А.Бат-Ялалтад 25 жилийн ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

А.Бат-Ялалтад 25 жилийн ял оноолоо

Банкнаас хоёр сая төгрөг дээрэмдэхээр ороод банкны захирлын нөхрийг буудан хороосон А.Бат-Ялалтын хэргийг өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид шүүж, эцэслэлээ. Налайх дүүргийн шүүгчид хэргийг хянан хэлэлцээд, А.Бат-Ялалтад 25 жилийн ялыг онцгой дэглэмтэй хорих ял оноожээ /онцгой дэглэм гэдэг нь чанга дэглэмтэй ялын дараах хатуу дэглэм юм/.

А.Бат-Ялалт нь 2012 оны дөрөвдүгээр сарын 3 Налайх дүүргийн ХААН банкны салбарт “Сурвалжлагч байна. Захиралтай чинь уулзах гэсэн юм” гэж худал хэлэн нэвтэрч улмаар мөнгө дээрэмдэхийг завдах үедээ банкны захирлын нөхрийг буудан хөнөөсөн. Мөн хэргийн газраас зугтах үедээ таксины жолоочийг барьцаалан, оргон зайлах үед нь хууль хяналтынханд баривчилсан билээ.  

Тэрээр хорих ангиас гэр бүлийнхэндээ бичсэн захиандаа “Би энэ хэргийг зориудаар хийгээгүй. Намайг ямар нэгэн зүйл хорлочихлоо. Би үнэхээр хүн буудъя гэж бодоогүй. Банкинд их хүнтэй байсан болохоор захирлаар нь мөнгө бэлтгүүлж авах гэж байсан юм. Гэтэл нөхөр нь хаалга эвдээд ороод ирэх үед сум алдсан. Надад лав нэг хорлол хийсэн байх” гэж дурьдсан байдаг.

Түүний хэргийг Налайх дүүргийн шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сард хянан хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Хэргийг ийнхүү өнөөдөр хэлэлцэж, эцэслэв. 

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж