Эдгээрээс хөдөө орон нутагт хамгийн их хөрөнгийг Дорноговь, Төв, Хөвсгөл, Ховд аймгууд зарцуулсан бол Говьсүмбэр аймаг хамгийн бага хөрөнгийг төсвөөс зарцуулжээ. Ховд аймаг сүүлийн таван жилд 150 гаруй, Хөвсгөлд 143 тэрбум төгрөгийг тус тус төсөвт суулгасан байна. Хэдийгээр орон нутгийн бүтээн байгуулалтад зориулж төсвөөс мөнгө хуваарилдаг ч цаг хугацаандаа ашиглалтад орохгүй байгаагаас үр дүнгүй болох тохиолдол их байна. Тухайлбал Ховд аймгийн Жаргалант сумын дулааны цахилгаан станц барьсан боловч технологийн шаардлага хангаагүй, Салхин сэнс төсөл таван аймагт хэрэгжсэн ч чанарын шаардлага хангахгүй байснаас дахин 20 тэрбум төгрөг зарцуулсан, Увс аймагт ашиглалтад орсон Дулааны цахилгаан станц хэрэглэгчгүй болсон, тус аймгийн Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн, наадмын талбай байгуулах ажил 2010 онд эхэлсэн ч босоогүй зэрэг үр ашиггүй хөрөнгө оруулалт олон байна. Түүнчлэн нийслэлд 22-ын товчооны замыг борооны улиралд чанаргүй барьснаас жил хүрэхгүй хугацаанд эвдэрч, энэ жил нийслэлийн төсвөөс 1.3 тэрбум төгрөг зарцуулсан, 300 ортой төрөх эмнэлгийн барилга баригдаж эхлээд дөрвөн жил болж байгаа ч өнөөдрийг хүртэл дуусаагүй, дахин хөрөнгө оруулалт нэхэж байгаа зэрэг жишээ дурдаж байлаа.
Энэ мэт тендер авчихаад ажлаа хийдэггүй байдлыг халахын тулд Орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө өгч, иргэдээрээ хэлэлцүүлэн шаардлагатай ажлаа хийдэг болох ёстой. Тиймээс 2013 онд гэхэд Орон нутгийн хөгжлийн санд 247 тэрбум төгрөг шилжүүлээд байна гэж Засгийн газрын тэргүүн онцоллоо.
Мөн барилга байгууламж барих зураг төсөлд зарцуулах хөрөнгийг хэмнэж, төсвийн хөрөнгөөр баригдах сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлгийн барилгуудыг нэг зураг төслөөр барихаар болсон байна. 2014 онд баригдахаар төлөвлөгдөж буй 280 гаруй барилга байгууламжийн зураг төслийг хийхэд зарцуулагдах 18.7 тэрбум төгрөгөөс дөнгөж 5.4 тэрбумыг зарцуулна. Ингэснээр зөвхөн зураг төсөл хийх хөрөнгийг 13 тэрбумаар хэмнэх боломж байна гэсэн юм.