Морины хатагтай цолоо мялаав

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Морины хатагтай цолоо мялаав

Монголын морин спортын зууны манлай эмэгтэй тамирчин Т.Цэрмаа өчигдөр Гавьяат тамирчин цолоо мялааж, найр наадам дэлгэжээ. Морин дээрх эрэмгий хатагтай, алтан эмээлт авхай гэхчлэн нэрлэгдэж, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг байнга татаж байдаг энэ эрхэм “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн ээж юм.

Олимпийн морин спортын төрлийн анхны Гавьяат цолтон болсон Т.Цэрмаа хатагтай багын адуунд эрэмгий, эмнэг сургадаг, зоригтой эмэгтэй байжээ. Цагтаа морин тойруулгын нүүрийг тахалж явсан Т.Цэрмаа гуайн аав Х.Төмөржаа алдар цуутай уяач байсан бол өдгөө түүний хүү Х.Бат-Эрдэнэ улсын наадмын урдаа барьдаг хурдан хүлгүүдийн эзэн болж, улсдаа дээгүүрт тооцогдох Тод манлай уяач болж.

Удам дагасан уяач хүү ээжийнхээ Гавьяатын найрыг хөл ихтэй хийсэн нь мэдээж. Эмнэг сургалтын их мастер, морьч хатагтай Т.Цэрмаагийн найранд урлаг, соёл, улс төрийн хүрээний олон зочид уригдан, хүндлэл үзүүлжээ.

Угийн дайчин, эрэмгий Т.Цэрмаа хатагтайн Монгол гоёл, дэгжирхэл сүүлийн үед олны харааг булаах болсон нь нууц биш. Энэ зун болсон Монгол морийг Геннист бүртгүүлэх түмэн морьтны жагсаалд оролцохдоо тэрээр алтан тоногтой эмээл, хазаар, ташуураар гангарч, олны нүдийг орой дээр нь гаргаж байсан билээ.




Б.ИРМҮҮН
/Гэрэл зургийг www.todmagnai.mn сайтаас ашиглав/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж