
-Тавантолгойн нүүрсний орд улс орны хөгжилд чухал хувь нэмэр болох учиртай, олон жил хадгалсан үүц маань юм. Ордыг ашиглахаар ярьж эхэлсэн энэ цаг үед улс төр, эдийн засгийн олон талаас нь харж, хандаж байна. Нүүрстэй олон жил “ажилласан” Монгол Улсын зөвлөх инженерийн хувьд таны байр суурь ямар байна вэ?
-Монголын нүүрсний салбарт 40-өөд жил ажилласны хувьд нүүрс гэгч энэ ашигт малтмал улс орны хөгжил, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй гэдгийг би батлан хэлнэ. Монгол орон өргөн уудам нутагтай. Үүнээс Алтайн нуруу тэр чигээрээ, ялангуяа Алтайн нурууны төгсгөл нь Монгол орны хамгийн үнэтэй ашигт малтмал байрладаг хэсэг. Тухайлбал Баян-Өлгийн Хотгорын нүүрсний уурхай, Ховд аймгийн Хөшөөт, Говь-Алтайн Жинст, Өмнөговийн Тавантолгой гээд. Энэ бүхэн Алтай нурууны салбар уулс, энэ нурууг дагасан ашигт малтмал. Төв, зүүн бүсийн нутагт ч нүүрс түгээмэл тархацтай байдаг. Тиймээс Монгол орон нүүрсээр яах аргагүй дэлхийд гайхуулахаар баян орон мөн. Энэ баялгаа ард түмний тусын тулд эмх цэгцтэй, хүртээмжтэй, аж амьдралд түлхэц болоход бүх анхаарлаа төвлөрүүлж ийм бодлоготой, бодлогын яамтай, Засгийн газартай, улс төртэй байж энэ ажил бүтнэ. Тавантолгойн орд гэж манайхан яриад байгаа. Миний бодлоор Тавантолгойн коксждог нүүрсний сав газар, бассейн гэж тодорхойлбол зохистой. Энд нүүрсний олон бүлэг орд бий. Идэвхтэй, идэвхгүй коксждог, эрчим хүчний зориулалтын гэхчлэн төрөл, гарал үүслийн хувьд янз бүр. Гэхдээ нөөц, коксжих чанараараа дэлхийд дээгүүрт орох нь маргаангүй батлагдсан.Энэ бол монгол хүний гараар нээгдэж, Монголын ард түмний татварын хөрөнгөөр буй болсон орд юм.
-Тавантолгойн ордыг хоёр хувааж ашиглах хувилбарыг та зөв гэж үздэг үү?
-Хэвлэлээс авсан мэдээллүүдээс Засгийн газар УИХ-д санал оруулж Тавантолгойн коксжих нүүрсний бассейны нөөцийг хоёр хувааж, 6.4 тэрбум тонн нүүрсний нэг хэсгийг нь тендерээр, нөгөө хэсгийг нь монголчуудад зориулж өгч байгаа гэсэн ойлголт төрсөн. Үүнийг аваад үзэхэд улс орны хөгжил, ард иргэдийн амьжиргааг сайжруулах гэхээсээ өмнө улстөрчид амлалтаа биелүүлэх арга замаа ард түмний өмнө хааж байгаа хэлбэр юм уу гэж ойлгогдоод байна.
-Тэгээд яах ёстой байсан юм бэ?
-Тавантолгойн нүүрсийг ашиглахад үндсэн гурван зарчмыг баримтлах ёстой. Нэгдүгээрт, энэ сав газрыг бүхэлд нь тендер зарлаад нэг менежментийн багт төвлөрүүлэх нь зөв. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр дэлхий дахин нүүрсийг ашиглаж эхлээд 300-аад мянган жил болж байна. Түүх хараад байхад Австрали, Шинэ Зеланд ямар их нүүрстэй байлаа. Эх орны дайны үед Донбассын бассейныг усаар дүүргэж байж германчуудаас хамгаалж авч үлдсэн түүхтэй. Дараа нь гаргаж аваад ашигласан. Тэгж танкуудыг хийж байлаа. Тэгэхэд Донбасст 20 гаруй уурхай нэг л гарт зангидагдаж байсан. Чермоховын бассейн гэж байлаа. Арав гаруй уурхай нийлээд жилд 40 сая тонн нүүрс олборлодог. Нэг трестийн удирдлагад байдаг. Шинэ Зеландыг одоо Канадууд эзэмшиж байгаа. Жилд 100 гаруй сая тонн нүүрс Японд гаргадаг. Тэр нүүрсийг гаргаж буй арван хэдэн уурхайг нэг л компани толгойлдог. Энэ нь бичигдээгүй хууль мэт. Гол ач холбогдол нь тэр цогцолборт байгаа юм. Цогцолборт дэд бүтэц, цэвэр, бохир ус, үйлдвэрийн ус,агаарын болон газрын замууд, цахилгаан эрчим хүч, холбоо, иргэний болон үйлдвэрийн барилга гээд олон зүйл багтдаг. Ордыг хоёр хуваавал энэ бүх дэд бүтэц тус тусдаа байх шаардлагатай. Ингэснээр зардал хоёр дахин өснө. Тиймээс Монголд энэ бүхнийг нэг хүн, эсвэл компаний гарт төвлөрүүлж байж бага зардлаар их ашиг олно. Хоёрдугаарт, Монголд нүүрсний уурхайг ашиглаад 100 шахам жил болж байна. 1922 онд анхны уурхайг улсын болгосноос тооцвол. Түүнээс өмнө улсын үйлдвэр биш байснаас тооцвол хэдийнэ 100 жил болчихож. Гэхдээ энэ 100 жилийн түүхэнд болхи аргаас болдог аргыг нь хүртэл уурхайчид янз бүрээр үйлдвэрлэл явуулж байсан. Өнөөдөр түүнээс дээш хэмжээнд хөгжиж байна. Тэгэхээр шинэ техник, технологи, түүнийг мэддэг инженерүүд байх ёстой.
-Манайд инженерийн нөөц хэр хангалттай вэ?
-Монголд сүүлийн 20 жилд ардчилал хөгжсөн гэж ярих дуртай ч инженерийн мэдлэгтэй, чадварлаг хүмүүсийг бэлтгээгүй хаячихсан сул тал бий. МАХН, АН хоёр хоорондоо уралдаад л улстөрч, эдийн засагч бэлтгээд байснаас инженер бэтгэсэнгүй. Туул голын хөвөөн дээр улстөрч бэлтгэдэг нэг академи бий. Харамсалтай нь уурхай ашиглалтын инженерүүд хийдэг болохоос улстөрчид хийдэггүй юм. Бэлтгэгдсэн инженерүүд хангалтгүй байна. Монгол инженерүүдийн гараар бүтсэн Шивээ-Овоогийн уурхай байна. Энэ бол Монгол инженер Рэнцэндоржийн проект. Үүнд нэг ч гадны хүн оролцоогүй бүтсэн уурхай. Хөрөнгийг нь Японоос гаргасан. Одоо ажиллаж байгаа инженерүүд маань нүүрс гаргаж чадна. Харин цогцолборыг иж бүрнээр нь ашиглаж чадахгүй. Тиймээс өндөр мэргэжлийн, шинэ техник технологи мэддэг хүмүүс заавал байх шаардлагатай.
-Гаднаас 10 сая доллараар менежментийн баг хөлсөлж ажиллуулж болно гэж үздэг хүмүүс байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Эрдэнэт үйлдвэрт оросууд ажиллаж байсан. Тэд тэнд ажиллаж байсан монголчуудаас дөрөв дахин илүү цалинтай. Монгол инженерүүд дөрөв дахин бага цалинтай. Энэ хоёрын хооронд 40 жил маргаан үүслээ. Тавантолгойд 10 сая долларын цалинтай гадаадын хүмүүс ажиллаад, дэргэд нь 5000 долларын цалинтай монгол инженер ажиллуулахад эвлэгхэн ажиллаж чадах уу? Энэ бол жижиг жишээ. Хэрэв болдогсон бол тэр 10 сая долларыг монгол тархинд өгчихвөл дээр л дээ. Эсвэл монгол нь аваг, эсвэл чаддаг мөнгөтэй гадаад нь аваг. Гуравдугаарт өндөр хүчин чадалтай техник хэрэгтэй. Энэ гурав бүрдэж байж л Тавантолгойн нүүрсний бассейныг ашиглах үндэс суурь тавигдана. Үүнтэй дагалдаад хөнгөн үйлдвэрийн салбар, сургууль, эмнэлэг, хөдөө аж ахуй гээд энэ бүхэнд монголчууд ажиллах ёстой. Бараг дээд сургууль төгссөн бүхэн эдийн засагч болчихоод байгаа. Тэд үүнийг хийх ёстой. Тиймээс гарцаагүй орд нэг гарт төвлөрөх ёстой. Газрын дор тогтсон байгалийн ашигт малтмал тархац, чанарын хувьд янз бүр байдаг. Үүнийг талх шиг хувааж болохгүй. Нэг гарт төвлөрүүлэхдээ баялагтай, баялаггүй хэсгийг нь хольж байгаад дундаас нь хамгийн төвийг нь олсон ашигтай баялгаа олж авдаг хуультай. Энэ бол дэлхий нийтийн зарчим. Үүнийг хүдэр дээр ч, өнгөт металл дээр ч, нүүрсэн дээр ч ярьдаг. Энэ талаа огт баримталсангүй. Тооны аргаар 6.4-ийг хоёрт хуваачихлаа. Энэ бол том маргааны үндэс. Ерөөсөө Тавантолгойн ордыг хоёр хувааж ашиглана гэдэг дампуурсан бодлого л гэж хэлнэ.
-Тавантолгойн талаар Засгийн газрын болон “Эрдэнэс МГЛ”-ийн боловсруулсан төслүүдийг та үзэв үү?
-Би үзэх ёстой хүн мөн боловч үзээгүй. Сүүлийн үед сэтгэл ч гарахаа больж дээ.
-Яагаад тэр вэ?
-УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн манай уул уурхайн салбарын их сайн инженер хүн. Оюутолгойн асуудлыг зөв шийдлээ, дэмжиж байна. Гэхдээ Монголын инженерүүдийн санаа бодолд хүртэл хийж чадаагүй. Одоо Тавантолгой дээр мөн л алдаж байна. Өөрөө Өмнөговь нутгийн хүн шүү дээ. Мэргэжлийн дуу хоолой тэнд дутаж байна. Монголын мэргэшсэн инженерүүдийн холбоо гэж байгуулагдсан. Тэднээс сорыг цуглуулж, ярьж зөвлөлдөх ёстой. Инженер “цолтой” хүн бол олон болжээ. Жишээ нь Цөмийн физикийн сургууль төгссөн Г.Мянганбаярыг Уулын инженертэй зүйрлэх хэрэггүй. “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбат уурхайн доктор гэж яриад байгаа. Би 40 жил ажилласны хувьд тэднийг ялгаж салгаж мэднэ.
-Тэгвэл П.Очирбат гуай?
-П.Очирбат бол сайн инженер, доктор. Би хүндэтгэнэ. Харамсалтай нь мань хүн өөртөө ямар нэг цэг, таслал тавьсан мэт инженерийн дуу хоолой нь сонстохоо больжээ. Үүнд би харамсч байгаа.
-Засгийн газар Тавантолгойг ашиглах энэ чухал алхмыг хийх цаг үе нь мөн үү?
-Хугацааны хувьд яривал хэдийнэ ашиглах цаг нь болсон. Хоцров уу л гэхээс эртдээгүй. Даанч бодлого боловсруулж байгаа яаманд нь үйлдвэрлэлд ажиллаж” чанагдсан” инженерүүд алга. Багануурт ажиллаж байсан Алтансүхээс бусад нь “өчигдөр” Техникийн их сургууль төгсөгчид л байна шүү дээ. Айхавтар егзөр инженерүүд олон талаас нь бодож байж бодлого боловсруулалцах учиртай.
-Таныг бодлого боловсруулахад орж ажиллаач гэвэл яах вэ?
-Би нас өндөр болсон. Юугаа хийх вэ.
-Тавантолгойн ордод түшиглээд Сайншандад хүнд үйлдвэрийн цогцолборууд барина гэж яриад байгаа?
-Тэр маш зөв. Тавантолгойн бассейныг ашиглах талаар намайг яаманд ажиллаж байх үеийн проектыг л одоо ярьж байна. Ухаа худаг, Цанхийг Ленинградын институтын боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэлтэй, хаанаас нь яаж ашиглахыг хэлж, хийсэн зураг төсөлтэй. Үүнд тусгахдаа төмөр замыг Сайншанд руу, Айраг өртөө, Чойр-Даланзадгад руу тавих гурван хувилбар аль 1980-аад оны үед дэвшүүлсэн байсан. Үүнийг л одоо яриад байгаа юм.
-Та гадны ямар уурхайд очиж туршлага судалж байв?
-Японы Кюшүгийн арал дээр 40-өөд уурхай байсан гэдэг. Өртөг өндөржиж, нүүрсний нөөц нь дууссан учраас далайн ёроолд Микегийн уурхайг байгуулсан байдаг. Налайхын уурхайн Батцэцэг, Батмөнх, бидний гурван инженер тэнд очиж танилцаж байсан. Далайн ёроолын уурхай гэхэд нүүрс гаргах зориулалттай гэхээсээ илүү уул уурхайн машин техник,тоног төхөөрөмжийг бүтээж тэр үйлдвэрт туршилт хийдэг байснаараа онцлогтой юм.
-Яаж далайн ёроолд тэр уурхайг байгуулсан юм бол?
-Мэдээж тэр бол далд уурхай. Агааржуулалтыг гаднаасаа авна. Нүүрсээ усан дотор байрлах тусгай хоолойгоор гадагш гаргадаг. Одоогоос 10 жилийн өмнө тэндхийн нэг тонн нүүрс нь 910 ам.долларын үнэтэй. Тэгсэн мөртлөө япончууд өөрсдөө эрчим хүчний зориулалтын нүүрсээ Австралиас 50 ам.доллараар авдаг байсан.
-Яагаад?
-Тийм л хямдхан үнээр импортын нүүрс авдаг. Өөрсдийнх нь Микед үйлдвэрлэдэг өртөг нь 105 ам.доллар. Энэ үнээ барихын тулд тоног төхөөрөмж шинээр үйлдвэрлэдэг, туршилт хийдэг, инженер бэлтгэдэг. Үүний ч төлөө тэр уурхайг байгуулсан хэрэг.
-Манай Тавантолгойг тухайн үед социалист орнууд “дардаг” байсан гэж үнэн үү?
-Өмнөх нийгмийн үед СЭВ-ийн орнууд энэ талаар олон удаа ярьж байсан. СЭВ-ийн орны бодлого тэр үед өөр байлаа. Өөрсдөө коксжих нүүрстэй, үйлдвэртэй байсан учраас Тавантолгойг дарж байсан. Тухайлбал, Оросын Нюренгрегийн коксжих нүүрсний ордоос нүүрсээ олборлож Японд гаргадаг байсан. Түүнийг байгуулахгүйгээр Тавантолгойг ашиглаж болох байсан ч өөрсдийнхөө нүүрсийг борлуулахыг илүү гэж үзсэн. Энэ мэтээр дарагдаж байсан тал бий. Япончууд тухайн үед Тавантолгойг мэддэггүй байсан. Өмнөд Солонгосчууд ерээд оны үед орох санал тавьсан. Бид тоогоогүй. Одоо чөлөөтэй болсон учраас хэрэглэгч олон гарч ирж байна. Ялангуяа дэлхийд тэргүүлдэг хэрэглэгч, хятадууд “шүлсээ гоожуулж” байна. Гэхдээ өөрсдөө их хэмжээгээр үйлдвэрлэгч, Өвөр Монгол тэр аяараа нүүрс. Тиймээс Солонгосуудтай түншлэхэд гэмгүй гэсэн миний хувийн бодол байдаг юм.
-Тавантолгойн сонгон шалгаруулалтад оролцох саналаа ирүүлсэн компани, корпорациудаас таны танил ямар байгууллага байна вэ. Юугаараа давуу гэж үзэж байна?
-Гадны есөн орны 13 байгууллагын нэр дуулдаж байсан. Миний сонирхож судалснаар арай хөрөнгөлөг, чадварлаг нь Солонгосын 11 компанийг нэгтгэсэн консорциум гэж үзэж байна. Яагаад гэвэл солонгосчууд манайхаас тээвэрлэх аргаа мэднэ. Гангийн үйлдвэртэй мөртлөө нэг ч нүүрсний уурхайгүй. Тиймээс Хятадын хилээр ч, оросын Находкаар ч авч чадна. Аль ч замаар авсан бололцоотой. Замаа барихад хэл амаа ололцоход ч амар. “Хьюндай” машинаар төдийгүй уулын тоног төхөөрөмжөөрөө ч дэлхийд танигдсан сайн фирм. Тэгээд ч солонгосчууд Америкийн Марион, Каттерфиллер, Камацугаас аль хүссэн техникээ авч чадна. Тиймээс техникийн талаасаа илүү, дээр нь хөрөнгийн чадвар сайтай гэдгээр нь илүү үнэлж байгаа.
-Хоёулаа олборлолт ашиглалтын талаар ярилаа. Одоо ашгийн хуваарилалтын талаар таны бодлыг сонсъё. Ерөнхий сайд бүх ард түмэндээ хувьцаа хэлбэрээр хүртээнэ гэлээ. Та үүнтэй санал нийлэх үү?
-Энэ зөв. Хэрэв одоогийн яриад байгаа шиг уурхайг хоёр хуваачихаад монголчуудын хэсэг нь бидний хувьцааг дааж байгаа гэвэл буруу. Нэг гарт төвлөрүүлээд, түүнээсээ тодорхой хувийг ард түмэндээ хүртээдэг байх нь зайлшгүй хэрэгтэй.
-Зарим оронд эхлээд төрийн мэдэлд байлгаж байгаад яваандаа хувьчилдаг. Тавантолгойг ч гэсэн яваандаа ингэж хувьчилж болох уу?
-Болохгүй ч юу байх вэ. Гэхдээ заавал биш. Төр ашигтай ажиллуулаад, ард түмнээ тэжээгээд байвал заавал хувьчлах гэх хэрэггүй. Хуучин ашигтай ажиллаж байсан төрийн хэдэн үйлдвэр одоо дандаа алдагдалтай ажилладаг болсон. Үүнийг хятадууд, оросууд биш монголчууд өөрсдөө л ингэж ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл төр муу менежмент хийсэн, засаг нь муу удирдаж байна гэсэн үг. Өөр хэнд ч бурууг чихээд хэрэггүй. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс бид төрийн үг, үйл ажиллагааг дэмжиж хүндэтгэдэг ч гэсэн урьдынх шиг дөрвөн мөчөөрөө залбирах хэрэггүй юм байна гэж ойлгох болсон.
У.Оргилмаа.
Улс төрийн тойм