Төв банк хараат бусаар ажиллах ёстой гэв | News.MN

Төв банк хараат бусаар ажиллах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Төв банк хараат бусаар ажиллах ёстой гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэд, хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч төв банк 2013 онд мөнгөний ямар бодлого барьж ажилласан талаарх мэдээллийг сонссоноор үндсэндээ үдээс өмнөх хуралдаанаа өндөрлүүлсэн байна. Монголбанкнаас хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын талаарх мэдээллийг тус банкны ерөнхийлөгч Н.Золжаргал хийжээ.

Төв банкны мэдээлэлтэй холбогдуулан тус намын бүлгийн гишүүд өнгөрсөн наймдугаар сард валютын ханш яагаад огцом нэмэгдсэн, одоо мөн хэлбэлзээд байгаагийн шалтгаан юунд байна. Цаашдаа мөнгөний бодлого ямар чиглэлээр явбал бэрхшээл бага гарах вэ гэдэг талаар нарийвчлан асуулт асууж тодорхой хариултууд авсан аж. Нөгөө талаас тус намын бүлгийн гишүүд төв банкнаас хэрэгжүүлж байгаа бодлогод бэрхшээл үүссэн гэж үзжээ. Мөн УИХ даргын захирамжаар байгуулагдсан 15 гишүүнтэй ажлын хэсгийнхэн төв банкинд шалгалт хийгээд "Бэрхшээл үүссэн" гэж тодорхойлсон хэмээн бүлгийн дарга Н.Энхболд энэхүү мэдээллийг хийх үеэрээ онцоллоо.

Түүнчлэн бүлгийн гишүүд төв банк цаашид яах вэ гэдэгт нэлээд анхаарал хандуулж ярилцсан бөгөөд хоёр зүйлийг анхаарах ёстой гэжээ.

Нэгдүгээрх нь,  Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар 2014 онд Монгол Улсын нийт өр ДНБ-ний 40 хуиас хэтрэхгүй байхаар хуульчлагдсан.  Энэ хуулийг өөрчлөх бол УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг хүлээж байж өөрчлөгдөх ёстой. Мөн энэ хуулийг гурван Засгийн газар, хоёр УИХ дамжиж байж баталж гаргасан. Гэтэл Засгийн газрын зүгээс ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 50-60 хувьд хүргэх хууль санаачлан өргөн бариад явж байгаа нь төрийн бодлогын залгамж чанар бүрэн алдагдахад хүргэж байна гэж тус намын бүлгийн гишүүд үзжээ. Хоёрдугаарт, өрийн хэмжээг жил ирэх тусам өсгөн ирэх жил ДНБ-ний 60 хувь, түүний дараагийн жил 70 хувь, улмаар 80 хувьд хүрвэл ойрын хугацаанд хуучны ЗХУ-аас авсан шиг Их өрөөс дутахгүй өртэй болох нөхцөл байдал үүснэ. Эцэст нь хариуцлага хүлээх субьект тодорхойгүй болж, ард түмний нуруун дээр ачаа үлдээсэн ажил болно. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хатуу мөрдөх ёстой гэсэн байр суурь баримталжээ. Үүнийг төв банк ч мөрдөх ёстой хэмээн үзсэн юм байна.

Мөн валютын ханш, төгрөгийн тогтвортой байдлыг хангах түүний баталгаа болгох зүйл нь алтны нөөц аж. Гэтэл өнөөдөр валютын нөөц буурсан төдийгүй хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан, гадаадаас орж ирэх валютын урсгал зогссон, алтны хэмжээ нэмэгдээгүй байгаа үед цаашид хэрхэн валютын ханшийг тогтворжуулж, төгрөгийн тогтвортой байдлыг хангах вэ. Монголбанк өөрийн гэсэн бие даасан хараат бус ажиллагаа явуулах ёстой.  Хэрэв төв банк Засгийн газрын дэргэдэх байгууллага шиг хэлсэн болгоныг нь хийгээд байвал хараат бус байдал нь алдагдаж эргээд энэ нь эдийн засгийн өсөлт, валютын ханш, төгрөгийн тогтвортой байдлыг  тогтворжуулах боломжгүй болоход хүргэнэ.  Тиймээс ирэх онд төв банкийг Засгийн газрын хүссэн болгоныг хийх бус хуульд заасан хүрээндээ ажиллах ёстой гэж үзсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлэг үдээс хойш 16.00 цагаас үргэлжлүүлэн хуралдана. Энэ үеэрээ 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нараас мэдээлэл сонсох юм. Харин энэ талаар бүлгийн гишүүд ямар байр сууринд хүрсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдэд дахин өгөх юм.

Г.ДАРЬ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2013-10-14 103.26.194.96

Mongolbank Hudaldaa hogjliin banknii salbar bolson shuu de!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж