Хятад хүмүүс хүртэл бид нарын хөгжмийг сонсох дуртай

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Хятад хүмүүс хүртэл бид нарын хөгжмийг сонсох дуртай

Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа хүү нь болохоор адилхаан, би… Энэ орчлонгоор дүүрэн ээж ээ гэж хашгарвал эжий минь л ганцхан миний дууг таних байх даа… Цэрэг би чинь ингэж бодохоор цээжин дотор минь гал дүрэлзээд цэвэр сэтгэлийн уяанаас алдуурч цэргийн хуарангаас чад руу тэмүүлнэ ээ… Үүний дараа хэний тухай ярих гэснээ хэлбэл уншигч таныг хэтэрхий басамжилсан хэрэг болох байх. Тэд өдгөө аль хэдийнэ 20 жилийг ая, дуугаараа үдэж. Хэсэг хугацаанд олны өмнө тийм ч олон гараагүй тус хамтлагийн сонин сайхантай танилцхаар Хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай “Хурд” хамтлагийн тухай болон түүний хувийн үзэл бодолоос жаахан ч гэсэн хуваалцсан юм.

-Өвөр Монголд очихоор бэлтгэлээ базааж байна дуулсан. Ер нь элэг нэгтэй болоод ч тэр  юм уу манай урлагийнханд тэд дуртай. Бүр хүлээдэг гэж ярих юм билээ?

-Бид нарыг Өвөр Монголд очиход Өвөр Монголын цагдаа нар маш их хянадаг. Нэг хэсэг манай хамтлагийг Хятдад тоглолт хийхийг хоргилж байсан. Ямар хөгжим тоглох гэж байна, ямар үгтэй юм гээд маш их хяналт тавьдаг. Яагаад гэвэл өвөр монголчууд их үндсэрхэг ард түмэн учраас “Хурд”-ыг үзэх хүсэл маш их. Хятадын алдартай том том хамтлаг дуучид нь ирэхэд үздэггүй хэрнээ Харин Монголын уран бүтээлчид очиход маш  их хүн үздэг. “Харанга”-ыг “Киви”, “Хурд” гэх мэт хамтлаг дуучдыг үзэх их хүсэлтэй байдаг. Магадгүй эдгээр хамтлаг дуучдын тоглолтуудыг үзээд ухаарах зүйлс нь их байдаг юм болов уу?

-Харин л дээ… “Хурд” хамтлаг  ӨМӨЗО-ны чамгүй олон газарт уригдаж, тоглолтоо хийнэ гэж сонссон?

-Манай хамтлагийг тоглолт хийхээр болсоныг дуулсан ӨМӨЗО-ны аймаг сумдууд гээд олон газар биднийг урьсан. Аль болох л олон газар очиж тоглох нь “Хурд” хамтлагийнханд чухал байгаа. Үндсэрхэг үзэлтэй, үндэсний гэсэн зүйлсээр цангасан хүмүүс байдаг учраас тэд нарт аль болох хөгжмөөрөө хүрэхийг л хичээдэг дээ.

– БНХАУ-д тоглолт хийхийг хориглосон талаар эргээд ярья. “Хурд”-ынхан юу хийсэн болоод хориглуулчихав аа?

-Тухайн үедээ “Нью йорк таймс” сонин дээр бичигдсэн. Бид нарыг амеркид байхад яг гарч байлаа. “Монголын “Хурд” хамтлагийг Хятдад тоглох тоглолтыг хориглов” гэсэн гарчигтай мэдээ сэтгүүлийн нүүрэн дээр гарсан . Тэр мэдээ маш өргөн хүрээг хамарсан манай хамтлагийнхныг  Канадын виз авах гээд байж байхад  хүртэл энэ тухай хүмүүс уншчихсан байсан. Тухайн үед Хятад хүн “Чингисийн онгон”-ыг худалдаж авсан нь Өвөр монголчуудын дургүйцлийг хүргэсэн. Магадгүй тэр үед “Хурд” хамтлаг уг дургүйцлийг дэвэргэж болзошгүй гэж л үзсэн байх. Тэрнээс хойш “Хурд” хамтлаг дөрвөн жилийн дараа Өвөр монголд тоглох гэж байна. Үүгээр бас хүмүүсийн хүсэл, зориг, эрмэзлэлийг юугаар ч хорьж цагдаж болдоггүй юм аа гэдэг нь харагдаж байгаа юм л даа. Өвөр Монгол гэлтгүй Хятад хүмүүс хүртэл бид нарын хөгжмийг сонсох дуртай. Дээх нь үед манайд орж ирж байсан хамтлагуудыг ялангуяа “Beatles” хамтлагийнхныг хүн бүр сайн мэдэх биз дээ. Тэр үед бид нар ч гэсэн үгийг нь мэдэхгүй мөртлөө хөгжмийг сонсох дуртай үгийг нь дагаж дуулдаг байсан шүү дээ. Яг тэрэнтэй адилхан хятад хүмүүс хүртэл үгийг нь сонсоод мэдэхгүй хирнээ сонсох дуртай байдаг.

-Яагаад ӨМӨЗО-ныг сонгон тоглолт хийхээр болов?

-Яагаад заавал ӨМӨЗО-нд тоглолт хийх гээд байна вэ гэхээр. 20 жилийн өмнө манай хамтлагийнхан тэнд тоглолт хийж байсан. Одоо болтол Өвөр монголчуудтай хамтраад ажиллаж байна. Энэ чинь урлагийн үйл ажиллагаа шүү дээ. Ямар нэгэн улс төр ч юм уу? Өөр юм бол биш юм. Тэр утгаараа энэ жил “Хурд”-ыг тэд тоглолт хийлгэх сонирхолтой, хүсэлтэй байгаа юм л даа. Урд тоглоход дууны шүлгийг их хяндаг. Тиймээс ч бид нар шалгалт өгч байж тоголдог ч юм шиг их хяналттай тоглодог. Хөх хотод тоглоход янз бүрийн урлаг соёлын газраас нь хяналтын алба ажиллаж яг тэр үгтэй дуугаа дуулж байна уу? Үгүй юу гэдгийг хянж ажилладаг. Манай концертын анханы дууг сонсоод л тоглолт үзэж байгаа хүмүүс тэр чигтээ босоод ирдэг.  Хөл бөмбөгийн фанатууд шиг л юм болно шүү. Ямар нэгэн ардчилал, эрх чөлөөний хувьд тэдэнд хязгаар бий. Хамаагүй рок хамтлаг үзэж болохгүй, орилж, чаралж болохгүй, хамаагүй босч болохгүй, үзэгчид тайз руу дайрч болохгүй ч гэдэг юм уу? Урд анх 1997 онд “Тамир”-ын ордонд хийж байсан тоглолтонд 8000 хүн цугалчихсан үзэгчид орилж байхад Өвөр монголын цагдаа нар босч ирсэн хүн бүрийг бороохойдож байсан. Энэ мэтчилэн маш их урлагаар цангасан хүмүүс байдаг. Ялангуяа Монгол урлагаар цангасан хүмүүс байдаг юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд аажим аажмаар энэ бүхэн гайгүй болсон. Тэд  урлагийг, сэтгэлгээг барьж, дарж чадахгүй. Тийм учраас тэдний хяналт гайгүй болохоос өөр арга байхгүй, яалт ч үгүй бид нарыг урьж тоглуулж байна.

-Өвөр Монголд болох тоглолтонд танайхаас гадна өөр уран бүтээлчид явах уу?

-Аравдугаар сарын 19-ны концерт дээр дурьдсан шалтгаануудаас гадна манай 20 жилийн ойтой холбоотой. Уг тоглолтонд манай хамтлагаас гадна “Харанга”, “Сэрчмаа”, “Киви”, “Sweetymotion” хамтлагийнхан болон дуучин Ариунаа нар очиж тоглоно.

-Хурд хамтлагийнхан нилээд хугацаанд чимээгүй байлаа. Яагаад? Энэ хугацаандаа юу хийж байсан бэ?

“Хурд” хамтлагийн хувьд өдөр шөнөгүй зурагтаар гараад сэтгүүл сонинд гараад байх сонирхол байхгүй. Гэвч нэг өдөр нэг минут ч урлагаасаа хол байгаагүй. Зөвхөн тайзан дээр гараад байгаагаараа урлагийн хүн болохгүй шүү дээ. Нэг гитар бариад л тайзан дээр дандаа байгаад байхгүй .Тэгхээр дуу зохиох хэрэгтэй болно студдээ ажиллах хэрэгтэй болно. Өөр газруудад тоглох хэрэгтэй болно. Би л гэхэд өдөржингөө гадуур ажилтай байсаар байгаад орой л гэртээ ордог. “Хурд” чимээгүй байгаад байгаа юм биш шүү, жил бүр нэг том тоглолт хийж байна. Бүтэн 20 жилийн хугацаанд бид 16 том тоглолт хийсэн,13 CD  гаргасан, 90 гаруй клип хийлгэсэн. Уг нь чимээгүй байгаагүй. Тэрнээс биш өдөр болгон од болох гэж, өдөр болгон сенсаци хийгээд, өдөр бүр хүмүүсийн нүдэн дээр  байгаагаараа урлагт зүтгээд байна гэсэн үг биш шүү дээ.

-Монголын нөхцөлд дан ганц урлагаар амьдрах хүнд. Тэр тусмаа ах, дүү нарын хамлагийнхан. Танай хамтлагийн хувьд урлагаас гадна өөрөөр амьдралдаа тус болох ямар бизнес хийдэг вэ? Хамтлаг дуучдын дийлэнх нь бизнестэй байдаг шүү дээ?

-Урлагийнхан их завтай байна л даа. Бизнес хөөгөөд, урлагт зүтгэнэ гээд л. Улс төрд ч орчих гээд оролдоод яваад ч байх шиг. Бидний хувьд хийдэг ажил нь л урлаг, дуу зохиох, шүлэг хайх. Би долоо хоногтоо нэг удаа номын дэлгүүрээр тойрчихоно. Хүмүүсийн ертөнцтэй танилцах, шинэ юм хайх, шинэ дуу зохиох гээд л… Урлагийнхаа ажлаа хийх юм даа. Яах вэ, толгой сийрэг ажиллаад өөр салбар руу ороод бизнес хийвэл бужигнуулж магадгүй л байх. Гэхдээ тийм сонирхол алга. Бид нарын барьдаг нэг зарчим бол хүн чаддаг юмаа тултал нь хийх л юм шиг надад санагддаг. Чадахгүй юмруугаа сарвайж ороод юу хийхэв. Харин чаддаг юмруугаа манайхан тал тал тийшээ ороод чаддаг юмаа тултал нь хийхэд энэ Монгол улсын хөгжил гэдэг зүйл урагшаа явах байх. 

-Санхүүгийн хувьд, хүрэлцээтэй байдаг гэж үү?

Болно, болохгүй байна гээд яах юм. Би энэ яваа амьдралдаа их сэтгэл хангалуун явдаг. Байгаа юмандаа ханаагүй хүмүүсээс жаргалтай амьдарч байгаа юм шиг санагддаг.

-Хурд хамтлаг тарах уу? Ер нь анх яагаад ах дүү нар нийлэх болсон бэ?

-“Хурд”-ын хувьд тарна гэж байхгүй. Нэгдүгээрт бид нарт эв нэгдэл гэр бүлийн маш том харилцаа байна. Тухайн үедээ манай хамтлагийнхан бусдаасаа шалгарч ялгарч чадсан. Хамгийн анх Ганбаяр, Батжаргал гээд хоёр ахдаа би ялгарч таалагдсан байх. 1991 оны үед би үеийнхэнээсээ ялгарч гитар тоглож гарч ирсэн. Хэрвээ надаас өөр хүн гитар тоглож орсон бол “Хурд” хамтлаг тэгэж их амьлахгүй л байсан байх. Яалтачгүй л цаг үеийн сонголт болсон.

-Нилээд дээх нь үед хурд хамтлагийнхан дуучин шалгаруулж байсан гэх яриа байдаг. Яагаад тэр шалгаруулалтнаас биш Цогоо ахыгаа сонгож хамтлагтаа авах болсон юм бэ?

-1991 оны үед бүх хөдөө орон нутгаас манай хамтлагийнхан дуучин шалгаруулж авах гэж 70 гаруй хүний дунд шалгаруулалт явуулсан. Тэр үед хоёр дуучин шалгараад үлдсэн байсан ч нэг нь алга болоод нэг нь орох гэж явж байгаад бас л хаячихсан. Яг тэр үед Цогоо цэргээс дөнгөж ирчихсэн “Цэргийн бодол”, “Чоно”  гэх хоёр дууг дуулж олны хүртээл болгосон. Тухайн үед хүн болгон л дагаад галзуурч байсан. Яалтачгүй л гэр бүлийнхэн орсон. Гэр бүлийн бат бөх эв нэгдэл манай хамтлагт их тус болсон юм болов уу? Гэж боддог. Хэрвээ өөр гэр бүлийн хүмүүс байсан бол магадгүй тарж бутархыг үгүйсгэхгүй. Хойшдоо их олон зүйлийг харж байна. Би дөнгөж 40 гарч байна дахиад хорин жилийн дараа ахиад тоглолт хийнэ л гэж харж төлөвлөж байгаа шүү.

-Сүүлийн үед хамтлагууд их замен тоглогчтой болчихсон юм шиг санагдах юм. Нэг нь гарлаа гэхэд нөгөөдөх нь нөхөөд л орчихно. “Хурд” хамтлагийн хувьд өөрсдийнхөө оронд залуу үе ч юм уу? Ахиад “Хурд хоёр” гэсэн хамтлагаар өөрсдийгөө орлуулах болов уу?

“Хурд” бол дахин давтагдашгүй нэг л хамтлаг. Зарим хамтлаг тарж бутраад өөр хамтлагийн гишүүд нэмж хасаад л байдаг юм. Хэр баргийн сэтгүүлч хөндөж асуудаггүй юм харин чи асуулаа. Хамтлагийн нэг гитарчин өөрчлөгдхөд тэр хамтлаг саунд дуугаралтын хувьд шал өөр хамтлаг болж хувирна. Цогоо байхгүй Цогоогын оронд өөр хичнээн гоё дуулдаг залуу байгаад “Эх орон” дууг дуулвал хэн ч тоохгүй. Надаас өөр хүн хамтлагт гитар тоглоод массыг доргиож авч явж байгааг хүн хүлээж авч чадахгүй. Энэ бол давтагдашгүй ганц байх ёстой зүйл юм. Тэр утгаараа би 20 жил гэж яриад, цээжээ дэлдээд байгаа юм л даа. Яг хатуу хэлхэд манай рок попынхон дунд “цус нь ойртчихсон” юм шиг нэг зүйл байна. Нэг уран бүтээлчийн тоглолт боллоо гэхэд нөгөө л бааз гитарчин, бөмбөрчин сууж л байдаг. Би тэднийг хөлсний хөгжимчид гэж л хэлнэ. Энэ нь тэд нарын буруу ч биш тэд нар ажлаа хийгээд хөлсөө аваад л явж байгаа. Ямар нэгэн хамтлаг эсвэл дуучны тоглолт болоход нөгөө нөхдүүд сууж л байдаг. Энэ бол биш юм аа. Дуугаралт гэдэг юм чинь өөр ш дээ. 20 жил надтай ажилласан хөгжимчид надтай “Цэргийн бодол”-ыг тоглоход яаж сонсогдох уу? Өөр хөгжимчидтэй “Цэргийн бодол” дуун дээр ажиллахад яаж дуугархав гэдэг чинь өөр болоод л ирдэг. Сарантуяа, Нарангийн тоглолтууд дээр очиж хөгжим тоглодог. Гэхдээ надад өөр хөгжимчидтэй хамтарч тоглохоор ерөөсөө хөгжим  дотроо орж тоглож чададгүй. Энэ чинь өөрөө маш нарийн ухаан,  маш торгон мэдрэмжүүд явж байгаа юм. Хүн болгон хэдэн акордуудаар “Цэргийн бодол”, “Эх орон” дуунуудыг тоглож чадна. Гэвч өөр л байдаг байхгүй юу. Хамт байж биенийгээ мэдэрч хүндэлж байж хамтлаг бүрддэг. 

-Хөгжим сайн тоглодог бол болчихдог юм шигээ?

-Манайхан бас буруу л бодоод байдаг юм. “Би болчихвол болоо” гэж.  Гэхдээ болоогүй л байдаг байхгүй юу, чадаагүй байна, чадах ч үгүй. Хэрвээ би гэсэн аминчхан бодол байгаа л бол тэр хэзээ ч чадахгүй. Хамтлаг бол хамтлаг шүү дээ.

-Сүүлийн үед тоглолт хийх нь зүгээр л мөнгө хийх арга болчихсон юм биш биз?

-Чимээгүй байж байснаа манай хамтлагийн тэдэн жилийн ой гэж хэлээд тоглолт хийдэг мода байна. Чив чимээгүй байж байснаа гэнэт гарч ирээд л манай хамтлаг 10, 15 жил болчихлоо гэж  нэг тоглолт хийдэг бүр бизнес болгочихсон ч юм бий. Тухайн цаг үедээ манай ард түмэн дууг нь сонсдог, хүндэлдэг байсан учраас л тоглолтыг нь үзнэ. Гэхдээ ийм чанаргүй юм байж болохгүй. Дур зоргоороо л хэдэн залуучууд нийлээд дуу хийгээд л тоглолт хийчихдэг. Тэгвэл хоёулаа өнөөдөр нийлээд нэг дуу хийчихээд хэдэн жилийн дараа эсвэл хэд хоногийн дараа тоглолт хийчихье /инээв/ . Жоохон утгатай шударга баймаар байгаа юм л даа. Ер нь манай “Хурд” хамтлагийнхан чинь рок попынхонтой нийлээд, нэг тогоонд ороод, өвөр түрүйндээ орох дургүй шүү. Бид нар оролцох зүйлсдээ оролцож, оролцдоггүй зүйлдээ оролцдоггүй тэр нь хамаагүй шудрага, их зөв. Гэхдээ сайн найзууд байлгүй л яахав. Ер нь манай урлаг, улс төрийнхөн хоорондоо их эв түнжин муутай байдаг. Хүнд муутай байна гээд муу байна гэсэн үг биш шүү.

Жаахан хатуухан хэлхэд чаддаггүй хирнээ чаддаг юм шиг яриад байдаг хүмүүсийг би их гайхаад байдаг юм. Би хатуу, үнэн үгийг хэлчихдэг учраас урлагийнхан жаахан надаас цэрвээд байдаг тал бас бий.

-Рок попын хөгжил ямархуу төвшинд байна вэ? Залуу үеийнхэн дундаас ирээдүйд магадгүй гайгүй юм хийчих байх гэсэн хамтлаг бий болов уу?

-Хөгжүүлэх систем нь байхгүй байна. Дур дураараа хэдэн хүүхдүүд гаргаж ирээд клипийг нь хүчээр цацаад л гаргаж ирээд байдаг юм. Гоё, гоё авьяастай залуучууд зөндөө байна. Ганцхан Отгонбаяр л гитарчин биш шүү дээ. Авьяастай гитар тоглодог залуучууд байна. Гэхдээ энийг их зөв мэдрэмжтэй хөгжүүлмээр юм шиг надад санагддаг шүү. “Up” продакшны “Anemone” хамтлагийн хүүхдүүд их зөв хүүхдүүд юм шиг санагддаг. Бэлтгэл сайн хийж байгаа харагддаг. Нилээн номын дуу сонссон. Гэтэл одоо болтол тоглолт хийгээгүй явж байна. Яах вэ болоогүй байгаа тэд нар ч тэрийгээ мэддэг. Тэр утгаараа тэд нарыг хүндэлдэг. Тэрнээс биш зайгүй микрафонтой тайзан дээр дуулдаг залуу уран бүтээлчид олон байна. Тэд нарыг бүгдийг нь тайзан дээр гаргаж зогсоож байгаад 30 мянгуулаа нэг харж, зогсож, үзэх юмсан. Яаж хэн нь юу дуулах бол. Хүнийг хоолойгоор нь дугаарлаж байгаа юм бол биш. Ер нь жаахан ч гэсэн үнэний ортой байвал яасан юм бол. Сүүлийн үед урлагаар амархан мөнгө хийгээд амьдарчих байх гэсэн бодолтой залуус олон байна. Харамсалтай нь үгүй л болов уу даа.

-Хамтлагийн гишүүд тус тусдаа их тоглолт хийх болсон. Танай хамтлагийн хувьд тийм төлөвлөгөө байгаа юу?

-Бид нарын хувьд “Харанга” хамтлагийн ах нарыгаа дууриахгүй. Тэд нарын хажууд болоогүй байна гэж боддог. Одоохондоо тийм төлөвлөгөө байхгүй. “Хурд” хамтлаг явах замаараа л явна.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж