Увсын маргааныг эцэслэх СЕХ эзэнгүй байна

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Увсын маргааныг эцэслэх СЕХ эзэнгүй байна

Бүтэн жил гаруй хугацаанд үргэлжилж буй 2012 оны УИХ-ын сонгуулийн 15-р тойрог буюу Увс аймгийн маргааныг  Сонгуулийн ерөнхий хороо  /СЕХ/ шийдвэрлэнэ гэсэн байр суурийг АН-ын зүгээс өгсөн. Тодруулбал, шүүхийн бүх процесс дуусч, МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах, штабын ажилтан, нэр дэвшүүлсэн намын дэд дарга нар мөнгө тараасан үйлдлийг тогтоож, долоо хүнд ял шийтгэл ноогдуулсан байгаа билээ. Тиймээс СЕХ нь Эрүүгийн шүүхийн шийдвэрийг үндэслэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэсэн шийдвэр гарсныг АН-ын удирдлагууд болон АН-аас Увс аймагт нэр дэвшигчид албан ёсоор мэдээлсэн юм.

СЕХ одоо Тойргийн хорооны холбогдох тогтоолын хүчингүй болгож, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.34-т заасны дагуу УИХ-ын гишүүний мандатыг хүчингүй болгох, санал хураалтын дүнг гаргаж, УИХ-ын гишүүнээр сонгогчдын нэрийг шинээр өргөх барих асуудлыг шийдвэрлэх учиртай. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү хэмээн есдүгээр сарын 13-нд СЕХ-нд хандсан бөгөөд СЕХ нэг сарын хугацаанд шийдвэрлэнэ гэсэн ч СЕХ одоо болтол шийдвэрээ гаргаагүй байна. Энэ талаар СЕХ-ноос тодруулах гэсэн боловч тус хорооны удирдлагууд эзэнгүй байгаа учраас хариулт өгөх хүн олдсонгүй. СЕХ-ны Хууль зүйн хэлтэсээс тодруулахад “Энэ асуудлыг  СЕХ-ны удирдлагын хуралдаанаар шийдвэрлэнэ. СЕХ-ны удирдлагууд гадаадад хуралд оролцож байгаа учраас одоогоор энэ асуудлаар хуралдаагүй байна. Энэ талаар СЕХ-ны удирдлагууд тайлбар хийнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

МАН-ын намын зүгээс энэ асуудлыг СЕХ шийдвэрлэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа ч АН-ын зүгээс СЕХ энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. СЕХ МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын мандатыг хүчингүй болгох шийдвэр гаргавал хамгийн өндөр оноо авсан дараагийн хоёр гишүүн УИХ-ын гишүүн болох учиртай. Гэвч энэ асуудлаар СЕХ өчигдөр шийдвэрээ гаргах байсан ч одоо болтол СЕХ шийдвэрлээгүй байгаа бөгөөд гадаадад  хуралд явсан учраас СЕХ-ны удирдлагууд иртэл энэ асуудал шийдэгдэхгүй хэвээр үлдлээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж