Цэргийнхэн бүтээн байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Цэргийнхэн бүтээн байгуулж байна

“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр Баянхонгорт үргэлжилж байна

Монгол цэргүүд эх орноо хамгаалахын зэрэгцээ улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсоор байна. Өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт байрлах барилга инженерийн 339 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн зургаан давхар 40 айлын орон сууцны барилгыг барьж,  ашиглалтад хүлээлгэн өглөө. Тус барилга нь ангийн албан хаагчдын албан тушаалын орон сууц бөгөөд тэд ийнхүү ая тухтай орчин нөхцөлд, ардаа санаа зовох зүйлгүйгээр албан үүргээ гүйцэтгэх боломжтой боллоо.

Шинэ байрны нээлтэд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, УИХ-ын гишүүн Д.Ганбат, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэ үеэр гэрээт цэргийн алба хаасан долоон байлдагч ахлагч болон улирч цолоо гардан авсан бол, Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурч, барилгын мэргэжил эзэмшсэн хугацаат цэргийн алба хаагчид мэргэжлийн үнэмлэхээ гардан авсан юм. Мөн Батлан хамгаалах яам болоод ЗХЖШ-ын удирдлагууд бүтээн байгуулалтын ажилд идэвх зүтгэлтэй оролцсон зарим офицер, ахлагч нарт "Эх орны төлөө", "Дайчин алдар" медаль гардуулж, урам зориг нэмсэн байна.

Шинэчлэлийн Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас “Монгол цэрэг бүтээн байгуулалтад“ хөтөлбөрийг энэ оны  гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөтөлбөрийн хүрээнд барилга инженерийн батальонуудын бие бүрэлдэхүүнийг бүтээмж өндөртэй  техник, тоног  төхөөрөмжөөр  хангаж, томоохон бүтээн байгуулалтын  ажилд  оролцуулах,  цэргийн алба хаагчдын тоо, сургалт, бэлтгэлийн цагийг зэвсэгт хүчин эх орноо хамгаалах үндсэн үүрэг, тайван цагийн бусад чиг үүргээ гүйцэтгэх чадвар, бэлэн байдлыг нь алдагдуулахгүйгээр бүтээн байгуулалтад оролцуулна гэсэн зарчмын дагуу хөтөлбөрийг ийнхүү амжилттай хэрэгжүүлж байна.

“Монгол цэрэг бүтээн байгуулалтад“ хөтөлбөрийг хэрэгжүүлэх барилга инженерийн батальон Сүхбаатар, Баян-Өлгий, Баянхонгор аймгуудад шинээр байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж байна. Гурван жилийн өмнө шаваа тавьж  байсан Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн өнөөдөр орон нутгийнхаа томоохон бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд жинтэй хувь нэмэр оруулан үүргээ гүйцэтгэж эхэлжээ.

Барилга инженерийн батальонд алба хааж буй хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид алба хаах хугацаандаа тухайн орон нутгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд барилгын өргөн мэргэжлээр суралцаж, онолоор олж авсан мэдлэгээ бодитоор хэрэгжүүлэн барилга, бүтээн байгуулалтанд оролцож байна.
Баянхонгор аймагт төдийгүй эх орны өнцөг бүлан бүрт бүтээн байгуулалтыг сүндэрлүүлж байгаа цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэл нь чанартай байж урам зоригтойгоор үүргээ гүйцэтгэсээр байна. Аймаг орон нутагтайгаа ч мөн харилцан уялдаа холбоотой ажилладаг нь ажил урагшлах  бас нэгэн хөшүүрэг нь болж байна.

А.АНИР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж