
Шар айрагны үйлдвэрийн өргөтгөсөн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Батхүү, Сангийн сайд С.Баярцогт, БОАЖ-ын сайд Л.Гансүх, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүд, Ардын уран зохиолч Тангадын Галсан, МУГЖ дуучин Б.Сарантуяа, нийтлэлч Баабар, “Х-Түц” хамтлагийн жүжигчид болох МУГЖ И.Одончимэг, СТА Х.Баттулга, Н.Онон, топ модель Д.Болормаа, Д.Пүрэвсүрэн, мисс Ч.Содтуяа гэх мэт салбар салбартаа нэр хүндтэй улс төр, урлаг соёлын алдартнууд уригдсан нь компанийн нэр хүнд болоод зэрэг зиндааг илтгэсэн явдал боллоо гэж хэлж болно.

Ёслолын арга хэмжээг Ганхуяг хөтлөн Морин хуурын чуулга хуран цугласан олонд ая дуугаа өргөлөө. Тус тоглолтын дараа зочдоо шар айрагны өргөтгөсөн үйлдвэртэй танилцах аялалд урив. АПУ компани 2003 онд хувьчлагдсанаасаа хойш архи, шар айраг, ус ундааны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг бүхэлд нь шинэчилж байсан бол энэ удаад шар айрагны үйлдвэрээ өргөтгөх ажлыг амжилттай хэрэгжүүллээ. АПУ компани нь хүнсний аюулгүй байдлыг хангасан баталгаат, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа болгон, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн бүрийнхээ стандартыг дэлхийн жишигт хүргэхийн төлөө ямагт зорилгоо болгосоор иржээ. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд хамгийн шилдэг сүүлийн үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлэх нь чухал байдаг. Энэ утгаараа тэд шар айрагны үйлдвэрээ өргөтгөн хөнгөнцагаан савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн автомат тоног төхөөрөмжийг суурилуулснаа зочиддоо танилцуулан бүтээгдэхүүний дээжээсээ газар дээр нь амтлууллаа. Ийнхүү 30 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар босч буй шар айрагны үйлдвэрлэл ашиглалтанд орсноор жил бүр гадагш чиглэдэг байсан 20 тэрбум төгрөгний урсгал дотооддоо үлдэх боломж бүрджээ. Тус шар айрагны тоног төхөөрөмж Германы алдарт “Кронесс” фирмийнх юм байна. Дэлхийн өнцөг булан бүрт байрлах хагас зуун жилийн түүхт “Кронесс” фирмийн 30 салбарт өнөөдөр есөн мянга гаруй хүн ажилладаг байна.
2007 онд дэлхий дээр үйлдвэрлэсэн нийт шар айрагны гуравны нэг хувь нь “Кронесс” фирмийн тоног төхөөрөмжөөр дамжсаны дараа хэрэглэгчийн гар дээр хүрч байжээ. Тус фирмийн нэг бүтээгдэхүүн болох хөнгөнцагаан лааз нь дотор агуулах шингэний амт чанарыг нь хадгалахын тулд дөрвөн давхаргаас бүрддэг байна. Лаазны дээд талд орших давхар оёос нь лаазны хэлбэр хадгалах үүрэгтэй бол хамгийн дотоод талын лакан давхарга нь шилний ижил шар айрганд ямарваа нэг амт үнэрийн нөлөөнөөс хамгаалах үүргийг хүлээдэг байна. Харин дунд талын давхарга нь найман өнгийн хэсгээс бүрдэж, лаазанд бөх бат шинжийг, бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж, гадна талын хэсэг нь тухайн брендийн нэрийн хуудас болон гадны гэрэл, механик гэмтлээс сэргийлдэг ажээ.

Тиймээс АПУ компанийн шинээр худалдаанд гарч буй лаазтай “Боргио” шар айраг нь дээрх шаардлагуудыг бүрэн хангасан дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн болжээ. “Боргио” пиво Монголд анх удаа 0.33, 0.5 литрийн хэмжээтэйгээр, хөнгөнцагаан лаазан савлагаатайгаар худалдаанд гарч эхэллээ. Үйлдвэртэй танилцах аялал өндөрлөн зочид сонгодог хөгжмийн оркестр, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин МУГЖ С.Мөнгөнцэцэгийн уран бүтээлийг хүлээн авч сонирхлоо. Сонгодог хөгжим дор сонгодог үдэш, сонгодог зочид, сонгодог хүлээн авалт боллоо.
Зочид оройн зоог барин өөр хоорондоо халуун дотно яриа өрнүүлцгээж байсан юм. Ёслолын арга хэмжээнд тун удахгүй 15 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа “Камертон” хамтлаг ая дуугаа өргөн, Филиппин хамтлагийн цоглог залуус зочдыг хөгжөөн гадаадын хит дуунуудаар зочдод бэлэг барьсан. Нээлтийн ёслолыг хааж, хориод минут тасралтгүй ёслолын буудлага хийсэн нь ирсэн зочдыг хэсэгхэн сандаргаад авч байлаа. Их аварга хүртэл зургаа татуулж байснаа сандран модны нөмөр бараадан гүйж байгаа харагдсан. Ийнхүү үндэсний манлай АПУ үйлдвэрийн өргөтгөлийн хүлээн авалт сүрлэг болж өндөрлөв.
Г.Даша