&#34Чингис бонд&#34-оос хоёр дахин их хөрөнгө зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

&#34Чингис бонд&#34-оос хоёр дахин их хөрөнгө зарцуулжээ

Ерөнхий сайдын долоо хоног бүр хийдэг “Бүтээн байгуулалтын цаг"  өнөөдөр боллоо. Энэ удаагийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар  төсвийн хөрөнгө  оруулалтаар хийсэн бүтээн байгуулалтын ажлын үр дүн, 2013 онд орон нутгийн хөгжлийн санд мөнгө хуваарилж, бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх болсон талаар танилцуулсан. Сүүлийн  таван жилд буюу 2009-2013 онуудад улсын төсвөөс  нийтдээ 3.2 тэрбум ам.долларыг бүтээн байгуулалтад  зарцуулжээ. Энэ нь “Чингис бонд”-ын хөрөнгөөс  хоёр дахин их  мөнгийг төсвөөс бүтээн байгуулалтад зарцуулсан  үг болохыг Ерөнхий сайд онцоллоо.

Эдгээрээс хөдөө орон нутагт хамгийн  их хөрөнгийг  Дорноговь, Төв,  Хөвсгөл, Ховд аймгууд зарцуулсан бол Говьсүмбэр аймаг хамгийн бага хөрөнгийг төсвөөс зарцуулжээ. Ховд аймаг сүүлийн  таван жилд 150  гаруй, Хөвсгөлд 143 тэрбум  төгрөгийг тус   тус  төсөвт суулгасан байна.  Хэдийгээр орон нутгийн бүтээн байгуулалтад зориулж төсвөөс  мөнгө хуваарилдаг ч цаг хугацаандаа ашиглалтад орохгүй байгаагаас үр дүнгүй  болох тохиолдол их байна. Тухайлбал Ховд аймгийн Жаргалант сумын дулааны цахилгаан станц барьсан боловч технологийн шаардлага хангаагүй, Салхин сэнс төсөл таван аймагт хэрэгжсэн ч чанарын  шаардлага хангахгүй байснаас дахин 20 тэрбум төгрөг зарцуулсан, Увс аймагт  ашиглалтад орсон Дулааны цахилгаан станц хэрэглэгчгүй болсон,  тус аймгийн Хүүхэд залуучуудын соёл амралтын  хүрээлэн, наадмын талбай байгуулах ажил 2010 онд эхэлсэн ч босоогүй зэрэг үр ашиггүй хөрөнгө оруулалт олон байна. Түүнчлэн нийслэлд  22-ын товчооны замыг   борооны улиралд чанаргүй барьснаас   жил хүрэхгүй хугацаанд эвдэрч, энэ жил нийслэлийн төсвөөс 1.3 тэрбум төгрөг зарцуулсан, 300 ортой төрөх эмнэлгийн барилга баригдаж эхлээд дөрвөн жил болж байгаа ч өнөөдрийг  хүртэл  дуусаагүй, дахин хөрөнгө  оруулалт  нэхэж  байгаа зэрэг  жишээ дурдаж байлаа.

Энэ мэт тендер авчихаад ажлаа хийдэггүй байдлыг халахын тулд Орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө өгч,   иргэдээрээ хэлэлцүүлэн  шаардлагатай ажлаа хийдэг болох ёстой. Тиймээс  2013 онд гэхэд Орон нутгийн хөгжлийн санд 247 тэрбум төгрөг шилжүүлээд байна гэж Засгийн газрын тэргүүн онцоллоо.

Мөн барилга байгууламж барих зураг төсөлд  зарцуулах хөрөнгийг  хэмнэж, төсвийн хөрөнгөөр баригдах  сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлгийн барилгуудыг нэг зураг төслөөр барихаар болсон байна. 2014 онд баригдахаар төлөвлөгдөж буй 280 гаруй барилга байгууламжийн зураг төслийг хийхэд зарцуулагдах 18.7 тэрбум төгрөгөөс дөнгөж 5.4 тэрбумыг зарцуулна. Ингэснээр зөвхөн зураг төсөл хийх хөрөнгийг 13 тэрбумаар хэмнэх боломж байна гэсэн юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж