Үнэ цэнэгүй гэр бүл гэж үгүй

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Үнэ цэнэгүй гэр бүл гэж үгүй

Үнэ цэнэгүй гэр бүл гэж үгүй

Гэр бүлийн асуудал гэхээр хаалганы цаана тухайн өрх айлын цөөн  хэдхэн гишүүнд л хамаатай зүйл байхаа хэдийнэ больжээ. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр гэр бүлийн олон талт харилцаа үүсч тэр болгоныг зохицуулах шинэ эрхзүйн орчинг ч үгүйлж буй талаар өнөө өглөө Төрийн ордноо эхэлсэн “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил, шинэчлэл” үндэсний чуулганы үеэр өгүүлж байлаа. Үнэ цэнэгүй гэр бүл гэж үгүй. Өргөө гэрээ босгосон бүхэнд эрхэмлэх нандин шүтээн, онцлог давуу тал бий. Түүнтэй зэрэгцэн нийтлэг алдаа дутагдал ч мөн цөөнгүй. Тэр бүхнийг тал талаас нь хэлэлцэхээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдрийн чуулганыг зохион байгуулж буй ажээ. 21 аймаг, есөн дүүргийн шилдэг гэр бүлийн төлөөлөл оролцсон эл чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлсэн бол Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлж, НҮБ-ын суурин төлөөлөгч Сезин Синаноглу, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын суурин  төлөөлөгч Винсент Эдвардс нар баяр хүргэж үг хэлсэн юм.

Чуулганы нээлтийн үеэр  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Нийгмийн хөгжлийн гол цөм болсон гэр бүлийн хандлага харилцаа өдөр өдрөөр өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Гэр бүлийн хүрээнд гарч буй шинэ тутам хандлагыг зохицуулах эрхзүйн актууд үгүйлэгдсээр байна. Гадаадын улс оронд амьдарч буй  монгол гэр бүлийн  асуудлыг хэрхэн зохицуулах нь одоогоор тодорхойгүй байна. Олон соёлт гэр бүл, давхар харъяаллын асуудлыг тусгасан эрхзүйн акт үгүйгээс хүүхдийн эрх хөндөгдөх байдал ажиглагдаж байна. Зөвхөн Солонгост л гэхэд Монголын харъяатаасаа гараагүй 2000 орчим бүсгүйчүүд хүүхдээ Солонгост төрүүлж өсгөж байна. Хэдийгээр манай улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй хэдий ч тэдгээр хүүхдийн эрхийг аль улс нь хамгаалах вэ гэдгийг нэг мөр болгон шийдэх л ёстой. Мөн гадаадын улс орнуудад үрчлэгдсэн хүүхдийн эрхийг хамгаалах зэрэг олон асуудлыг шинээр боловсруулж буй Гэр бүлийн тухай хуульд багтаахаар ажиллаж байна” гэсэн юм.

Гэр бүлийн чуулганд оролцогсдын олонх нь өнгө ижил дээлээр хосолсон байхын дээр нас насны гэр бүлийн төлөөлөл багтсан байсан юм. Чуулганд гэр бүл судлаач, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа чвуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөгчид ч багтсан байлаа. Тэдний нэг гэр бүл судлаач Т.Намжилтай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

Т.Намжил: Ижил хүйстний гэрлэлтийг хуульд оруулаасай гэсэн хүн олон бий

-Өнөөдрийн  чуулганы сэдэв гэр бүл. Та түрүүн гэр бүлийн харилцаа хандалагад гарч буй өөрчлөлтийг эрхзүйн орчинд зохицуулах боломж нээгдэж байна гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлэн танилцуулна уу?

-Ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд гэр бүлийн эвлэрүүлэн зуучлагч нар ажиллаж эхэлж байгаа. Үүнийг  гэр бүлийн харилцаанд нааштай шийд гаргах нэг боломж гэж нэрлээд байгаа юм. Өнөөдөр гэр бүлийн таагүй уур амьсгалыг салалтаар шийддэг жишиг тогтсоноос гэр бүл тогтворгүй, ганц бие хүмүүс олширч байна. Мөн гэр бүлийн шүүгч ажилладаг болно. Ингээд ирэхээр гэр бүлийн салахаасаа өмнө хэд хэдэн шат дамжлага давж, тэр хоорондоо бие биенээ ойлгох юм.

-Залуус гэрлэхийг яарахаа больжээ. Хэсэг хугацаанд хамтран амьдарч байгаад таарахгүй бол салчихна гэсэн бодолтой нь олон болж. Энэ асуудлыг хэрхэн шийдвэл зохистой бол?

– Хамтран амьдрагч, хамтын амьдрал гэсэн хоёр өөр ойлголтыг ялгаж салгах хэрэгтэй санагддаг. Жишээ нь Доржийнх таван хүүхэдтэй, ханилаад 20 гаруй жил болсон ч гэрлэлтээ батлуулаагүй бол хамтын амьдрал гэж олйгож болно. Дундаас доош төвшнийхөн дунд ийм амьдрал түгээмэл байна. Албан ёсоор батлуулаагүйгээс гэр бүлд чиглэсэн хөнгөлөлт үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмжээс хоцроод байдаг. Ийм гэр бүлийг хамгаалах зүйл заалтыг хуульд оруулах нь зөв.  Европын орнуудад түгсэн энд тэнд, үүнтэй түүнтэй нөхцөж амьдардаг жишиг ч байна. Үүнийг хамтран амьдрагч гэж нэрлээд байгаа юм. Түүнээс гадна гэрээгээр гэр бүл бологсод, олон эхнэр, нөхөртэй байх, ижил хүйстнүүдийн гэрлэлт, улс дамнасан, олон соёлт гэр бүл гээд маш олон төрлийн харилцаа бий болоод байна.

-Таны нэрлээд байгаа шинэ харилцаан дунд ижил хүйстний гэрлэлт гэдэг үг содон сонсогдлоо. Ижил хүйстний гэрлэлтийг манай улс албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй биз дээ?

-Манай улсад ижил хүйстний гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй. Гэвч татгалзах аргагүй нэг асуудал энэ болоод байна. Ер нь бол зуу зуун ижил хүйстнүүд албан ёсоор гэрлэлтээ батлуулахыг хүсдэг. Гэр бүлийн тухай хуульд энэ асуудлыг оруулсангүй гэж  бухимдаж байгаа нь ч цөөнгүй. Өөрсдөө бол хууль боловсруулчихсан байдаг. Гэхдээ эхлээд Гэр бүлийн тухай хуулиа баталчихаад дараа нь түүнээсээ салбарлуулж ижил хүйстний гэрлэлтийн хуулийг гаргах нь зөв болов уу.

-Чуулганы нэр “Гэр бүлийн үнэ цэнэ”. Судлаачийн хувьд гэр бүлийн үнэ цэнийг та юү гэж тодорхойлох вэ?

-Нийгмийн харилцааг дагаад гэр бүлийн олон талт харилцаа бий болсныг дээр цухас дурдлаа. Энэ бүхнээс үгүйсгээд байж болохгүй ч Монголын уламжлалт гэр бүлийн харилцаа эр эм хосолсон харилцаанд тогтож ирсэн. Хойшдоо ч хос гэр бүлийг илүүд үзэх ёстой. Гэр бүлийн үнэ цэнэ ч үүнд оршиж тогтноно гэдгийг залуустаа хэлмээр байна. Хос гэр бүлийн хувь багасах вий гэдэгт сэтгэл зовинож байдаг юм.

-Монгол Улс олон гадаад хүргэн, бэртэй. Гадаадын иргэдтэй гэрлэх үзэгдэл улам л газар авсаар байх шиг. Үүнийг хуульд хэрхэн тусгаж байгаа вэ?

-Гадаадын иргэдтэй гэрлэсэн хүмүүсийн эрхийг хамгаалах үүднээс олон соёлт гэр бүлийн талаарх зүйл заалтыг хуульд оруулж байгаа. Харин давхар харъяаллыг тусгах нь цаг хугацааны хувьд арай л эрт байна. Яагаад гэвэл монголчууд бид тун цөөхүүлээ. Нэг хүн ч бидэнд илүүдэхгүй. Олон соёлт гэр бүлийн хувьд дундаасаа төрсөн хүүхэддээ Монголын төлөө гэсэн сэтгэлийг бага ч болтугай суулгадаг байгаасай гэж хүсдэг. Адаглаад л тэр хүүхдүүд монголоор ярьдаг, Монголын тухай мэддэг байх нь чухал юм гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй иргэдэд дэмжлэг хэрэгтэй

Бидний уулзсан дараагийн хүн бол “Ээлтэй ертөнц”  ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал юм. Түүний удирддаг ТББ-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхчүүд нэгддэг ажээ.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд тулгамддаг хамгийн хүнд асуудал юу вэ?

-Гэр бүлийн чуулганы индрээс бидэнд тулгардаг бэрхшээлийн талаар хөндөн ярьж байгаа нь сайн хэрэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл болгонд тулгардаг нэг бэрхшээл нь тухайн гэр бүлийн хэн нэг нь заавал ажилгүй гэрт суух болдог. Бидэнд хүүхдээ асарсны тэтгэмж гэж сард 48 мянган төгрөг өгдөг. Энэ бол хэдий хэмжээний дэмжлэг вэ гэдэг нь ойлгомжтой байх. Тухайн хүүхэд нийгэмтэйгээ харьцаж чадахгүй, бие даах чадваргүй бол сард 60 мянган төгрөг нэмж олгодог. Гэтэл хөгжлийн бэрхшээтэй хүүхдүүдийн тал нь ч энэ мөнгийг авч чаддаггүй.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэдэн хувь нь тэтгэмжгүй үлддэг гэсэн үг вэ?

-Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 15 мянга гаруй хүүхэд байдаг гэсэн судалгаа бий. Эдгээрийн 5500 нь л сарын 60 мянган төгрөгийн тэтгэмж авч байгаа. Энэ бол хангалтгүй үзүүлэлт. Дээр дурдсан 48 мянган төгрөгийг олгохдоо ч цензур тогтоосон байдаг. Хүүхдийг өндөр настнаар асруулахгүй, тэтгэмж авч буй аав ээжүүд ажил хийж болохгүй гэх мэт нарийн цензур тогтоосноос болж, гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь гэрт суухаас аргагүйд хүрдэг. Тухайн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй нь үнэн юм чинь асаргааны тэтгэмжийг элдэв шалгуургүйгээр өгч баймаар санагддаг.

-Шинээр боловсруулж буй хуульд та бүхэнд нааштай зүйл заалт орж байгаа юу?

-Гэр бүлийн болон Халамжийн хуулинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхчүүдийг нийгмийн даатгалд хамруулахаар яригдаж байна. Энэ нь бидэнд их дэмжлэг болно. Насаараа хүүхдээ асарсан хүмүүс ажил хөдөлмөр хийх боломжгүй байдаг. Гэтэл хөдөлмөрлөх насандаа хүүхдээ асарсан гэж хэн ч ойлгодоггүй. Тиймээс ядаж нийгмийн даатгалд хамрагддаг болчихвол сайн л байна.

Гэр бүлийн чуулган энэ мэт олон чухал асуудлыг хөндөж байна. Гэр бүл дэх хүүхдийн эрх, ахмадуудын оролцоо, залуучуудын үүрэг гэхчилэн бүхийл асуудлыг нэгтгэсэн гэр бүлийн чуулганаас Монголынхоо 750 мянган гэр бүлд хандсан уриалгыг гаргах юм байна.

М.СУРА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж