“Ядахдаа уучлал гуйгаач”

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

“Ядахдаа уучлал гуйгаач”


Дэлхий нийтээр “Flash mob” хэмээн нэрлэгддэг олноороо түр гацах хэмжээг аливаа нэг асуудлыг нийгэм, олон нийтийн анхааралд өртүүлэх зорилгоор зохион байгуулдаг. Мэдээж оролцогчдын ихэнх нь залуучууд. Тухайлбал, Франц, Австрали улсуудад дэлхийн дулаарлын эсрэг “Flash mob”-ийг зохион байгуулж байжээ. Харин манайд анх удаагаа, долдугаар сарын 1-ний үймээний үеэр амь үрэгдсэн таван залуугийн дурсгалыг хүндэтгэх үүднээс зохион байгуулах гэж байна.

Энэ үзэл санаанд нэгдсэн залуус долдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд цуглаж, 13.40-13.45 цагийн хооронд таван минут орчим хөдөлгөөнгүйгээр түр гацах ёстой. Яг энэ цагийг сонгосон нь ч бас учиртай. Өнгөрөгч 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр шөнийн 01 цаг 40 минутад эхний хүн буудуулж нас баржээ. Үүнээс хойш дөрвөн хүнийг цагдаагийнхан буудаж, амийг нь хөнөөсөн ч хуулийн байгууллагууд хэн гэдэг цагдаагийн суманд хэн гэдэг иргэн өртөж амиа алдсаныг тогтоож чадаагүйн улмаас энэ хэрэг хэрэгсэхгүй болсон билээ. 

Мөн түүнчлэн буудах тушаалыг өгсөн эзэн одоо болтол олдоогүй, үүний төлөө хариуцлага хүлээсэн албан тушаалтан ч байхгүй. Тиймээс Монголын төр гэм зэмгүй таван иргэнийхээ амийг хөнөөсөн энэ хэргийг шийдэж, буруутныг шийтгэж чаддаггүй юм гэхэд ядахдаа үүнийхээ төлөө уучлал гуйгаач гэдэг утгаар энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл энэ таван минутад хүний эрхийг үл хүндэтгэсэн төрийн хариуцлагагүй үйлдлийг зогсоож, харин амиа алдсан таван хүний амьдралыг үргэлжлүүлэх гэсэн утгатай.
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос өнгөрсөн арванхоёрдугаар сард зохион байгуулсан нээлттэй сонсголын хүрээнд далдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсэн нь хууль зөрчсөн эсэхийг тодруулахаар хуулийн байгууллагынхны мэдээллийг сонсох ёстой байсан ч тухайн үед энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд байсан, сонсголд өгөх мэдэллэл нь мөрдөн байцаалтын нууцыг задална гэдэг шалтгаанаар нээлттэй сонсголоор хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдсан билээ. Харин өнгөрсөн хавар прокурорын байгууллага энэ хэргийг хаасан, цагдаагийн удирдах ажилтнуудыг албан тушаалын гэмт хэргээр зүйлчлэн өршөөлд хамруулж, буудсан цагдаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосноо зарласан. Үүний дараа нээлттэй сонсголыг үргэлжлүүлж, галт зэвсэг хэрэглэсэн асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч хохирогчдын ар гэрээс Улсын ерөнхий прокурорт өргөдөл гаргасны улмаас хэлэлцүүлгийг хойшлуулсан.

Мөн түүнчлэн Ерөнхий прокурор асан М.Алтанхуяг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, Ерөнхийлөгч орных нь хүн томилогсон гээд багагүй хугацаа алдаад байсан энэ хэрэг одооноос задарч эхэлж байгаа бололтой. Ямар ч байсан шинээр томилогдсон Ерөнхий прокурор хохирогчдын гомдлыг хүлээн авч, энэ хэрэгт шалгагдаж байсан цагдаагийн удирдлагууд болон буудсан цагдаа нарын хэргийг дахин шалгах, гэмт хэргийн зүйл ангийг өөрчлүүлэхээр холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгөөд байгаа юм байна. Тиймээс нээлттэй сонсголын асуудал ч мөн тодорхойгүй хугацаагаар хойшлоход хүрч байгаа аж.
Дээрх шалтгаануудаар долдугаар сарын 1-ний үймээний үеэр амь үрэгдсэн таван хүний амийг нэхэх, хохирогчдын эрх ашгийг хамгаалах ажил орхигдож байгаа тул хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд хамтран “Flash mob” буюу бүх нийтийн түр гацалтыг зохион байгуулахаар болжээ.

Интернэтээр зар тарааж, энэ уриан дор эвлэлдэн нэгдэхийг уриалсан долдугаар сарын нэгний бүх нийтийн түр гацалтад оролцохоор одоогоор 200-гаад залуучууд саналаа илэрхийлж бүртгүүлээд байгаа юм байна. Харин зохион байгуулагчдын зүгээс оролцогчдын тоог дор хаяж мянга хүргэх зорилгыг тавьж байгаа аж. Бүх нийтийн түр гацалтад оролцохын тулд ямар нэг албан ёсны зохион байгуулалтад орох шаардлагагүй. Зүгээр л энэ өдөр Сүхбаатарын талбайд ирсэн залуус, хонхны баяраа тэмдэглэж, анги хамт олноороо дурсгалын зураг татуулж яваа төгсөгчид, хуримын ёслолоо тэмдэглэж байгаа хосууд, цайныхаа завсарлагаар салхилахаар ирсэн хүмүүс гээд хэн хүссэн нь оролцох боломжтой юм байна. Тэд “Flash mob”-д нэгдэхийн тулд 13.00 цагт бүгд цагаа нэг зэрэг тааруулж, цагныхаа сэрүүлгийг 13 цаг 40 минут дээр тавиад Сүхбаатарын талбайд ирэхэд л хангалттай. Сэрүүлэг дугармагц явж байсан газраа, хийж байсан хөдөлгөөнөө түр зогсоож, таван минутын дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлэх юм байна.

Ингэхдээ замын хөдөлгөөн хаах ч юм уу, ямар нэг хүндрэл бэрхшаал учруулах шаардлагагүй. Харин тэдний энэ үйлдлийг замын хөдөлгөөнд оролцогчид, нийслэлийн иргэд болоод төр засгийнхан анзаарч, анхааралдаа авах нь гол зорилго. Тэдний уриа, төр засагт хүргэх  үг нь “Ядахдаа уучлал гуйгаач”.

Б.СЭМҮҮН

Ядаж уучлалт гуйгаач! http://flashmob-mn.blogspot.com/

 7 сарын 1 "ГАЦАЛТ" flash mob http://bit.ly/9iUyDZ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж