“НИК”-ийг орлогоос нь торгоно

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

“НИК”-ийг орлогоос нь торгоно

Зохиомлоор шатахууны хомсдол үүсгэж, иргэдийн сэтгэлзүйд нөлөөлсөн “НИК” ХХК-ийг буруутган Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас 2012 оны арваннэгдүгээр сард 4.9 тэрбум төгрөгөөр торгосон. Энэ шийтгэврийг “НИК” компанийхан эсэргүүцэж, шүүхэд хандсанаар 4.9 тэрбумын маргаан эхэлжээ. Жил шахамын хугацаанд үргэлжилсэн маргааныг Улсын Дээд шүүхээс өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж, эцэслэсэн билээ. Гурван шатны шүүхээс “Улсын байцаагчдын “НИК” компанид шийтгэвэр ногдуулсан нь зүйтэй, харин торгуулийн хэмжээг ШӨХТГ-аас буруу тооцож оногдуулсан. Торгууль оногдуулахдаа тус компанийн нийт орлогоос бус АИ92, дизель түлшний жилийн нийт орлогоос торгуулийн хэмжээг тогтоох нь зүйтэй. Тиймээс торгуулийг түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.

 Гэтэл ШӨХТГ-ынхан болон О.Магнай дарга шүүхийн шийдвэрийг ойлгосонгүй юу, эсвэл бууж өгөхийг хүссэнгүйнх үү, “Шүүхээс ШӨХТГ-ын торгууль, шийтгэврийн хэмжээг хэвээр баталсан. 4.9 тэрбумын торгуулийн мөнгийг ойрын хугацаанд улсын төсөвт оруулна. Хэвлэл мэдээллийнхэн худал мэдээлэл зориудаар цацаж байна” гэхчилэн мэдээлж, хэвлэлийн хурал зарлан эсэргүүцлээ илэрхийлсэн юм.  Харин өнөөдөр ШӨХТГ-ынхан шүүхийн шийдвэрийн дагуу алдаагаа засах болсоноо албан ёсоор хэллээ. Тайлбарт “Шүүхийн эцсийн шийдвэрийн дагуу “НИК” компанийн АИ92, дизель түлш гэсэн хоёр бүтээгдэхүүний тухайн оны борлуулалтын орлогыг үнэн зөв тогтоож, түүнээс торгуулийг шинэчлэн тавина. Харин уг хоёр бүтээгдэхүүний борлуулалтын орлого тогтоогдох боломжгүй болсон тохиолдолд 4.9 тэрбумын торгуулийг хэвээр үлдээнэ” гэж мэдэгджээ.

Ямартай ч шүүхийн шийдвэрийн дагуу ШӨХТГ-ынхан “НИК”-ийн орлогыг дахин судлаж, шинээр шийтгэвэр тогтоож, торгох нь тодорхой боллоо.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж