭЭД БАЙНА АА…

Дэлгүүрийн кассчнуудын бренд болсон үг. Магадгүй зарим дэлгүүрүүд арай өөрөөр уулга алдаж болох л доо. Гэхдээ л нийтлэг нь энэ. “Goodprice” дэлгүүрээс авсан барааныхаа зөрүүг асуусан үйлчлүүлэгчид яг ийм хариу иржээ. Уучлаарай, гэхийн оронд шүү дээ. Магадгүй тэд үнийн зөрүүгээр тоглодоггүй байж болно. Гэхдээ үүнийгээ соёлтойгоор ойлгуулах тийм ухаан дутмаг аж. Урлан бүтээхд байх “Замбала”-д ийм асуултыг асуувал “Юу гээд байна аа тийм юм байхгүй”, “Барааныхаа үнийг бид долоо хоногийн өмнө нэмсэн сольж амжаагүй байна” гэсэн тайлбарыг танд өгнө. Супермаркет гэх ойлголт Монголд 90-ээд оны сүүлээс орж ирсэн. 2000-аад оны эхнээс энэ ойлголт арай орчин үежиж, орчин  үеийн амьдралын нэгэн хэсэг болтлоо өсч томорчээ. Тэднийг анх орж ирэхэд түргэн шуурхай, хүссэнээ авна гэж харж байсан болохоор зөрүү асууж, зэвүүцэрхэх хүн алга байсан юм. Магадгүй энэ л ойлголт өнөөгийн дэлгүүрүүдийг хоёр гурваа өсч үржих үндсийн, үндсийг тавьсан байж болох талтай.

ДУУСАХ БОЛООГҮЙ…

ШӨХТГ-аас супермаркет, сүлжээ дэлгүүрүүдэд явуулж буй энэхүү шалгалт дуусах хараахан болоогүй байгаа. Тэд нэлээд нарийн шалгалтыг явуулна. Шалгалт явуулаад хазаарлаж чаддаг бол энэ сайхан мэдээлэл. Гэхдээ нэгэнт олон жил ийм заншлыг сургачихсан байхад нэг л далайлтаар мөнгө суйлах аргыг таслана гэж байхгүй. “Энэ их судалгаа шаардах ажил. Бид шалгалтынхаа хариуг гаргах болоогүй байгаа. Дахиад шалгалт, судалгаа үргэлжилнэ. Бид мини гэж нэрлэгдэх жижиг дэлгүүрээр хараахан шалгалт хийгээгүй байна. Тиймээс бүх шалгалтын дүнг нийлүүлсний дараа олон нийтэд эцсийн дүгнэлтийг хүргэнэ” гэж Ч.Батбаатар ярьсан юм. Олон жилийн өмнөөс энэ зөвхөн хардлага төдийхөн, эсвэл хэн нэгний хов ярих сэдэв төдийхнөөр хэмжигдэж байсан бол одоо гаргалгаа гаргахад хялбар боллоо. Нэгэнт илэрчихсэн юм чинь яая гэхэв.

Эрхэм уншигч танд нэг л зүйл сануулъя. Та супермаркет, сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн л бол заавал талоноо харж, анх авсан үнийг тооцоолж байгаарай. Магадгүй таныг суйлчихаж мэднэ.

Б.СҮХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж