Газрын тосны чиглэлээр суралцагсад батламж гардлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Газрын тосны чиглэлээр суралцагсад батламж гардлаа

Монгол Улс 2016 онд Газрын тос боловсруулах үйлдвэртэй болж, цаашлаад газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч улс болох зорилт тавин ажиллаж байгаа. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд газрын тос, уул уурхай, хими технологи, байгаль орчны чиглэлээр суралцдаг оюутануудын дунд Монгол Улсад Газрын тосны хайгуул олборлолт хийж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах уралдаант сонгон шалгаруулалт зарласан юм байна. Уралдаант шалгаруулалтад 27 оюутан оролцсоноос 17 оюутан гадаадын нэр хүндтэй сургуульд тэтгэлэгтэй суралцах болзлыг хангажээ. Дээрх оюутнууд ОХУ-ын Москва хотын Губкины нэрэмжит хийн их сургууль, БНХАУ-ын Бээжин хотын Газрын тосны их сургуульд суралцахаар болж өнөөдөр батламжаа гардан авлаа. Энэхүү уралдаант шалгаруулалтад тэнцсэн оюутнуудын батламжийг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нарын албаны хүмүүс гардуулан өглөө.

Монгол Улс 2000 оноос энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар газрын тосны сургалтын сангийн тэтгэлэгт 100 гаруй хүн хамрагдан мэргэжлээрээ ажиллаж байгаа аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж