
Кандидатууд бүгд бэлэн байдал зарлажээ. Тэд зөвхөн Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдахыг л хүлээж байгаа. Харин үүнээс өмнө төсвийн зардлыг багасгаж, дэд сайд нарын орон тоог цомхотгох буюу хамтарсан Засгийн газрыг хөдөлгөх “марафон” өрнөх гэж байсан ч бүтэлгүйтэв бололтой. МАХН-ын гишүүн зарим дэд сайд “Төсвийг ингэж хэмнэнэ гэж байх ч үгүй. Тооны машинаар бодоод үзсэн чинь ердөө 400-600 сая төгрөг хэмнэх юм билээ” гэсэн бол Тэргүүн Шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Дэд сайд нарыг цомхотгохгүй. Тэд бол хамтарсан Засгийн газрын гол бэлгэдлүүдийн нэг юм шүү” гэж мэдэгдлээ. Тэгэхээр Ч.Улаан тэргүүтэй “Элсний 13”-ынхны хариугүй хэрэгжүүлэх гэж байсан операци өндөрлөж байгаа нь энэ. МАХН-ын 26 гишүүн намын дарга, Ерөнхий сайд С.Батболдод шаардлага гардуулсан нь бас их учиртай. Тэдний дунд С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр тэргүүтэй УИХ дахь 1970-аад оны төлөөллүүд багтсан. Дээр нь Н.Энхбаярын фракцийнхан гэгддэг “Элсний 13”, “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийнхэн. Тэрслүү 26-ийн С.Батболдтой хийх эцсийн тохиролцоо нь УИХ-ын 2012 оны сонгуульд эдгээр нөхдийг саадгүй нэр дэвшүүлэх явдал байсан юм. Д.Лүндээжанцан нарын дэвшүүлсэн пропорциональ хувилбар баталгаажвал тэрслүү 26 өчиггүй “хусуулах” дээрээ тулаад байсан учраас тэр. Пропорциональ хувилбар бол олонд нэр хүндтэй, лидерүүдэд нээлттэйгээс гадна эсэргүү бодолтнуудад хаалттай байдаг тогтолцоо. Ирэх сонгуулийн анир “МАХН ба Н.Энхбаярын тохиролцоо” гэсэн үгээр хачир нэмнэ. Учир нь экс Ерөнхийлөгчид УИХ-ын 2012 оны сонгуульд Архангай, Хэнтий, Завханы аль нэгнээс нэр дэвших бодол бий. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлд ялагдсан учраас дүүргүүдэд нэр дэвшихгүй нь тодохой. Экс Ерөнхийлөгч журмын нөхөдтэйгөө ямар тохиролцоо хийх нь л сонирхол татаж байна. Эрх мэдлийн дахин хуваарилалтаас үүдэж, МАХН ба экс Ерөнхийлөгчийн дунд боссон хана хэрэм 2012 оны үест нуран унах нь дамжиггүй. Тэгээд ч Н.Энхбаяр улс төр дэх карьераа түр алдсан ч гол цөмөө алдаагүй нэгэн. Түүнд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч хэмээх нэр, бас фракци, хувийн тактик гэж бий.
Ардчилсан намд хамтарсан Засгийн газрыг элэг бүтнээр нь авч үлдэх биш, хувиа борлуулж, довоо шарлуулах үзэгдэл газар авч байна. Тус намаас “Архангайн тойрог 2012 онд эзгүйрнэ. Учир нь УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Ламбаа нар тэтгэвэртээ гарах гэж байгаа” гэсэн баттай бус мэдээллийг ойр, ойрхон ирүүлэх болов. Гэвч “Улс төрийн тавцнаа нас, хүч харивч оюун санаа, амбиц хэзээ харьж, хөгширдөггүй” гэсэн үг бий. Кёкүшюзан Д.Батбаярын хувьд тойргоо солих гэж байгаа нь үнэн бололтой. Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуульд нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон бол 2012 онд Ховд нутагт өрсөлдөхөөр шийджээ. Үүнээс гадна Ардчилсан намд тун удахгүй “цөн” түрж мэдэхээр байна. Үндэсний бизнесмэнүүдээс бүрдсэн “Монгол 999+үндэсний нэгдэл”-ээс УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ болон “Сентоза”-ийн С.Одонтуяа, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван нар ирэх сонгуульд хүч үзэхээр бэлтгэж эхэлсэн аж. УИХ-ын гишүүн асан А.Бакей, Б.Батбаатар, Б.Мөнхтуяа… Ерөнхийлөгчийн зөвлөх, Улсын ерөнхий прокурор, гадаад улсад Элчин сайдын алба горилж явсан тэдний аль нь ч төрийн өндөр албан тушаалд томилогдоогүй. Хэдийгээр өөрсдөд нь хүсэл байсан ч их өрсөлдөөнөөр ялж гарч ирээгүй тэд ирэх сонгуулийг хүлээхээс өөр аргагүй гэдгээ хэлж байгаа.
Ингэхэд Иргэний ногоон нам байгуулагдана гэсэн яасан юм бол. Иргэний зориг нам болон Ногоон намынхан албан ёсоор нэгдэхэд багагүй асуудалтай тулгарч байгаа аж. “2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний голлон зохион байгуулагч нь Ногоон намын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат байсан” гэх хүн олон байдаг. Тиймээс Иргэний зориг намынхан ирэх сонгуулиар Д.Энхбаттай хамт “балбуулахгүй”-н тулд нэгдэж, эвсэхээ азнахаар шийджээ. Харин Ногоон намынхны тухайд, даргаа ацан шалаанд оруулчихаад байгаа юм байна. Тэд “Иргэний зориг намд С.Оюунаас өөр онцлох улстөрч байдаг юм уу. Дэлхий дахинд ногоон эдийн засаг, ногоон дэлхий буюу манай намын уриа, үзэл баримтлал хүчээ авч байна шүү дээ. Өөр намтай нэгдмээргүй байна” хэмээн удирдлагуудаа шаналгаж байгаа дуулдана.
С.Баттулга.
Улс төрийн тойм сонин